Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу. Одоо ч маргаантай асуудал. Тэгвэл Монголын нийгмийн “хорт хавдар” болсон авлигад хэн буруутай вэ?. Хувь хүний шунал уу, тогтолцооны гажуудал уу! Тогтолцооны гажуудал гэвэл бурхан Будда ч Монголын улстөрч болбол хулгай хийнэ гэсэн үг. Хэрэвзээ хувь хүний шунал гэвэл хэнийг улстөрч болгох нь зохилтой вэ. Үндсэндээ, нэгийг нөгөөгөөр солиод нэмэгдэхүүний байрлал өөрчлөгдөхгүй бол нэмэргүй. Нэмэгдэхүүний байрлалыг өөрчлөхийн тулд хүнээ ч, тогтолцоогоо ч өөрчлөх шаардлагатай гэсэн үг. Гэхдээ яаж?!
Гэвч, өнгөрсөн 2022 онд засаглалын хэлбэрээ тодорхой болгоно гэж МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн үг алсарсаар, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухай хоёр сэдвийн хүрээнд ҮХНӨ яригдах болов. Хамгийн гол өөрчлөлт болох Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал ахиад л ҮХНӨ-ийн гадна үлдэж байх шиг. Үүний өмнө, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг МАН хэвээр үлдээсэн нь Х.Баттулгаас айсных байв. Харин энэ удаад Ерөнхийлөгчийн хүсэл, УИХ-ын даргын ухаан, Ерөнхий сайдын эрх зориг төрсөнгүй, хүрсэнгүй юу, Төрийн тэргүүнээ парламентаас сонгох асуудал ҮХНӨ-өөр орж ирэхгүй нь бололтой.
ХҮСЭЛ БА ХЯСАЛ
Төрийн ордонд хоёр өдөр хуралдсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтаар иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, нийгмийн тулгамдсан асуудал гэх дөрвөн сэдвээр, 22 асуултад оролцогчид саналаа өгсөн. Үүнийг УИХ хаврын чуулганаараа хэлэлцэнэ.
Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатарын УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэж өгсөн зөвлөмжөөс харахад иргэд, байгууллага тайван жагсаал хийхдээ зөвшөөрөл авах биш урьдчилан мэдэгдэх журам шилжихийг уулзалтад оролцогчдын олонх нь дэмжжээ. Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн жилүүдэд “миний цагдаа” МАН-ын хамгаалагчид болсон. Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөөгөө эдэлсэн болгон цагдаад дуудагддаг, Зөрчлийн хуулиар торгууль, шийтгэл хүлээсэн тохиолдол цөөнгүй. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн Хон Хэрээдийн Б.Энхбат нар биш эсрэгээрээ эрх баригчдыг шүүмжилсэн Д.Монголхүү нар “ялтан” болсон жишээ бий.
Зөвлөлдөх санал асуулгад оролцогчид гадаад суугаа иргэд сонгуульд санал өгөх боломжийг бүрдүүлэх ёстой гэж үзжээ. Хамгийн анх бас хамгийн сүүлд 2012 онд гадаад суугаа иргэд УИХ-ын сонгуульд оролцож, Ардчилсан нам 35 суудал авч засгийн эрхийг авсан байдаг.
Өөрөөр хэлбэл, 2012 оны сонгууль пропорциональ системээр явснаар сонгогчдын санал хамгийн бага гээгдсэн гэсэн үг. 2016, 2020 оны сонгуулиар МАН нийт сонгогчдын 25, саналаа өгсөн сонгогчдын ердөө 40 хувийн саналаар засгийн эрхийг дараалан барьж байгаа билээ.
Тэрчлэн парламентын чадамжийг дээшлүүлэх, улс төрийн хатуу гишүүнчлэлээс татгалзах, бодлогын намуудтай болох, ардын хянан шалгах хороотой болох, төрийн албан хаагчид орлогоосоо гадна зарлагаа мэдүүлдэг байх гээд олон санал тусгагджээ. Иргэдийн хувьд Ардын хянан шалгах хороотой болохыг хүссэн нь арга барсан нь үйлдэл. Хууль, шүүх нь шударга ёсонд үйлчилдэг бол Ардын хянан шалгах хороо байгуулах шаардлагагүй. Төрийн албан хаагчид орлогоосоо гадна зарлагаа тайлагнах ёстой гэдэгт зуун хувь санал нэг. Орлогоосоо давсан зарлагын ард заавал нэг но байж таарна. Авлига уу, хулгай, луйвар уу?!
Харин эрх баригчдын хүсээд байсан ҮХНӨ хийхийг иргэдийн төлөөлөл дэмжсэнгүй. Үндсэн хууль төр, ард түмний тоглоомын дүрэм гэвэл тоглоомын дүрэм нь тодорхой, ойлгомжтой болгох л ёстой.
ТЭГЭЭД ПАРЛАМЕНТЫН ЧАДАМЖИЙГ ЯАЖ ДЭЭШЛҮҮЛЭХ ВЭ?
Үндсэн хуульд зааснаар Монголын төр эрх барих дээд байгууллага нь УИХ. Харамсалтай нь, төрийн эрх барих дээд байгууллагын нийт гишүүдийн 20 хувь нь гэмт хэрэгт холбогдсон нь парламент засаглалын түүхэнд хар толбо үлдээлээ. АТГ-аас А.Адъяасүрэнг хахуул өгсөн, Т.Аюурсайханыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татаж байгаагаа зарласан. Цаана нь хүчин, хүчирхийллийн хэрэгт холбогдсон нэжгээд гишүүн бий.
Тиймээс парламентын чадамжийг сайжруулах, ард түмний төлөөллийг нэмэгдүүлэхийг зөвлөлдөх санал асуулгад оролцогчид дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, парламентад байгаа хүнээ, хүнийхээ тоог нэмэх ёстой л гэж.
Хүнээ өөрчлөхийн тулд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхөөс өөр аргагүй. Жижиг мажоритори хувилбараар сонгууль дахиж явагдвал МАН-аас нэр дэвшсэн бор халзан хонь сонгогдох магадлал өндөр. МАН-ынхан өнөөдөр хамгийн мөнгөлөг, өнгөлөг, хөлтэй байгаа. Дараалсан хоёр сонгуульд ялалт байгуулж, найман жил тойргоо усалсан хүмүүс сонгогчдын саналыг гуйж биш мөнгөөр гуядаж байгаад авна биз дээ. Тэгээд дараа нь үнэмлэхүй олонх болсны үнэмлэхүй зовлон эхэлнэ, Монголд үнэмлэхүй зовлон болно. Улсаар нь доргиосон их хулгай луйвар үнэмлэхүй олонх болсны, “намайг хэн тоож, нохойг хэн саах” вэ гэж сагасны илрэл.
Тиймээс сонгуулийн холимог хувилбараар явуулах нь зөв гэдгийг Л.Оюун-Эрдэнэ ч , Г.Занданшатар ч, бусад улс төрийн намууд ч хүлээн зөвшөөрч буй.
Үндсэн хуулийн Цэцээс ч өнгөрсөн онд олны анхаарлыг татсан хоёр шийдвэр гаргасны нэг нь сонгуулийн тогтолцоо, нөгөө нь давхар дээл. Хоёуланг нь МАН захиалсан гэж харагдсан, хардагдсан.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлтээр 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явах нь нэн ойлгомжтой болсон. Гэхдээ үүнийг Үндсэн хуульд суулгаж өгөхгүй бол хэн эрх мэдэлтэй, мөнгөтэй нь Цэцэд дуугаа захиалдсан болсон нь худлаа юм биш.
Гишүүдийн тоог нэмэх нь улс орны аюулгүй байдал талаасаа ч, улс төр талаасаа ч, парламентын чадамж, иргэдийн төлөөлөл талаасаа ч цаг үеийн дуудлага шахуу болчхоод байна. 76 гишүүний 20 орчим нь хуулийн байгууллагад дуудагдсан парламент өөрөө төрийн дээд байгууллага, түмний төлөөлөл болж чадах уу. Хулгай, луйвар, хүчин, хүчирхийллийн хэрэг, дуулиан, шуугианд нэр холбогдсон хууль тогтоогчид бидний амьдралынхаа турш мөрдлөг болгодог хуулийг батлах ёсзүй бий юу. Нөгөө талаар 30 хүрэхгүй гишүүн гурван сая хүний хувь заяаг шийдэх нь зөв үү. Гэх мэтчилэн олон асуултад хариулт өгөх гарц гаргалгаа нь ҮХНӨ юм. Үндсэндээ, хүнээ ч, тогтолцоогоо ч өөрчилье гэвэл гэрээ нураахаасаа өмнө гэрээгээ шинэчлэхээс өөр арга зам алга.
Холбоотой мэдээ