“Хавдар ханиад шиг биш, урьтал үе шатыг дамждаг”

Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

“Хавдар ханиад шиг биш, урьтал үе шатыг дамждаг”

“Хавдар ханиад шиг биш, урьтал үе шатыг дамждаг”

Эмгэг судлалын үндэсний төвийн Эс судлалын эрт илрүүлгийн албаны дарга, анагаах ухааны магистр Б.Ганзоригтой эмгэг судлалын тусламж үйлчилгээний талаар ярилцлаа.


-Эмгэг судлалын үндэсний төв /ЭСҮТ/ иргэдэд ямар тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-Эмгэг судлалын төв 90 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 1933  онд Эмгэг судлалын алба нэртэйгээр байгуулагдсанаас хойш түүхэн үе шатуудад өөр өөр нэршилтэй байсан. Манай төв нь үндсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, Монгол Улсын эмнэлгийн нас баралтад хийж буй эмгэг судлалын задлан шинжилгээг хийдэг. Хоёрдугаарт, хавдар, хавдрын урьтал эмгэг, бусад өвчнүүдийг эд, эсийн түвшинд оношилдог амьд сорьцын шинжилгээг хийдэг. Үүнд нь биопси буюу эд, цитологи буюу эсийн шинжилгээ багтдаг. Түүнчлэн, ЭСҮТ нь сургагч байгууллага учраас төгсөлтийн дараах сургалтад голчлон анхаарч ажиллаж байна. Тухайлбал, эмгэг судлаач эмчийг бэлтгэдэг резидентийн хоёр жилийн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран эмгэг судлаач эмч нарыг бэлдэж байгаа. Мөн төрөлжсөн мэргэжлийн сургалтуудыг явуулж байна. Үүнд хүүхдийн эмгэг судлаач эмч, эсийн судлаач эмч буюу зургаан сарын сургалтыг хариуцаж явуулдаг.

Эд, эсийн түвшинд шинжилгээ хийхийн давуу тал, ач холбогдлын талаар юуг хэлэх вэ. Эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд танай төв ямар оролцоотой ажиллаж байгаа вэ?

-Эд, эсийн шинжилгээгээр аливаа нэгэн өвчин эмгэгийн эцсийн оношийг тавьдаг. Бидний мэддэгээр компьютер рентген, эхо, MRI нь дүрсийн шинжилгээ юм. Өөрөөр хэлбэл дүрсэн дээр оношилгоо хийгддэг гэсэн үг юм. Харин эцсийн оношилгоог тухайн эд эрхтнээс эд, эсийн шинжилгээг авч микроскопоор эсэд нь ямар өөрчлөлт орсныг нүдээрээ харж, эцсийн оношийг тавьдаг. Хавдар бол зөвхөн Монголд бус дэлхийд тулгамдаж буй асуудал хэвээр байна. Хавдар бол өнөөдөр тусаад маргааш нь хүндэрдэг ханиад шиг зүйл биш. Хавдрын урьтал эмгэг гэж бий. Хавдар дөрвөн үе шаттай. Тэгэхээр хавдар үүсэхэд урьтал эмгэгийг дамжин өнгөрөхөд дунджаар 10-15 жил зарцуулдаг. Иймд, тухайн өвчтөн жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаад байх юм бол хавдраас сэргийлэх бүрэн боломжтой. Өнгөрсөн 2022 оны тавдугаар сараас эхлэн улс даяар Эрт илрүүлэг шинжилгээ хийгдэж байна. Ингэхдээ, иргэдийг насны хувьд ангилж, тохирох шинжилгээг хийж байгаа. Үүнд, Эмгэг судлалын үндэсний төв нь умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээг хийхэд хамтран ажиллаж байна.

Жишээ нь эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээг эрт оношлуулснаар бүрэн эдгэрэх боломжтой юу?

-Умайн хүзүүний эрт илрүүлэг шинжилгээ даатгалаар үнэ төлбөргүй хийгддэг. Тиймээс тухайн иргэн өрхийн эмнэлэгтээ хандах хэрэгтэй. Умайн хүзүүний хорт хавдар Монгол Улсад тулгамдсан асуудлын нэг юм. Зөвхөн эмэгтэйчүүдийн хавдар мөртлөө хорт хавдрын өвчлөлийн хоёрдугаар байрт ордог. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Яагаад гэвэл, хавдар болоход дунджаар 10-15 жил байдаг. Тиймээс жилдээ нэг удаа эсийн шинжилгээ өгснөөр эсийн түвшинд хавдыг оношилдог. Хавдар бол олон хүчин зүйлээс хамаардаг. Тэр дундаа умайн хүзүүний хорт хавдар хүний хөхөнцөр вирусаар үүсгэгддэг. Хөхөнцөр вирусийг эсийн шинжилгээ болон ПСР шинжилгээгээр илрүүлдэг. Хүний хөхөнцөр вирус нь дэлхий даяар 200 гаруй хэв шинж оношлогдсоноос 30 гаруй нь өндөр эрсдэлтэй нь тогтоогдсон. Тиймээс өндөр эрсдэлтэй 30 гаруй хэв шинжийн аль нэг хэв шинжийг оношилсон тохиолдолд тухайн хүнд хорт хавдар үүсэхээс өмнө оношлох боломжтой.

ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛ МОНГОЛД ӨНДӨР БАЙНА

Танай төв жилд дунджаар хэнчээн сорьцод шинжилгээ хийж байна вэ. Үүнээс нийт хүн амын дунд зонхилон ямар өвчин түгээмэл оношлогдож байгаа вэ?

-Эмгэг судлалын үндэсний төв жилд дунджаар эдийн 10 мянга, эсийн таван мянган шинжилгээ хийдэг. Эсийн шинжилгээг онцолж яривал, бид улсын хэмжээний үндэсний төв эмнэлэг учраас найман дүүрэг, 21 аймгийн эмнэлэгт мэргэжил аргазүйн зөвлөгөө өгдөг. Дунджаар нэг аймаг, нэг дүүрэгт жилдээ таван мянган эсийн шинжилгээ хийгддэг. Тэр болгонд манай төв мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг. Бид аймаг, дүүргийн эмнэлэгт очиж ажиллаж чадахгүй ч гэсэн тухайн эмч нарын үйл ажиллагаа хэр чанартай вэ, онош нь хэр баталгаатай вэ, хариу нь үнэн зөв байгаа  юу эсэхийг жил тутамд гадаад үнэлгээгээр хянадаг. Хэрвээ тухайн эмнэлэг хангалттай үнэлгээ авсан байвал үйл ажиллагаа нь хэвийн явагдах мөн магадлан итгэмжлэх шалгуурт багтдаг. Эдийн шинжилгээний өвчлөлийн байдлыг авч үзэхэд элэгний өвчлөл Монголд өндөр байна. Хоёрдугаарт, ходоод, умайн хүзүү, уушги, улаан хоолой, хөх гэх мэтчилэн дараалалтай. Жил бүрийн статистик нь  Эрүүл мэндийн хөгжлийн төвд нэгтгэгддэг.

-Иргэд танай төвд шинжилгээ өгөх хүсэлтэй бол эхлээд өрхийн эмнэлэгт хандах уу. Ямар шатлалаар оношоо баталгаажуулах юм бол?

-Манай эмнэлэг нь зөвхөн эд, эсийн шинжилгээ болон задлан шинжилгээ хийдэг. Тиймээс өвчтөнүүд харьяаллын дагуух эмнэлэгтээ үзүүлж, эмч шаардлагатай тохиолдолд эд, эсийн шинжилгээг авна. Тухайлбал, хэвлий нь цардайсан хүмүүс үзүүллээ гэхэд хэвлийд нь шингэн хуримтлагдсан байх магадлалтай шүү дээ. Тэр үед мэс заслын эмч шингэн соруулж авдаг. Сорсон шингэнийг манай төвд ирүүлдэг. Түүнийг бид шинжлээд хавдар байна уу эсвэл үрэвслийн өөрчлөлт явагдаж байна уу гэх мэтчилэн ялгаж буцаад тухайн эмнэлэгтээ хариугаа өгдөг. Өөрөөр хэлбэл, өвчтөн тухайн эмнэлэгтээ харьцаад явчихна. Эмгэг судлалын үндэсний төв нь Эрүүл мэндийн сайдын А93 тушаалын дагуу ажилладаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл зориулалтын сав баглаа боодолтойгоор тухайн эмнэлэг нь манай төвд сорьцийг зөөж авчирч өгөөд, хариуг нь бид буцаан явуулдаг.

Иргэдийн зүгээс Монголдоо оношоо тодруулж чадахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, гаднын улсыг зорих нь бий.  Энэ чиглэлээр иргэдэд ямар юуг зөвлөх вэ?

-Манай төв бүх өвчнийг оношлохын төлөө аль болох хичээж ажиллаж байна. Эмгэг судлалын төв 20 гаруй эмч, дөрвөн зөвлөхтэй ажилладаг. Монгол Улсын хэмжээнд дөрвөн зөвлөх зэрэгтэй судлаач эмч бидэнд зөвлөгөө өгдөг. Түүнээс гадна “Жайка”-гийн санхүүжилтээр 2019 онд “nanazoomer” аппараттай болсон. Уг аппарат нь бидний харж буй слайдыг скайнердаж софт болгон интернет орчинд оруулна. Бид Япон улсын Хирошимагийн эмнэлэгтэй хамтарч ажилладаг учраас тухайн слайдыг софт болгосноор Япон эмч нар Монголд байгаа мэтээр хариуг хардаг. Ингэснээр та бид хоёр шиг уулзаад нүүр нүүрээ хараад хариугаа авсантай ижил үр дүнг уг аппаратын тусламжтай авдаг болсон.

Ярилцсанд баярлалаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж