Италийн Сери-А лигийн 24-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Энэ тойрогт Турины дербиг эс тооцвол томоохон багууд хоорондоо таарсангүй. Харин онцлох үйл явдал гэвэл Милан – Аталанта тоглолтод удаан хугацааны турш бэртэлтэй байсан Златан Ибрахимович эргэн ирж талбайд гарсан байв. Мөн Миланы үндсэн, өнгөрсөн улирлын шилдэг хаалгач Майк Меньян 161 хоногийн дараа талбайдаа эргэн гарчээ.
Уг тоглолтын дараа Златаны сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Златан Ибрахимович:
– Өнгөрсөн жил хагасын хугацаанд би өөрөөрөө байж, өөрийгөө мэдэрч чадаагүй ээ. Би тухайн үед их зовсон. Багийнхандаа туслахыг хичээсэн. Даанч талбай дээр байж чадаагүй. Гэмтэлтэй байхад багийнхандаа туслах хэцүү юм байна лээ. Хэдий бэртэлтэй, тухгүй байсан ч гэсэн би багийнхандаа лигт түрүүлэхэд туслахыг хүссэн. Би хүссэнээрээ бэлтгэлээ хийж чадахгүй байсан. Миний хувьд бэртэл гэмтэл авсан, өөрийн сайн найз, агентаа алдсан их хүнд жил боллоо. Энэ хугацаанд намайг олон хүн тусалж дэмжсэн. Би талбайд гарч тоглож эрх чөлөөг мэдэрсэндээ баяртай байна. Би үүнийг тодорхой хугацаанд өгүүлж байлаа.
– Хэзээ тоглолтод тогтмол оролцох вэ?
– Би үргэлж тоглолтын эхнээс төгсгөл хүртэл тоглохыг боддог. Талбай дээр 5-10 минут тоглох дургүй ээ. Энэ бол миний хэв маяг биш. Би талбай дээр илүү их тоглож багтаа илүү ихийг зориулж чадна. Бид нарын өдөр бүр хийх ёстой зүйл гэж бий. Бид бол залуу баг бөгөөд цааш өсөж хөгжих ёстой. Багийн зорилго бол өнгөрсөн улирлаасаа илүү ихийг хийж бүтээх. Чи Милан шиг багт тоглож байгаа бол чи түүхийг бүтээх хэрэгтэй. Би энэ улирлын 6-7 сарыг тоглож чадаагүй өнгөрүүлсэн. Би бэлтгэлд оролцохгүй сайн эмчилгээгээ хийлгэж гам барихыг шийдсэн. Зарим нэг хязгаарыг үл харгалзан би багийнхандаа чадахаараа туслахыг хичээсэн. Би бэлтгэлдээ бүрэн орж эхлэх үед багийнхан маань эргэн зөв замдаа орохын тулд яах ёстойгоо мэдсэн.
– Милан лигийн аварга болох уу?
– Энэ жил аварга болох хэцүү байх. Гэхдээ юмс хэрхэн өөрчлөгдөхийг харж байж болъё. Миний бодлоор Наполи энэ жил аварга болох болов уу.
– Таны зорилго?
– Багт тусалж өөрийн хийх ёстой зүйлээ хийх. Би дасгалжуулагчийг дуудсан үед бэлэн байх ёстой. Баг дотроо чухал, хэрэгтэй хүн мэтээр мэдэрч байна. Миний мөрөн дээр том үүрэг хариуцлага байна. Намайг анх багт эргэн ирснээс хойш бид олон амжилтад хүрсэн. Багийнхантайгаа байхгүй байсан үеэр тэднийг шахах хүн байгаагүй. Харин одоо тэднийг дахин шахах болно.
– Багт хямрал тохиогоод байна уу?
– Бид одоогоор бага зэргийн эерэг, сайхан цагийг туулж байна. Хонгилын үзүүрт гэрэл тусаж байна. Улирлын үеэр сайн, муу үеүд байдаг. Чи унасан бол эргэж босож өөрийн зорилгынхоо төлөө тэмцэх хэрэгтэй. Миний бодлоор бид зөв замдаа явж байна. Гэхдээ бид бүрэн амарч болохгүй. Чи хүнд бэрх цагийг туулж байх үедээ сайн цаг үеэс муу цаг үе руу ямар хурдан шилжиж болдгийг ойлгоно. Бид өөрсдийн муу цаг үеэсээ суралцах ёстой. Цаашдаа шаргуу ажиллаж, биеэ сайн эмчилж, амжилт гаргахын төлөө зүтгэх хэрэгтэй.