НЭМЭЛТ:
Монгол Улсаас орогнол хүссэн халимаг иргэн зургаан хоногийн дараа Өмнөд Солонгос улс руу өнөөдөр /2023.3.1/ нисчээ. Тэрбээр цаашаа АНУ-д хүрэх зорилготой байгааг эх сурвалж мэдээллээ.
Гадаад паспортных нь хугацаа дууссанаас шалтгаалж Чингисхаан олон улсын нисэх онгоцны буудалд хилийн алба нэвтрүүлэхгүй байгаа талаар халимаг иргэн өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. Тухайн хүнийг Бормагнайн Баатар гэдэг бөгөөд дэлхийн монголчуудын дунд ардчилал, хүний эрх, үндэсний цөөнхийн төлөө тэмцэл, үйлсээрээ нэрд гарсан нэгэн. Тэрбээр цахим хуудастаа мэдээлэл нийтэлснээс хойш олны анхаарлыг ихэд татаж байгаа. Б.Баатар Казахстанд саатуулагдсанаас болж паспортын хугацаа нь дууссан аж. Гэхдээ хууль эрхзүйн баримт бичгүүд болон олон улсын хуулиар тухайн хүнийг дүрвэгч гэх статуст хамааруулж, хамгаалалтад авах нь зүйтэй талаар судлаачид болон хуульчид байр сууриа илэрхийлж байгаа юм. Тэгвэл холбогдох албаныхан түүний асуудлыг шалгаж байгаа эсэх, орогнол хүссэн хүсэлтийг хариуг хэзээ өгөх талаар тодрууллаа.
ГХЯ: ХАЛИМАГ ИРГЭН ХИЛИЙН БАРИМТ БИЧГИЙН ЗӨРЧИЛТЭЙ БАЙСАН
Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр ОХУ-ын иргэн хугацаа нь дууссан хүчин төгөлдөр бус паспорттой орж ирэх гэж оролдсон. Энэ нь хилийн баримт бичгийн зөрчил гэсэн үг. Тиймээс олон улсын гэрээ конвенцын дагуу буцаах шаардлага тавьсан боловч өөрөө буцахгүй гэсэн юм билээ. Энэ асуудал нь хилийн зөрчлийн асуудал тул Хил хамгаалах ерөнхий газраас тодруулах нь зүйтэй.
Хил нэвтрэх бичиг баримтын зөрчил тул эрх бүхий байгууллагууд нь зарчмын шаардлагаа л тавьж байгаа.
Ийм зөрчилтэй бол аль ч улсын, ямар ч иргэн байсан бүгдэд адилхан шаардлага тавьж ажиллана. Тиймээс асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.
ХХЕГ: ТҮҮНИЙГ АЛМАТАГИЙН ОНГОЦОНД БУЦААГААД СУУЛГАХ ГЭСЭН УЧИР ЭСЭРГҮҮЦСЭН
Хил хамгаалахын ерөнхий газрын хурандаа Д.Энхтайван:
-2023 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Алмата-Улаанбаатар чиглэлийн Хүннү Эйр онгоцоор ирсэн нэр бүхий иргэний гадаад пасспортын хугацаа дууссан байсан. Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжоор зорчигч, тээврийн хэрэгслийн бичиг баримтын хүчин төгөлдөр байдлыг шалгаж нэвтрүүлэх үүрэгтэй. Гэтэл тухайн зорчигчийн пасспортын хугацаа хүчин төгөлдөр бус учир нэвтрүүлээгүй.
Тухайн иргэнийг Хүннү Эйр компани буцаах үүрэгтэй. Чикагогийн конвенцид зааснаар бичиг баримтын зөрчилтэй зорчигчийг тээвэрлэж ирсэн компани нь буцаах үүрэгтэй, харгалзах, халамжлах зардлыг хариуцах ёстой байдаг.
Тухайн иргэнийг Алматагийн онгоцонд буцаагаад суулгах гэсэн учир өөрөө эсэргүүцсэн. Тиймээс Хүннү Эйр компаниас нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй гэж үзээд үлдээсэн.
Хүчин төгөлдөр бичиг баримттай байсан бол бид хилээр ямар ч асуудалгүй нэвтрүүлнэ. Бичиг баримт нь хүчин төгөлдөр бус учир нь бид саатуулсан.
Улс төрийн орогнол хүссэн эсэх ХХЕГ-т хамаарахгүй. Бид орогнол хүсэх хүсэлт хүлээж авахгүй. Тийм чиг үүрэг байхгүй. ХХЕГ зөвхөн хилээр нэвтрэхэд шалгах, нэвтрүүлэх үүрэгтэй.
ИНЕГ: ТУХАЙН ИРГЭНИЙ ӨМНӨ БИД ЯМАР НЭГЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ
Иргэний нисэхээс тодруулахад тухайн иргэний асуудалд ямар нэгэн хариуцлага хүлээх боломжгүй. Тээвэрлэгч авиа компани “Хүннү Эйр”-ээс шаардлагатай мэдээллийг авах нь зүйтэй. ИНЕГ-т орогнол хүсэх эсэх мэдэгдэл, хүсэлт огт хамааралгүй гэлээ.
ХЭҮК: ШААРДЛАГАТАЙ БҮХИЙ Л АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАСАН
Хүний эрхийн үндэсний комиссоос халимаг иргэнд шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлж ажилласан гэлээ. Гэхдээ хүний эрх, нууцад хамааралтай зарим асуудал байгаа учир ямар ажлыг хэрэгжүүлсэн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Тухайн иргэн өчигдөр /2023.03.01/ Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан.
Монгол Улс дүрвэгчдийн конвенцид нэгдэж ороогүй. Женевийн конвенц ч хамааралгүй.
Тиймээс тухайн иргэний асуудалд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажилласан гэсэн юм.
Цахим хуудаст мөн тухайн иргэнийг өнөөдөр буцаах талаар мэдээлэл гарсан. Гэхдээ албаныхан одоогоор хариу өгөх боломжгүй гэх хариултыг өглөө.
Холбоотой мэдээ