Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн плей-оффын тоглолтууд маргааш/2023.03.02/ “UG” аренад эхэлнэ. Амжилтаараа улиралд тэргүүлсэн эрэгтэй найм, эмэгтэй дөрвөн баг аваргын цомын төлөө үлдээд буй.
УЛААНБААТАР АМАЗОНС – ОТИС ШИЛҮҮСНҮҮД
Улирлыг ганцхан хожигдолтой өндөрлүүлсэн Амазонсын эсрэг Кристал Томас болон бүх оддын шилдэг Б.Болор-Эрдэнэтэй Шилүүснүүд тулна. Хоёр баг сүүлд учраа таарахад Амазонс 80-63 гэсэн харьцаатай хожжээ. Тус тоглолтод О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Болор-Эрдэнэ нар нийлээд 52 оноо авсан. Энэ улирал дээд лигт Н.Нандинхүсэл, Б.Болор-Эрдэнэ гэсэн арван жилийн ширээнээсээ ч холдоогүй сурагч охид тун сайн байгаа. Тэднээс гадна 3х3 сагсан бөмбөгөөр олонд эчнээ танигдсан М.Цэрэнлхам, Б.Ариунцэцэг, О.Хулан тэргүүтэй тамирчид Амазонст бий.
Нөгөө талд оюутны лигийн аварга ОТИС Шилүүснүүд. Тэдний бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг байхгүй ч туршлагай төвийн тоглогч Б.Болор-Эрдэнэ болон легионер тамирчин Кристал Томас байна. Мөн урд шугамын хамгаалалт, шидэлт сайтай Э.Энэрмаа, М.Анужин зэрэг тамирчидтай.
Цувралд Амазонс илүүрхэх боломжтой ч Шилүүснүүд зөөлөн боорцог биш.
ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД – НАЛАЙХ БИЗОН
Хожигдолгүй улирлыг өндөрлүүлэх сайхан зорилго нь улирлын төгсгөлд замхарсан Уурхайчид эхний шатанд залуу, учраа олоод эхэлсэн Бизонтой таарсан. Уурхайчидын бүрэлдэхүүн, форм ямар сайн байгааг улирал эхэлснээс хойш ярьсан. Тэд өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, аварга болох гэсэн ганцхан зорилготой. Үүнийгээ ч улам батлах шиг будагтайгаа талбайгаа хүчирхэгжүүлж Кендарриус Хэмилтон гэх 27 настай, 206 см өндөртэй төвийн тоглогчийг эгнээндээ элсүүлжээ. Ингэснээр Грек дасгалжуулагчид улам л олон сонголт үүсч байна.
Харин дэмжигч олонтой Налайх Бизон цацаа цалгиа ихтэй баг гэхэд хилсдэхгүй. Ямар ч багтай тэнцүү өрсөлдөөнийг үзүүлнэ мөн хэдэн ч онооноос эргэн ирж мэдэх аюултай баг. Уурхайчидыг сандаргах нь тодорхой ч хазайлгаж чадах болов уу? Хоёр баг улиралд хоёр таарахад бүгдэд нь Уурхайчид илт давуу ялалт байгуулжээ. Гэхдээ энэ бол плей-офф.
IHC APES – ХАСЫН ХҮЛЭГҮҮД
Магадгүй энэ цуврал нэгдүгээр шатны хамгийн сонирхолтой, өндөр хүлээлттэй цуврал биз. Өнгөрсөн жилийн плей-оффд юу болсныг сагсан бөмбөг сонирхогчид мартаагүй. Энэ улиралд ч таарсан хоёр тоглолт нь хэл ам, хэрүүл шуугиан таслаагүй. Ингээд бодохоор таван тоглолт гарах энүүхэнд харагдана.
IHC Apes саяхан Тодд О’Брейныг эргүүлэн авсан. 34 настай, 211 см өндөртэй тэрбээр Хүлэгүүдийн будагтай талбай руу дайрсан тоглолтыг зогсоох үүрэгтэй. Нөгөө талаараа П.Болортулга болон Ц.Цэрэнбаатар нарын тоглох минут мэдэгдэхүйц буурахаар боллоо. Мөн Хүлэгүүд Рональд Делф гэх будагтай талбайн залууг элсүүлсэн. Аваргууд энэ улирал нэг л дутуу харагдсан. Тэгвэл Рональд тэдний хайж байсан эвлүүлдэг тоглоомны эцсийн ширхэг байв уу? Ямартай ч "Apes"-тай арай л эрт таарчихлаа.
Цувралыг хоёр багийн хамгаалагчид шийднэ гэж сагсан бөмбөг сонирхогчид ярьж байна. Даррель Саммерс, М.Өлзий-Орших нарын эсрэг Т.Мэндбаяр, О.Сэргэлэн нар тулна. Мэдээж аваргуудаас Б.Билгүүн, Ц.Азбаяр, Вүүтэн Жуниор нар, "Apes"-ээс зүтгэлтэй залуучууд нь хийдгээ хийнэ. Гол нь дасгалжуулагчдын ур ухаан хэнийг, хэрхэн тоглуулахаа шийднэ.
Холбоотой мэдээ