"Дүн тавихгүй бол боловсролын систем сайжирч, өөрчлөгдөнө"

Хуучирсан мэдээ: 2023.03.02-нд нийтлэгдсэн

"Дүн тавихгүй бол боловсролын систем сайжирч, өөрчлөгдөнө"

"Дүн тавихгүй бол боловсролын систем сайжирч, өөрчлөгдөнө"

Боловсролын багц хуулийн төслийг 2021 онд УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлыг жагсаалтад багтсан билээ.  Уг хуулийн төсөлд “Сурагчдад дүн тавьдаг тогтолцоог халж, ахиц дэвшлийг үнэлдэг болох" шинэчлэлийг оруулахаар зорьж байгаа талаар мэдээлэл гарсан. Тиймээс боловсролын системээс дүн тавьдаг тогтолцоог халах юм бол ямар өөрчлөлт гарах талаар МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, Доктор П.Нармандахтай ярилцлаа.


БАГШИЙГ ҮНЭЛЭХ ХАМГИЙН ҮНЭН ҮНЭЛГЭЭ БОЛ ХҮҮХДИЙН НҮД, ХАНДЛАГА ХОЁР ЮМ

-Боловсролын багц хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна. Хууль батлагдвал сурагчдад дүн тавьдаг тогтолцоог халж, ахиц дэвшлийг үнэлдэг болно гэж салбарын сайд ярьсан. Энэхүү эрх зүйн шинэчлэлд таны зүгээс ямар байр суурьтай байна вэ? 

-Сургалтын үнэлгээ гэдэг нь сургах, сурах үйл ажиллагааг дүгнэдэг үйл явц. Сургалтын үнэлгээнд дүн тавьдаг нь тухайн хүүхэд ямар хэмжээний мэдлэг чадвар эзэмшсэн байна гэдгийг үнэлж буй хэлбэр юм. Түүнээс биш хүүхдийг сайн, муугаар ялгах, ялгаварлах, давхарга үүсэх үндэслэл болох ёсгүй. Монголын Улсын боловсролын системд 1990 оноос хойш олон өөрчлөлт орсон. Гэвч  танхимын боловсрол үүссэн цагаас үнэлж ирсэн тогтолцоо одоог хүртэл өөрчлөгдөөгүй л байна.

Багш заасан хичээлийнхээ үр дүн, суралцагчдадаа хүрсэн эсэхийг шалгаж, тандаад өөрийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, сургалтын чанараа сайжруулах нэг хөшүүрэг болгож ашиглаж байх ёстой.

Гэтэл өнөөдөр багш  дүн тавих гэж хичээлээ заадаг, сурагчид  дүнгийн төлөө сурдаг тогтолцоо бий болоод уджээ. Тиймээс дүн тавьдаг тогтолцоог үндсээр нь халах шаардлагатай. Дүн тавих хэлбэр нь өөрчлөгдөөд байдаг боловч агуулгын хувьд өөрчлөгдөөгүй л байна. Монголын сургалтын системд үнэлгээ гэдэг зүйлийг асар их гажуудуулсан. Энэ нь эцэстээ багш, сурагчид, эцэг эхэд ачаалал, дарамт өгдөг болчихсон.

Сургалтын үйл ажиллагааны үндсэн зорилго болох мэдлэг, чадвар, хандлагыг бүрэн эзэмшүүлж чадахгүй байгаагийн 50 хувь нь багш, суралцагчийг үнэлэх үнэлгээний гажуудлаас хамаарч байна.

"Сайн сурагч-муу сурагч", "Сайн багш-муу багш", "Сайн сургууль-муу сургууль" гэх ойлголт боловсролын байгууллагын бүх шатны дүн, тооны араас хөөцөлдөх хийрхэлтэй холбогдож байгаа. Багш-сурагч, сурагч-сурагч, багш-эцэг эх, эцэг эх- сурагч, сургууль- сурагч хоорондын харилцааны зөрчлийн эх нь үнэлгээ, дүн тавих гажуудал юм. Хичээлийн үнэлгээ хэдий далд байна төдий чинээ эргэлзээ, үл итгэх байдлыг өдөөж багш сурагчийн харилцааг холдуулж байдаг. Үнэлгээний гажуудлыг дэмждэг гол хүмүүс нь мөн эцэг эхчүүд бид өөрсдөө. Эцэг эх багштай уулзахдаа ихэнхдээ хүүхдийнхээ хөгжил дэвшил, хүсэл сонирхлыг нь биш дүнг нь түрүүлж асуудаг. "Та яагаад миний хүүхдэд муу дүн тавив" гэх асуудал байнга өрнөөстэй. Яам тамгын газрын шалгалт, эцэг эхийн шахалтаас үүдэлтэй бодит бус үнэлгээ газар авсаар байна. Дүн тавих гэж хичээл заадаг, дүн авах гэж сурдаг тогтолцоог сэтгэлгээтэй нь хамт солих хэрэгтэй. Ил тод бүх ангийн хүүхэд дунд ээлжит хичээлээ үнэлж сурвал сайн. Ер нь хэдий их нууцлана төдий чинээ амьд, эрүүл харилцаа алсран одсоор байх болно.

-Тэгвэл сурагчдын ахиц дэвшлийг дүнгээс өөр ямар аргаар үнэлж, урамшуулж болох вэ? 

-Үгээр, үйлдлээр, харцаар, биеийн хэлэмжээр гэх мэт олон арга гэж бий. Үнэлэхийн өмнө урамшуулах, зэмлэх, магтах, сайшаах, егөөдөх, дагуулах, үлгэрлэх байж болно шүү дээ. Монголчууд дээр үеэс аман үгээс илүүтэй биеийн хэлээр хүнийг сургаж хүмүүжүүлж байсан. Кембрижийн, Финландын гэх зэргээр гадны боловсрол сайн л гээд шуураад байдаг. Гэвч монголчууд өөрсдөө нүүдэлчдийн өнгө, амт шингэсэн уламжлалт боловсролын системтэй улс. Тэнд авах юм их бий. Үнэлж чадахгүй байгаа хандлагыг тэнд үнэлж чадаж байгаа. Хүүхдийг аль болох үг, үйлдлээр дэмжиж  урамшуулж, магтаж, зэмлэж байгаа.

Үнэлгээ гэдэг зүйлийг болж өгвөл яс тооноос салгах нь чухал. Үнэлгээ нэг талаараа шалгалт тул энэ нь багш, сурагчдын сэтгэл зүйд асар их дарамт бий болгодог.

Багш сурагчаа шалгадаг бол багшийг яамнаас шалгадаг. Шалгалтын үр дүнд сургалтын чанар сайжирч байна уу, гэвэл үгүй. Олимпиад болон ЭЕШ-д хүүхдүүд өндөр оноо авсан тохиолдолд багшийг шагнаж, алдаршуулдаг. Энэ тогтолцоо их буруу. Үүнээс шалтгаалж, багш нар  өөрийн сайн гэсэн хүүхдүүдээ олимпиадад бэлдчихээд бусад хүүхдийг, массын сургалтаа орхигдуулах муу үр нөлөө үүсээд байна.

Багшийг үнэлэх хамгийн үнэн үнэлгээ бол хүүхдийн нүд, хандлага хоёр юм.

Тухайн ангийн бүх сурагч “Миний багш” гээд хүлээж авч байвал тэр сайн багш. Гэвч өнөөдөр олимпиад, ЭЕШ-д өндөр оноо авахуулсан багш сайн багш гэж сурталчилж, шагнаж урамшуулж бусдаас нь ялгаж байна. Энэ их буруу. Үр дүн нь сурагчаасаа татгалздаг багшийг төрүүлж байна. Тухайлбал, хүүхэд монгол хэлний хичээлээр ЭЕШ өгөх хүсэлтэй байсан ч багшийн зүгээс татгалзах тохиолдлууд байна. Учир нь ангийн амжилт, миний амжилтыг доош татна гэсэн үзэлтэй нь холбоотой. Хүүхэд муу хэмээн дүгнүүлсэн ч дотроо байнга тэмцэж байдаг. Багш нар  хоорондоо үнэлгээ, мундаг багш нэрийн төлөө өрсөлддөг болж. Сургалтын чанар, хүүхдийн чадварыг бодитоор үнэлж чаддаг багш цөөн болсон. Голлох шалтгаан нь боловсролын системийн гажуудалтай холбоотой.

"ДҮН ТАВИХАА БОЛИВОЛ СУРГАЛТЫН СИСТЕМИЙН ҮНДСЭН ЗОРИЛГО ХАНГАГДАНА"

-Сурагчдад дүн тавьдаггүй тогтолцоо руу шилжвэл боловсролын салбарт ямархуу өөрчлөлт гарах бол? 

-Хэрвээ энэ систем рүү шилжвэл багшийн ажлын ачаалал эрс багасна. Тооны төлөөх өрсөлдөөн үгүй болно. Сургалтын үндсэн зорилго хангагдана. Бодит үр дүн харагдаж эхэлнэ. Багшийн ажлын 60 хувь нь бичиг цаас, бичиг цаасны нэлээд хувь нь үнэлгээ түүний эргэн тойрон дахь мэдээллүүдийг хэн нэгэн рүү явуулах, үзүүлэх, бөглөхөд холбогдоно.

Гарааны үнэлгээ, явцын үнэлгээ, улирлын үнэлгээ, эцсийн үнэлгээ, бүлгийн үнэлгээ, ур чадварын үнэлгээ, сэдвийн үнэлгээ… нэг л их үнэлсэн улс. Энэ нь багшийн ажлыг үнэлэхээр гажуудал үүсгэж байна.

Гарааны үнэлгээгээр сурагчдыг байгаагаас нь худал үнэлэх магадлал бий. Тухайлбал, B түвшний хүүхдийг зориудаар C түвшинтэй гэж үнэлдэг. Учир нь B сурч буй хүүхдийг A түвшинд хүргэж чадаагүй гэж багшийн цалингаас хасдаг тул гарааны үнэлгээгээр суралцагчдын түвшинг аль болох доогуур үнэлээд тухайн хүүхэд сайжирч байгаагаар харагдуулах юм бол багш ажлаа сайн хийж байна гэж үзэх болж. Боловсролын яамны зүгээс боловсролын чанар сайжирч, шинэчлэгдэж байна, багшийн бичиг цаасны ажил хөнгөрсөн гэдэг ч угтаа цаас биш цахим болж л хэлбэр өөрчлөгдсөн төдий. Энэ хуулийн шинэчлэл хийгдэж эхэлбэл зарим талаараа боловсролын системд эерэг өөрчлөлтийг ч өгөх магадлалтай. Ялангуяа бага ангийн сурагчдыг дүнгээр үнэлэхээ болих хэрэгтэй.

Уран зохиол, нийгмийн ухаан, түүх, ёс зүй, эрүүл мэнд, биеийн тамир, хөгжим, технологи гэх мэт хичээлүүдийг дүнгийн үнэлгээгүй болгож болно. Эдгээр хичээлүүд хувь хүнд зүрх сэтгэлийн боловсрол, хүмүүжлийг олгож байдаг.

Дэлхийд хандлагыг оновчтой үнэлж чадахгүй л байна. Учир нь хандлага хүний зүрх сэтгэлээс гардаг. Зүрх сэтгэлийг үнэлэх боломжгүй. Дүн тавихаас илүүтэй хүүхдийг урамшуулж, магтаж, үе тэнгийнхнээр нь үнэлүүлж л байвал тэр хамгийн сайн, зөв үнэлгээ. Олон эерэг зүйлсийг дагуулна. Багш суралцагчийн харилцаа сайжирна, сурах эрмэлзэл дүүрнэ, товчхондоо аль аль нь амарна. Ер нь сурагчдыг дүн тавьж үнэлэхээс илүүтэй урамшуулж, сэтгэл зүйг нь дэмжих хэрэгтэй.

-Дүнгээс болж эцэг эх, багш, хүүхдийн дунд үл ойлголцол үүснэ. Үүнээс болоод хүүхдүүд сургуулийн орчны болон ар гэрийн дарамтад өртөх нь цөөнгүй шүү дээ?

-Орчин үед эцэг эх хүүхэд, багш хүүхэд хоорондын харилцаа улам л алсраад байна.

Хүүхэдтэйгээ харилцдаггүй, сургадаггүй, анхаардаггүй зүгээр л "тэжээдэг" болсон байна. Уг нь хүмүүжүүлэх үүрэгтэй.

Үнэтэй сайн сургуульд явуулж байна, хэрэгцээтэй бүх зүйлийг нь авч өгч байгаагаа эцэг эхийнхээ үүргийг сайн биелүүлж байна гэж үзэж сайн дүн л нэхдэг ээж аавууд олширч. Мөн ЕБС-ийн ашиглаж буй сурах бичгийн агуулгын дийлэнх хувь нь асуулт, дасгал, даалгавар, тест буюу үнэлгээний зүйлс байдаг. Энэ нэг зүйл хэлээд байна. Бид үнэлэх системээ үндсээр нь халж, дүн тавих хандлагаасаа татгалзмаар байна. Манай боловсролын систем чанартай боловсрол олгох гэхээс илүүтэй дүн тавихыг дэмжсэн механизмтай.

"ДҮН ТАВИХГҮЙ БОЛ СУРГАЛТЫН ЧАНАР ЭРС САЙЖИРНА "

-Хэрэвзээ сурагчдад дүн тавьдаггүй болчихвол хүүхдүүд өөрсдийн үнэ цэнийг илүү ухамсарлаж, хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулах, сэтгэл санааны дарамтад өртөх нь буурах байх, тийм үү?

-Бүх анги, бүх хичээлд сайн, муу, дунд сурагч гэж үнэлээд үүнийг байх ёстой зүйл гэж ойлгоод байдаг. Энэ тогтолцоог халах хэрэгтэй. Ангийн муу статустай сурагч дотор сэтгэлдээ байнга эмзэглэж, сайн сурагч болох эрмэлзлээ тээсээр л байдаг. Гэтэл хичнээн хичээгээд ч муу  үнэлгээтэй үлдэх нь бий. Энэ үнэлгээний хоцрогдсон, хүнд тогтолцоог давж гарч чадахгүйгээс. Эндээс хүүхдийн хүсэл тэмүүлэл байхгүй болж, өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхээ больдог. Багш нар ч хэвэнд цутгагдчихсан, тогтсон системийн дагуу ажилладаг. Нэг ёсондоо сурагч нартайгаа адил үнэлгээндээ баригдчихсан л хүмүүс бий.

-Нөгөө талаар дүн тавихаа больчихвол хүүхдүүд улам залхуу болж, хичээл номдоо шамдахгүй байдал үүсэх юм биш үү? 

-Харин ч илүү дуртай болж тэмүүлж, үнэн сэтгэлээсээ хичээж эхэлнэ. Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт болон хичээлүүдэд дүн тавих нь зүй ёсны хэрэг. Хүмүүнлэг, боловсролын салбарын хичээлүүдээ үнэлгээгүй болгох хэрэгтэй. Дүн тавьдаг тогтолцоог халах юм бол багшийн ажлын ачаалал эрс багасч, дүн тавих ялт үүргээс чөлөөлөгдөж хүүхдүүдийн сургалтын чанарын төлөө ажиллаж эхлэх болно. Дүнг багш биш боловсролын хүрээлэн, яам тамгын газраас нь улиралд нэг буюу цөөн удаагийн том шалгалтаар тавьдаг байж болно шүү дээ. Багшийг ээлжит хичээл дээрээ дүн тавих үүргээс чөлөөлөх л юм бол сургалтын чанар эрс сайжирна. Хүүхэд ч амарна, багш ч амарна.

Зарим хүүхэд дүн нь чанараасаа илүү хэрэгцээтэй болохоор цөөн хичээлд хүчээр дуртай болсон байдаг. Манай багш нар хичээлийнхээ агуулгад сурагчдаа дурлуулж чадна. Энэ чинь л багшийн ажлын гол үр дүн, амжилт.

Үүнийг нь  үнэлэх хэрэгтэй. Хичээлд хүүхэд сонирхож, дурлах олон зүйл бий. Хүүхэд биеийн тамирын хичээлд илүүтэй дуртай байдаг. Яагаад гэвэл хөшсөн биеэ амрааж гүйж харайх хэрэгцээгээ нөхөж чадах учраас. Түүнтэй адил уран зохиол, түүх, иргэний боловсрол гэх мэт олон хичээл хүүхдийн оюун тархийг амраах боломжтой. Хүүхэд маш дуртай байх болно. Үүнийг бодитоор гаргаж чадах юм бол боловсролын систем хөгжих хандлага руугаа явна гэсэн үг. Гэвч одоогийн боловсролын систем хуучин системээрээ л явж байгаа.  Өнгөрсөн жилүүдэд хэлбэр төдий өөрчлөлт хийсэн боловч  агуулга, чанарын хувьд өөрчлөлт ороогүй.

"БАГШ НАР БАЙНГА ДҮГНҮҮЛЖ, ҮНЭЛҮҮЛЭХЭЭС ЗАЛХАЖ, БАГШИЙН ХОМСДОЛД ОРСОН"

МУБИС-д элсч, багш болж буй хүмүүст их шүүмжлэлтэй хандах болжээ. Энэ ч утгаараа МУБИС-ийн нэр хүнд нэлээд унасан. Тухайлбал, ЭЕШ-д хамгийн муу оноо авсан, арван жилдээ таруухан суралцдаг хүүхдүүд МУБИС руу орж багш болдог гэх шүүмжлэл гардаг Энэ нь боловсролын уналтын нэг шалтгаан болж байна уу. Ер нь багшаар суралцахыг зорьж буй залууст ямар шаардлагыг тавьж элсүүлдэг вэ?

-Энэхүү асуудал нь  чөлөөт зах зээлийн өрсөлдөөнтэй холбоотой ойлголт юм. Их, дээд сургуулиуд аль болох их оюутан элсүүлж, төлсөн төлбөрөөр нь санхүүжилтээ босгодог. МУБИС-ийн зүгээс багшийн чанарыг сайжруулж, сайн оюутан элсүүлье гэдэг ч элсэгч цөөхөн байдаг. Үүний шалтгаан нь багшийн үнэлэмж, цалин муутай холбоотой. Энэ асуудал  үнэлгээтэйгээ бас л уялдаж байдаг. Багш хүүхдүүдийг сайн, муугаар ялгаж дүн тавихад онцгойлон анхаарч үүгээрээ далайлгаж, айлгадаг нь магадгүй таалагддагүй байгаа учраас байж болно. Нөгөөтэйгүүр нүдэн дээр нь багшийнх нь их ачаалал, ядралт харагдаж байгаа.  Хүүхэд, залуус багшийн мэргэжлийг үнэлэхээ больсон. Залуу гэлтгүй багш нар Өмнөд Солонгос яваад дуусч байна. Улс даяараа багшийн хомсдолд орсон. Багш шантарч байна, багш байнга дүгнүүлж, үнэлүүлж сайн муугийн хэмжүүрт орж байгаагаасаа залхаж байна. Олимпиадад сайн байр эзлэхгүй л бол муу багш, ЭЕШ-д хүүхэд сайн үнэлгээ аваагүй бол муу багш. Цоллож бас дарамталж байна.

Төсвийн хувьсах зардлын хүрээнд багш нарын дундаж цалин 1.6-1.8 сая төгрөг болж нэмэгдсэн гэсэн мэдээлэл байсан. Яг бодитоор хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ?

-Багш нарын дундаж цалин 1.3 сая төгрөг байгаа. Гэхдээ энэхүү 1.3 сая төгрөг гурван жилийн өмнөх цалинтайгаа адилхан гэсэн үг. Учир нь ам.долларын ханш өсЧ, төгрөгийн ханш буурч байгаа нөхцөлд ямар ч үр дүн байхгүй. Тиймээс багш нарын цалинд дорвитой  өөрчлөлт ороогүй. БНСУ-ын багш нарын цалин монгол мөнгөөр 10 сая төгрөг мөн цагийн ачаалал нь бага байдаг. Монголд багш нарын цалин сая гаруй төгрөг атлаа ажлын ачаалал өндөр. Багшийн ажил гэдэг их хэцүү. Өдөрт ордог ангиар нь тооцвол 200 гаруй хүүхдийн нүдэн дор ажилладаг. Мөн дээд шатны дарамт шахалтыг хамгийн их мэдэрдэг хүмүүс юм.

Г.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж