Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлснээр, энэ жил 33 хувьцаат компани 303.07 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор болжээ. Тодруулбал, "Эрдэнэт суварга", "Түмэн шувуут", "Ган хийц", "Голомт", "Мах импекс" зэрэг 33 компани ногдол ашиг тараах юм байна. Эдгээрээс хамгийн их буюу 144 тэрбум ногдол ашгийг орон нутгийн өмчит Тавантолгой ХК хувьцаа эзэмшигчиддээ олгох аж.
Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчилсан байдаг аж. Энэ дагуу хуульд заасан хугацаа дуусгавар болсон хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 68 хувьцаат компаниас 33 нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгоно гэдгээ мэдэгдсэн аж.
Сануулахад, нэр бүхий хувьцаат компаниуд 2019 онд 112.1 тэрбум, 2020 онд 132.7 тэрбум, 2021 онд 110.5 тэрбум, 2022 онд 150.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус бүр хуваарилж байсан бол 2023 онд 303.07 тэрбум болж, хоёр дахин өсчээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ