"Томуу илүү хүнд явцтай, маш хурдан хатгалгаа болж байна"

Хуучирсан мэдээ: 2023.02.28-нд нийтлэгдсэн

"Томуу илүү хүнд явцтай, маш хурдан хатгалгаа болж байна"

"Томуу илүү хүнд явцтай, маш хурдан хатгалгаа болж байна"

Томуу, томуу төст өвчин ихссэнтэй холбогдуулан ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч А.Батцэцэгтэй ярилцлаа.


-Иргэдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр, эмнэлгүүдийн амбулаториуд ачаалал ихтэй байна. Гадуур дэгдээд буй томуу, томуу төст өвчний талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу? 

-Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлж буй хүүхдийн ачаалал 20 хувь орчим нэмэгдсэн. Ажлын өдрүүдэд 230-250 орчим хүүхэд ирсэн бол баярын өдрүүдэд 365-400 орчим хүүхэд ирсэн. Ковид-19 цар тахлын дараах жилүүдтэй харьцуулахад энэ онд томуу, томуу төст өвчнийг клиник ажиглалтаар харахад илүү хүнд явцтай байна. Хүүхдэд амьсгалын дэд замын өвчний шинж тэмдэг илрээд маргааш, нөгөөдөр нь уушги нь гэмтэх буюу уушгины хатгалгааны тохиолдол гарч байгаа нь практик дээр их ажиглагдаж байна.

-Томуу, томуу төст өвчнийг анагаах чиглэлээр ямар эмчилгээ хийж байна вэ?  

-Эмчилгээний тухайд, Хүүхдийн өвчний цогц менежмент гэдэг стандартын дагуу бүх шатлалын эмнэлэгт эмчилгээ хийгддэг. Энэхүү стандартад 0-5 насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн талаарх эмчилгээг дурдсан байдаг. Дотроо A, B, C гэх мэт үнэлгээтэй. Ханиалга намдаах эм, парацетамол, витамин С хэрэглэж болно. Антибиотикийг заавал эмчийн жороор хэрэглэнэ. Хэдий стандартын дагуу эмчилгээ хийдэг боловч хүүхэд болгон өвөрмөц байдаг шүү дээ. Тиймээс хүүхдийн өвчний эдгэрэлт гэдэг харьцангуй ойлголт. Хүмүүс ихэнхдээ эмчийн өгсөн эмийг л уулгачихвал зүгээр болно гэсэн ташаа ойлголттой байдаг. Үнэн хэрэгтээ эмчийн заавраар уулгаж байгаа эмээс гадна шингэн зүйл уулгах, зөв хооллолт, зөв хувцаслалт, хүүхдэдээ цаг зав зарцуулах зэрэг эцэг, эхийн асаргаа сувилгаа ихээхэн нөлөөлдөг.

-Хүүхдүүдийн дунд ямар төрлийн томуугийн өвчлөл их байна вэ?

-Томуугийн мэдээнээс харахад B хэв шинжийн вирус, мөн A(H3N2), A(H1N1) вирус их байна. Мөн Респираторний синцитиал вирус (Амьсгалын замын синцитиал) илэрч байна.

-Томуу, томуу төст өвчний үед ямар шинж тэмдэг илэрч байна вэ?

-Томуу, томуу төст өвчний үед ханиадтай төстэй шинж тэмдэг илэрдэг. Эхэн үед хамраас нус гоожих, өндөр халуурах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Томуу, томуу туст өвчний үед 38-40 градус хүртэл өндөр халуурч байна. Энэхүү халуурал нь эмд тэсвэртэй байна. Тэгэхээр эцэг, эхчүүд маань мэргэжлийн эмчид л шууд хандах шаардлагатай. Халууныг эм уухаас гадна механик аргаар бууруулах боломжтой. Халууралт нь улаан болон цагаан халууралт гэж хоёр төрөл байдаг. Улаан халууралт нь хацар улайх, биед нь хүрэхэд халуун мэдрэгддэг. Энэ үед хувцсыг нь нимгэлээд, халуун бүлээн шингэн зүйл сайн уулгах шаардлагатай. Эцэг эхчүүд шууд эм уулгахаасаа илүүтэй механик арга техникүүдийг мэддэг байх хэрэгтэй. Цагаан халууралтын үед мөчинд нь хүрч халуурдаг. Биед нь хүрэхэд хөл, гар нь хүйтэн байх боловч хүүхдийн бие махбодод халуурал явагдаж байдаг гэсэн үг. Цагаан халууралтын үед үрэвслийн процесс нэлээн хүнд шатандаа орчихсон байдаг.

-Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Өвөрмөц урьдчилсан сэргийлэлт гэж байдаг. Үүнд томуугийн үед тарьдаг вакциныг дурдмаар байна. Вакциныг эмчийн заалтаар хийдэг. Өвөрмөц бус сэргийлэлт нь улирлын зааг болж байгаа энэ үед даарахгүй байх хэрэгтэй. Энэ үед цаг агаарт өөрчлөлт орж, хүний дархлаа унаж байдаг. Тиймээс сайн унтаж амрах, чанарлаг хоол хүнс хэрэглэх, шөнийн нойрыг алдалгүй сайн авах хэрэгтэй. Хүний бие махбод өөрөө эсэргүүцэх чадвартай. Хүүхэд оройн 22:00 цаг гэхэд унтсан байх ёстой. Хүүхэд унтаж байхад өсөлтийн гормон, дархлааны урвалууд явагдаж байдаг.

-Аль улиралд ханиад, томуу хамгийн их дэгдэлттэй байдаг вэ?

-Улирлын үечлэлээр авч үзвэл хавар, өвлийн улиралд хүүхдийн дархлаа сулардаг. Нөгөө талаасаа манай улс эрс тэс, хүйтэн, сэрүүн уур амьсгалтай учир томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй байдаг.

-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжихийн тулд гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?

-Дархлаа дэмжинэ гэдэг харьцангуй ойлголт. Онолын үүднээс авч үзвэл дархлааг оролдох хэрэггүй байдаг. Яагаад гэвэл хүүхдийн бие организм насанд хүрэгчдийг бодвол онцлогтой. Эцэг эх, асран хамгаалагчдын буруу ойлголт байдаг. Хүүхдийнхээ дархлааг яаж, юугаар дэмжих вэ гэдэг. Ер нь дархлаагаар оролдох хэрэггүй. Тэр бие махбод өөрөө өсөн хөгжихийн хэрээр өөрөө хэлбэржин, төгөлдөржин хөгжиж байдаг. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас 0-5 насны хүүхдэд витамин А, Д уухыг зөвлөдөг.

Э.ХУЛАН, Д.НЯМХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж