Сурвалжлага: Ул боовыг малын тэжээл болгоно

Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Ул боовыг малын тэжээл болгоно

Сурвалжлага: Ул боовыг малын тэжээл болгоно

Хүн байгаль хоёр хүйн холбоотой гэлцдэг. Гэвч хүний байгальд өргөсөн, тавьсан, асгасан, овоолсон цагаан идээ, сүү, мах шүүс хад, чулууны зай завсраар нь орж хөлдсөний нөлөөгөөр байгалийн тогтоц эмтэрч бутран хэлбэр дүрсээ алдсаар байна. Мөн дулааны улиралд гэсч муудсанаар орчны болон хөрсний бохирдол ихээр үүсдэг. Тэгвэл зарим нь тавгийн идээний ул боов, гурилан бүтээгдэхүүнээ идэж барахгүй хогийн цэг дээр хаях нь цөөнгүй.

Баянзүрх дүүрэгт нийт 113245 өрх амьдардаг. Нэг өрх дунджаар 15 ширхэг ул боовоор таваг засдаг гэж авч үзье. Эдгээр өрх хэвийн боовоо идэж барахгүй хаялаа гэж тооцоход ойролцоогоор 9 тэрбум төгрөг зүгээр хог дээр хаягддаг байна.

Тиймээс сар шинээр хэрэглэсэн  ул боовыг хог болгох бус хэрэгтэй хүнд нь дамжуулах, үгүй дээ л малын тэжээл болгох санаачлагыг Баянзүрх  дүүргийн ЗДТГ-аас гаргасан.

Тус дүүргийн хувьд цуглуулсан хэвийн боовыг хэрэгцээтэй айл өрхөд өгөхөөс гадна малын тэжээл болгох зорилготой гэнэ. Хамгийн олон хүн суурьшдаг Баянзүрх дүүргийн хувьд малчин өрх олонтой. Цаг агаарын нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэл гээд олон хүчин зүйлээс шалтгаалж, өвч тэжээлийн дутагдалтай байгаа малтай айл өрхүүдэд ул боовыг хүргэж, малын тэжээлтэй хольж, боловсруулах замаар ашиглахаар болсон талаараа тус дүүргийнхэн учирлаж байлаа.

 Баянзүрх дүүрэгт 408797 хүн оршин суудаг. Бусад дүүргийг бодвол харьцангуй хүн ам ихтэй дүүрэг. Тиймээс энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар гэж үзсэн байна.

Энэ талаар БЗД-ийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Улсболд Энэ жил өмнөх жилүүдийг бодвол цагаан сарын баяр илүү өргөн дэлгэр болж байна. Хүмүүс цагаан сараар илүү гарсан хэрэгцээгүй идээ будаагаа уул овоон дээр өргөдөг. Үүнээс үүдээд ил задгай хог хаягдал бий болж орчны бохирдол үүсч байна. Тиймээс хэрэгцээгүй болсон еэвэн, ул боовоо хаясны оронд энэ жил зуд ихтэй малд хүндрэлтэй жил болж байгаа учраас малд тэжээл болгох хэрэгтэй. 

Тиймээс энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 4-ний хооронд хэрэглэсэн ул боов авна.

Иргэд хороо хариуцсан хэсгийн ахлагчтайгаа холбогдож, энэхүү үйл ажиллагаанд нэгдэж болно. Баянзүрх дүүргийн хувьд харьцангуй хүн ам ихтэй дүүрэг. Мал аж ахуй эрхэлдэг хувь хүн болон фермерүүд их байдаг. Одоогоор хоёр, гурван газраас бидэнд хүсэлт ирүүлсэн. Энэ тал дээр манай дүүргийн Хүнс худалдааны хэлтэс болон Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс хамтран ажиллаж байгаа. Ачаа тээврийн хувьд 43 хороон дээрээ гурилан бүтээгдэхүүнээ цуглуулж авсны дараа дүүргийн “Хүнс худалдааны хэлтэс” тусгай баг гаргаад зориулалтын тээврийн хэрэгслээр хэрэгцээтэй газар нь хүргэнэ” гэлээ.

УЛ БООВЫГ ХОГ ДЭЭР ХАЯХГҮЙ ХОРООН ДЭЭР ЦУГЛУУЛНА


Хэрэглэхгүй тавгийн идээ, гурилан бүтээгдэхүүнээ өгөхийг хүссэн иргэд гуравдугаар сарын 4-ний өдөр хүртэл хариуцсан хэсгийн ахлагчтайгаа холбогдон хороон дээрээ хүргэж өгөх боломжтой.
Тус үйл ажиллагаа нь Баянзүрх дүүрэгт анх удаа зохион байгуулагдаж байгаа аж. Тэгвэл иргэд  энэхүү үйл ажиллагааг дэмжин, сайшааж байна.

Энэ үйл ажиллагааны талаар фэйсбүүкээс харсан. Би хувьдаа зөв гэж үзэж байна. Хэрэгцээгүй болсон ул боовоо хог хаягдал болгож хаяхын оронд хэрэгцээтэй нэгэнд өгсөн нь дээр гэж бодож байнахэмээн тус дүүргийн оршин суугч О.Должин хэлсэн юм.  Мөн тус арга хэмжээг сонирхож ирсэн  Б.Даваажав “Манай гэр бүлийн хувьд хэрэгцээндээ тохируулж авдаг. Идэж барахгүй уул овоон дээр хаяж байхын оронд хэрэгцээтэй газар нь өгөөд малын хоол тэжээл болгосон нь зөв” гэлээ.

Сүүлийн үед залуу гэр бүлүүд тэр бүр ууц чанаж тавихгүй ч ёс болгож таваг засч, хэвийн боов тавьдаг болсон. Гэхдээ олонх нь хэвийн боовоо идэхгүй, хамаатан саднууддаа тараагаад өгчихдөг болсон гэдгийг үйл ажиллагаанд оролцсон олон хүн учирлаж байв.

Харин А.Батжаргал “Одоохондоо энэ талаар мэдээгүй байна. Ер нь бол цагаан сараар худалдан авах хүнсээ хүмүүс өөрсдөө анх авахдаа идэж уухаа тохируулах хэрэгтэй. Ингээгүйгээс болж хэрэглээ нь ихдээд хаях асуудлууд их гарч байна. Тиймээс үнэхээр идэж чадахгүй хаяхаар бол мал ахуйд өгөх нь зөв гэж бодож байна” гэсэн юм. 

Н.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж