Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Шашнаа өмөөрөхүй

 Шүүмж эссэ

Гэгээн Бартоломюгийн дэлгэрүүлсэн христийн шашны нэгэн урсгал тун ч гажиж муудсан байдалтай Хятадад байдаг тухай 17-р зуунд христийн лам Николас Тригаулт бичиж байжээ. Тэр ‘гажиж муудсан христийн шашин’ нь үнэндээ Японд Жодо, Солонгост Чонгто, Въетнамд Дао транг хэмээн нэрийддэг ‘Чинг-Ту’ шашин байсан бөгөөд 5-р зуунд Хятадад үүссэн Бурханы шашны нэгэн урсгал юмсанж. Гэгээн Бартоломюгийн үндэсэлсэн гэж эндүүрсэн нь ч Чинг-Ту урсгалын голлон шүтдэг Авид бурханы нэр Хятадад А-ми-то хэмээн дуудагддaгийг Николас Тригаулт ямар нэгэн байдлаар Толомэ гэж сонссоных гэнэ. Нөгөөтэйгүүр, Чинг-ту шашинд Буддизмын дийлэнхи урсгалын адил  хүний өөрийн нөөц боломж, саруул оюун, сайхан сэтгэлийг тодорхой арга замаар хөгжүүлнэ гэхээсээ, гадаад хүчин зүйл болох Авид бурханаас гуйх, итгэл сүсэг төрүүлэхийг чухалчилж, үүнийг аврагдах гол зарчмын хэмжээнд үздэг нь нөлөөлөө биз. Ер нь 17-р зууныг хүртэл Азийнхны шашин шүтлэг, сүсэг бишрэлийн тухай Европын ойлголт сураг ярианд тулгуурласан төдий л байлаа. Удалгүй Европын ашиг сонирхол, эзэрхийлэл Азид ихсэхийн хэрээр Дорнын улсуудын ёс заншил, хүн зон, түүх нийгмийн талаархи мэдээллийг Христийн шашин номлохоор ирсэн элчүүд боловсруулан илгээх явдал өргөжиж ирсэн боловч, дийлэнхи зүйл дээр, жишээлбэл Бурханы шашны талаарх судалгаа нь шинжлэх ухаанч зорилго, чанар үгүй байсан тул үнэнээс хол зөрдөг байжээ. 19-р зууны геологийн шинэ ололтууд нь Библи судлалын шинэ төвшин, хувьсaлын онолын хамтаар Библид үгчлэн итгэх явдлыг оюуны тодорхой хүрээлэлд сулруулж, улмаар ‘шашин’ хэмээх нийгмийн үзэгдлийг олон талаас нь шинжлэх, хооронд нь харьцуулан судлах шинжлэх ухааны үндэс тавигдаж эхэлжээ. Буддизм судлал ийнхүү 19-р зууны дунд үеэс академик төвшинд хөгжиж эхэлсэн бөгөөд барууны судлаачдын сонирхлыг ихэд татсан зүйл бол Буддизмд дийлэнхи шашны адил Тэнгэр Бурханыг сүсэглэснээр түүний энэрэлд багтах биш, хүн өөрөө муу сэтгэлтэйгээ прагматик төвшинд тэмцэх тухай сургадаг нь байлаа. Анхлан энэ л талаараа эрдэмтдийн анхаарлыг татсан учир, хойшхи үеийн судлаачид ч Буддизмыг жинхэнэ шинжлэх ухаанч эмпирик шашин болохыг нотлохыг хичээн, энэ шашны ид шид, гайхамшигийн тухай бүхий л ойлголтуудыг Бурхан Буддатай огт холбоогүй, хожим хийгдсэн нэмэлт хачир хэмээн тайлбарлах явдал их байж. Гэвч судалгаа гүнзгийрэхийн хэрээр нэмэгдэж байсан баримт, дүгнэлтүүд нь эрдэмтдийг хийсвэр сэтгэгдлээс бодит үнэн рүү дөхүүлж, Бурханы шашны урсгалуудын хэт олон гэмээр салаалалт, үзэл баримтлалын ялгарал бүгд алив нэг шижмээр Бурхан багшийн өөрийн сургаалтай холбогддог тухай сүүлийн үед элбэг ярьдаг болжээ.  Юутай ч шашин судлал, Бурханы шашин судлал бол  нягт нямбай, олон талт, цаашилбал мэргэжлийн төвшний судалгаанд үндэслэдэг, өнөөдөр асар их хурдацтайгаар хөгжиж буй шинжлэх ухааны салбар юм. Иймээс хэн хүний нэвтэрхий толь, интэрнэтийн материал, эсвээс алив нэгэн ТУХАЙ төдийг уншаад өөрийн ургуулан бодох чадвараар чимэн дэвшүүлсэн санааг сонирхогчийн хүрээнээс дээгүүр үнэлэх боломжийг энэ салбарын өнөөдрийн хөгжил олгохгүй билээ. Монголын Бурханы шашны хэлбэр онцлог, үзэл баримтлал, түүний өнөөдрийн нөхцөл байдлын талаар тухайлан бичсэн дорвитой бүтээл өдий хүртэл гараагүй байгаа боловч нөгөөтэйгүүр нийтлэлч Баабарын бичсэнчилэн “Шашин манайд улс төрийн тоглоомд хамгийн их ашигладаг нохойд барьдаг мод” мөний тул түүнийг муучлах сайчлах, эсвэл түүний талаар гүн гүнзгий мэдлэгтэй мэт харагдах нь олон нийтлэлчдийн хүсэн тэмүүлдэг зүйлсийн нэг юм.

Би энд тэдгээр утгаар хоосорсон үгийн цуглуулгыг анзаарч үзсэнгүй бөгөөд, манайдаа нэртэй зарим нийтлэлчдийн Монголын Шарын шашны талаар бичсэн материалуудад: 1) тэдгээр хүмүүсийн олонд нөлөөлөх талыг нь бодож; 2) басхүү эргэцүүлэн тунгааж бичсэн биз хэмээн үзээд, Буддын шашин судлалын оюутны хувьд шүүмж бичихийг оролдлоо. Энэ нь ч шинжлэх ухаанч мэтгэлцээн, үнэн мөний эрэл хайгуул төдий тул, хариу эсэргүүцэн нотлох баримт мэтгэлцээн хэн хүнд буй аваас нээлттэй юм.

Баабарын ‘Шашныг өмгөөлөхүй’-н тухай

Энэ нийтлэлд маш товчдоо, шарын шашин бол Бурханы шашны “гоц дампуурсан хэлбэр” мөний учрыг нэлээн хэдэн баримтаар, жишээлбэл: 1) лам хуврагуудын хийдэг засал гүрэм дором; 2) бөөгийн шашинтай холилдсон байдал, цаашилбал 3) ерөөсөө нүүдэлчдийн, тухайлбал Монголчуудийн жинхэнэ шашны философийг ойлгох чадвар, өгөгдөл үгүй байсантай холбон тайлбарлажээ.

Үүнд эхний зүйл (лам хуврагуудын хийдэг засал гүрэм дором)-д 3-н асуудал хөндөгдөж байна: a)Ийн ном уншиж засал хийх ёс Төвд Монголоос бусад Бурханы шашны урсгалуудад байдаг эсэх; б)Ер нь Бурхан Буддагийн өөрийн сургаалийн түүвэрт байдаг эсэх; в)Ном унших нь хэрхэн тус болдог зарчим. Эхний хоёр асуулт нь цэвэр шашин судлалын, харин гуравдах нь шашны теологийн асуудал болов ч гурвууланд нь шашин судлалын хүрээнд хариулж болох юм.

a) Ном уншиж, засал гүрэм хийх ёс Бурханы шашны бусад урсгалуудад байдаг эсэх тухай

Энд би САНДЭРЛАНД-н их сургуулийн профессор, Өмнөдийн (Теревади) буюу Шри-Ланка, Бирм, Тайланд, Кампучи, Лаос зэрэг орнуудын Бурханы шашнаар мэргэжсэн Петер Харвигийн засал гүрмийн уншлагийн талаар бичсэн бүтээлүүд, мөн Калифорнийн их сургуулийн профессор,  Зүүн Азийн буюу Хятад, Солонгос, Япон, Вьетнамд дэлгэрсэн Бурханы шашнаар мэргэжсэн Раоул Бирнбаум болон бусад эрдэмтдийн  номуудад үндэслэн дэлхийн бусад Буддизм дахь засал гүрэм, уншлагын зан үйлийн талаар өгүүлье.

Өмнөдийн Буддизмд:

Профессор Петер Харви (1990) өөрийн ‘Буддизмийн Танилцуулга, Сургаал, Түүх, Практик’ номын 8 дахь бүлэгийн ‘Xамгаалах уншлага’ дэд гарчигтай өгүүлэлдээ: “Бурханы шашны бүхий л урсгал, сургуулиудад уншлага унших, сонсохыг муу зүйлээс хамгаалах хэлбэр гэж үздэг бөгөөд Өмнөдийн Буддизмд ийн уншдаг гүрмийг Парита хэмээн нэрлэнэ” гэжээ. Улмаар уг сэдвээ дагнан ‘Өмнөдийн Буддизмын Парита Уншлагийн Хүч’ (1993) хэмээх томхон өгүүлэл нийтлүүлсэн байна. Уг өгүүлэлд бичсэн зарим зүйлсийг товчилон хүргэвэл:
Парита уншлагийг голчлон лам нар энгийн хүмүүсийн сайн сайханд зориулан уншдаг бөгөөд энгийн хүмүүс уншиж болох ч лам нар уншваас илүү хүчтэй хэмээн итгэцгээдэг. Уг зан үйлийг үйлдэх үед лам нар гар гараасаа дамжуулан утас атгаж, үзүүрийг нь устай бумбаны хүзүүнд ороосон байна. Нөгөө үзүүрийг нь Бурханы лагшины шүтээнээс уясан байх бөгөөд Парита уншиж дууссаны дараа утсыг сүсэгтнүүд гарандаа зангиа болгон зүүж, харин бумбатай рашааныг лам нар хүмүүсийн алган дээр дусаан тараадаг гэжээ.
Паритаг заримдаа онцгой зорилгоор уншдаг. Үүнд: аюул гамшигийг гэтлэн давах, өвчнөөс түргэн гэтлэх, жирэмсэн эхийг хүндрэлгүй амаржуулах, адгуус амьтан болон ад зэтгэрийн хорлолийг зайлуулах, үер ус, ган зуд, гариг эрхсийн сөрөг нөлөөг бууруулах…’ зэрэг 12 зүйл тоочсон байна.

Манай тооллын эхний зуунд бичигдсэн ‘Милиндагийн асуултууд’ хэмээх сударт (өмнөдийн Бурхны шашны алдартай судар) мөн Парита-гийн нөлөө чадлийг өгүүлэхдээ: “Хазахаар зэхсэн могой амаа хамхих болно, бороохой буулгахаар далайсан дээрэмчин зэвсгээ газар хаян, хөнөөлийн оронд хүндлэл үзүүлж, ягчис тэргүүтний ч хорлол үл халдах болно” зэргээр тоочсон нь Хятад сурвалжуудтай мөн тохирч байна. Улмаар үйлийн үр, нисванисийн саад, сүсэг үгүй сэтгэл гурвыг Парита үйлчлэхгүй байх 3 шалтгаан гэжээ.

Калифорны их сургуулийн профессор Спиро (1971, 149-p тал) өөрийн судалгаандаа “дийлэнхи Бирмийн сүсэгтнүүд Паритагийн хүч нь Бурхан, түүний буян, түүний сургаалийн хүчинд байдаг хэмээн итгэдэг” гэсэн бол Харвардийн их сургуулийн профессор Тамбиах (1970, 195-96тал) “Бирмд лам нарын уншлага хурлын үед зарим лам нар (гүрмийн ном нь пали хэл дээр тул) утгыг нь ойлгодоггүй боловч ийн уншиж мөн сонссоноор адистэд, буян хурна гэж үздэг…” гэжээ.

Энэ мэт лам нарын уншдаг засал гүрмийн жишээ дэлхийн хамгийн ууган Бурханы шашин гэгддэг Өмнөдийн Буддизмд тоймшгүй олон учир “Ном уншиж засал хийдэг энэ тэнэг балай ёс анхлан үүсэж байхад амьдарч байсан Данзанравжаа эсэргүүцэн тэмцсэн учир галзуу согтуугаараа мөн ч их дуудуулж байсан аж” гэдэг нь тун ч ончгүй болжээ. Ончгүйн дээр ончгүй болгож байгаа нь мөнөөх ‘засал хийдэг тэнэг балай ёст’ -той тэмцсэн хутагт Данзанравжаа нь эрхэм Баабарийн Бурханы шашны тун ч олиггүй урсгал гэж үздэг Тантрийн шашны төлөөлөгч байсан нь  бөгөөд гүрэм заслыг харин ч нэг хийдэг байжээ. Хүрээ хамба тэргүүтний зүгээс Говийн Догшин Хутагттай үл таарах зүйл байсан гэж үзвэл, энэ нь ч Хутагтын өнгөц харваас шашны нийтийн ёс зүйд үл нийцэх явдал мөртэй холбоотой байсных. Хэрэвзээ Тайланд, Шри-Ланкад байсансан бол галзуу солиотой төдийгүй Бурханы сургаалийг уландаа гишгэгч болон харагдах байсан бизээ.

Зүүн Азийн Буддизм
 
Нийтлэлд мөн: “…Манал Бурхан ч эмчийн ёс зүйг заадаг, өнөөгийн ойлголтоор Хиппократын тангараг болохоос эмчлэн эдгэрүүлэх далдын шид үгүй. Тарвачимбо, жадамба Банзрагч гэх мэтийн номыг тангадаар нь уншихаар үл ойлгогдох тэр чимээг сонсоод хүнд ямар өөрчлөлт гарах вэ?” гэжээ. Дээр бичсэнчилэн, хэрхэн, ямар өөрчлөлт гардагийг тайлбарлан батлах нь теологийн асуудал болохоос шинжлэх ухааны асуудал бараг биш гэж хэлж болно. Теологийн төвшинд хойно авч хэлэлцэх тул түр орхиод, харин “шашныг мухар сүсгийн хэмжээнд л авч үзэж байсан нүүдэлчид” төдийгүй  бүхий л Бурхан шашинтан орнуудад, тухайлбал мөн нийтлэлээс Монголын Буддизмийн дэргэд жинхэнэ Их Хөлгөний Буддизм юм байна гэж ойлгогдох Хятад, Солонгос, Японы Буддизмд ч энэ мэт итгэл үнэмшил байдаг тухай  цааш өгүүлбээс:
Бирнбаум (1979, 103-p тал) Манал бурхантай холбоотой Хятадын нэлээд хэдэн өвчин анагаах зан үйлийг тайлбарлан бичжээ. Үүнд Хятадын Бурхан багшийн сургаалийн эмхэтгэлд Манал Бурханы тарнийг уншсанаар өвчин зовлонгүй, урт удаан насыг олохоос гадна үйлийн үр, нисванисийг нимгэрэхэд хүртэл тус болно гэж байдаг тухай бичжээ.
Петер Харви (189-р тал) Хятадын өвчин анагаах зан үйлд өвчтөн бээр долоо хоногийн турш 8 зүйлийн санваарыг сахиж, хуврагуудад өглөг өгч Манал бурханы судрыг долоон удаа уншуулж Манал бурханаас эдгээх увидас гуйдаг талаар бичсэн байна.

Үнэндээ Самгарди, Төвд, Монгол, Хятад гээд их хөлгөний аль ч ганжуур дээр байдаг ‘Hайман Зуут’ сударт Манал Бурханы эдгээх увдисын талаар Бурхан багш тов тодорхой айлдсан байдаг л даа. Энэ нь мэдээж, дахиад хэлэхэд Манал бурханы эдгээх ид шидтэйг батлахгүй ч ‘Их хөлгөний’ шашинд ямар ч Төвд Монголын нэмэгдэлгүйгээр Манал Бурханд ийм чадал бий гэж үздэгийг бол хангалттай батлах юм. Баабарын нийтлэлийн агуулга ч Төвдүүд, Монголчууд Бурханы шашныг гуйвуулж дайвуулсан гэх зүйл рүү чиглэгдэснээс биш, Бурханы шашны онол зөв бурууг нотлохыг оролдоогүй бизээ. Зөвхөн Маналын судар ч гэлтгүй өөр гүрмийн уншлагаараа Зүүн Азийн Буддизм Теревада Буддизмээс илүү гарна уу гэхээс дутна гэж үгүй. Миний нийтлэлийн эхэнд дурдсан Чинг-Ту урсгалын талаар дурдсаны ч хэрэггүй гэж бодоход хамгийн их өөрөөсөө гэгээрлийг хайдаг Чан Буддизмд ч ‘ниэн-фө’ хэмээх уншлага байдаг байх юм. Ер нь тарни унших, ингэснээр ойлгосон ч бай эс ойлгосон ч бай ямар нэгэн байдлаар уншаачид тус болно гэсэн ойлголт бүх Буддизмын урсгалуудад байдаг гэнэ. Энэ тухай Петер Харви өөрийн номны 182-р хуудсанд: “Чан болон Зэн Буддизмыг оруулаад Зүүн Азийн болон Умардийн (энэ нь Төвд, Монголын Буддизм юм) сургуулиудад, Паритатай төстэй Бурханы шашин болон түүнийг сүсэгтэнүүдийг хамгаалдаг уншлага, зан үйл байдаг нь ‘Тарни’ юм. Тарни нь тодорхой тайлбаргүйгээр ойлгох аргагүй Бурханы сургаалийн хураангуйлал, самгарди үг хийгээд үеүүд бөгөөд Өмнөдийн Буддистүүд ДУ СА НИ МА зэргийг эрхээр тоолон уншдагтай ижил юм” гэжээ.

Бас бусад зүйлсийн тухай
Ер нь ‘Шашныг өмгөөлөхүй’ нийтлэлийг уншиж байхад огт мэдэхгүй зүйлийхээ талаар хүн хэрхэн ийм зоригтой бичиж болдогийг, эсвээс хаанаас ямар зүйл уншаад ийн бичих болсон алинд нь гайхах ёстойгоо мэдэхэд хэцүү байлаа. Жишээлбэл: “ТАРНИ бол мунхруулга, ерөөсөө ч Буддизм ид шидийн тухай сургаагүй гэдгийг Адиша Төвдүүдэд хэлж өгсөн юм” гэснийг сая дурьдсан самгарди хураангуй үг, эсвээс Тантрын шашин бай аль ч утгаар нь бодсон үнэнээс зөрөх юм. Нийтлэгч өөрөө энэ 2-т төдийлөн ялгаатай хандаагүй мэт байв ч, эхний тохиолдолд тарни нь Өмнөдийн Буддизмд байдаг Паритатай төстэй Зүүн болон Умардын Буддизмын ойлголт бөгөөд, “Буддагийн сургаалийн дээд орой, ертөнц хоосон гэдгийг баталсан шаштир” хэмээн өөрөө өргөмжилсөн ШИРНЭН судраа, хэрэвзээ 2 хуудас хүрэхгүй тэр номоо өөрөө уншсансан бол түүн дотор нөгөө тарни нь “тууж явахийг” харах байсан бизээ. Ширнэн ч юмуу, за бараг бүх их хөлгөний сударт тухайн судрын хураангуй утга болгон гаргадаг самгарди үгсийг үгүйсгээд мунхруулга энэ тэр гэх шаардлага Их хөлгөний шашны Төв үзэлтний томоохон төлөөлөгчийн хувьд Адиша Богдод үгүй юм. Ер нь засал гүрэм бол Бурхан багшийн өөрийх нь хүлээн зөвшөөрч, номносон зүйл болохыг Пали болон Самгарди түүврийн аль алинаар нь хойно би батлах болно. 2 дахь тохиолдолд Адиша Богд нь яахан Тантрын шашныг үгүйсгэх билээдээ өөрөө тантрын шашныг гэгээрэлд хүрэх зам мөрийнхөө хамгийн сүүлчийн шат гэж тодорхойлдог хүн чинь (түүний бичсэн ‘бодь мөрийн зул’-д тодорхой бий).

Мөн Жадамба судрыг "Буддагийн сургаалийн хураангуй эмхэтгэл” гэж тодорхойлоод (яaгаад энэ судрыг ‘Бурханы сургаалын хураангуй эмхэтгэл’ гэснийг би лав хувьдаа ойлгоогүй) “Банзрагч, Тарвачинбо (эдэнд нэрнээс нь өөр тодотгол хийсэнгүй), эд бүгдийг Төвдөөр нь уншихад хувь заяaнд өөрчлөлт гардаг бол Гегелийн Шашны философийг германаар нь уншуулахад ямар өөрчлөлт гарах вэ” гэсэн байна. Дахиад л хэрэвзээ нийтлэлч маань Жадамба, Тарвачинбо 2-г уншсансан бол, адаглаад ‘Тухай’-г нь уншсансан бол энэ номнууд дотор Бурхан багш өөрөө эдгээр судрыг уншаад айхтар их буян хураанаа гэж олон олон давтаж, хурах буянийг нь тодорхойлохдоо үг дүрслэл хайрлаагүйг олж харахсан.

“Суврагыг анх Энэтхэгчүүд бодож олжээ. Буяны гэхээсээ сеифний зориулалттай байсан нь сонин. Тэнд номоо хадгалж, хожим маргаан гарвал тэндээс судраа гарган тулгадаг байж. Сувраганд ямар ч ид шид байхгүй…” Сувраганд ид шид бий үгүйг баталж хэлж чадашгүй ч Пали трипитика-гийн Дигха Никая-гийн 2 дахь ботид байх Их нирвааний сударт өгүүлсэнээр Бурхан багш таалал төгсөх үедээ өөрийхөө шарилийг сувраганд байрлуулахийг захисан ба мөн “хэн тэр сувраганд тахил хүж өргөнө, хэн сүсэглэнэ тэр урт удаанаар жаргана” гэжээ. Хожим нь ‘дайсныг дарсан үр’-ийг ологсод, өндөр төвшний бясалгалд хүрэгсдийн шарилийг агуулсан суврага ч мөргөлийн орон болсон юм. Юутай ч Зүүн Өмнөд болон Баруун Өмнөд Азид хаана нь ч ялгал үгүй суврагийг эрхэмлэн шүтдэгийг олж харахад төдийлөн шамдал шаардагдахгүй л санагдах юм. Суврагын гарал үүсэл болон бэлгэдлийн талаар материал цуглуулж уншиж байхдаа Бурханы шашнаас өмнө хаад, баатрын дурсгалд зориулж босгодог байсан гэхээс өөр “сеифний” зориулалтаар анх босгож байсан гэх баримт лав олж үзсэнгүй. Мэдээж би хараагүй гэдэг маань байхгүй гэсэн хэрэг биш тул тэр мэт зориулалтаар босгож байсан гэх баримтаа хуваалцвал баярлахсан. Богд ламын ламримын гар бичмэлийг Төвдийн Гандан хийдийн сувраганд хадгалж байгаад, Монгол цорж Агваанбалдангийн тавьсан асуултанд хариулахын тулд гаргаж ирж байсан талаар бол дуулсан юм байна. Гэвч одоо ярьж байгаа зүйл маань Бурхан багшаас хол дээр, ер нь Энэтхэгт бичиг үсэг үүсэхээс өмнө хойно нь ярилтай болж байна.

Энэ хүртэл би Бурханы шашны олон хэлбэрүүд, түүнд байх элдэв зан үйлийн талаар ярьсанаас Бурханы сургаалийн мөн чанар, түүний үнэн худлын тухай бичихийг зорьсонгүй. Бурхан багш хэмээн Монголчуудын хүндлэн шүтдэг тэр түүхэн хүн чухам юуг онож, ямар чинад үнэнд нэвтэрсэн байлаа ч түүнийгээ хүмүүст хүргэх гэдэг өөр нэгэн асуулт гарч ирсэн нь гарцаагүй юм. Уншлага, гүрэм дором нь сайнаар яривал дээд бясалгал, муугаар ярьвал тайтгарал, энэ шашны хүмүүст хүрэх нэгэн арга юм. Үр дүнгээрээ л зөвтгөгдөх хоосон арга ч биш энэ шашны маш олон үзэл баримтлалуудтай нягт холбогддог талаар хожим би өгүүлэх болно. Бид чинь ямаршуухан амьтас билээ, нүдээр харж, чихээр сонсож, үнэртэж, бүхий л таван мэдрэхүй сэтгэлийн хамтаар юмсыг хүлээн авдаг амьтас. Бидэнд Бурхан багш хэрхэн төсөөлөгддөг билээ. Хаа нэгтээ харсан түүний сэрэг дүр, арц хүжсийн үнэр, чихэнд сонсогдох хурлын хөгжим, ая дан…
    
Хожим хэдэн мянган жилийн хойно ч энэ цэнхэр гариг дээр Бурхан шашин гэх зүйл байсныг нэгэндээ ганжир нь шаргалтан байсан хуучин сүмийн туурь, улс түмнүүдийн ахуйд үлдсэн ёс заншлаас л олж харах болов уу. Шашныг биежүүлэх шаардлага ийн урган гардаг мэтээ.

үргэлжлэл бий…

Д. Нямсамбуу


номзүй

P. Harvey (1990) An Introduction to Buddhism: Teachings, History snf Practices. Cambridge University Press: New Delhi

M.E. Spiro (1971) Buddhism and Society: A Great Tradition and its Burmese Vicissitiudes. Allen and Unwin: London

S. J. Tambiah (1970) Buddhism and the Spirit Cult in North East Thailand. CUP: Cambridge

R. Birnbaum (1979) The Healing Buddha Shambhala: Bolder and Rider: London

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж