Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

Аян замын тэмдэглэл

Аян замын тэмдэглэл

Европыг байлдан дагуулсан Дөнер Кебабын эргэн тойронд.

Европын орнуудаар он дамнан аялах хугацаандаа Герман, Швейцарь, Итали зэрэг улсуудаар нилээдгүй аялах явцад нэгэн зүйлийн соёл, үйлчилгээний тухай илүү ихийг мэдэх хүсэлдээ хөтлөгдөн энэ тал дээр багагүй цагаа зориулав. Энэ нь Монголчууд бид гадагшаа аялах явцдаа бүгд л амтархан иддэг Дөнер Кебаб. Герман үндэсний түргэн хоолны нэг болтлоо хөгжин, чанасан, шарсан зайдастай байр булаалдах болсон энэхүү хоолыг одоогийн хувилбараар Европт нутагшуулсан хүн нь Кадир Нурман гэгч Турк гаралтай Герман иргэншилтэй эрхэм бөгөөд, эргэлдүүлэн шарсан мах, сонгино, салат хавчуулсан талхыг анх 1972 онд зарж эхлэсэн түүхтэй юм байна. Үнэ боломжийн, түргэн шуурхай, мах ихтэй, элдэв тосонд шардаггүй болохоор эрүүл бөгөөд шингэц сайн гээд Монголчууд бид энэ хоолонд дурлах шалтгаан цөөнгүй.

Герман. Мюнхен хотод очсон өдрөө “Тека Макс” худалдааны төвд байрлах “Ориент Экспресс” дөнер кебабыг зорилоо. Ер нь Герман даяар 20.000 гаруй энэхүү амтлаг хоолны цэг байдаг гэсэн судалгаа байдаг юм байна. Тэгэхээр өөрт ойрхон салбар олох асуудал биш л дээ. Үдийн хоолны цагаар очиж таарсан болоод ч тэр үү хүн ихтэй байлаа. Түргэн хоол гэдэг утгаараа халуун махаа зорж, талханд хавчуулж амтлаад өгөхөд удалгүй хоол өмнө минь бэлэн.Идэх явцдаа эргэн тойрноо нилээд ажиглав. Олуулаа дуу шуутайхан идэх бөөнөөрөө яваа хүмүүс байхад, буланд ганцаараа тухлан суух нэгэн, хоолоо боолгож аваад яаран гарах хүн ч байна. Ангиараа яваа хүүхдүүд анхаарал татав. Дөнерийн илчлэг 900 ккалаас хэтэрдэггүй учир таргалуулдаггүй юм байна. Иймдээ ч эцэг эх нь гадуур дөнер идэхэд нь хяналт тавиад байдаггүй бололтой. Настай тогооч над руу үе үе харан инээмсэглэнэ. Бүүр эрхий хуруугаа гозойлгож байна. Нээрээ би чинь Монгол улсын төрийн далбаа бүхий цамцтай яваа шүү дээ, Монгол гэдгээр минь саймшраад байна гэж ухаж ойлголоо. Хүн цөөрөхөөр очиж ярилцлаа. Берат хэмээх Турк тогооч аж. Энд амьдраад 20 жил болж.Монголд маш их хонь, үхэр байдаг гэсэн, мах нь амттай гэж сонссон гэж яриа эхлэлээ. 70 гаран сая малтай, дөнер кебабын амт чанар сайтай газрууд, махыг нь боловсруулдаг үйлдвэр ч бий гэдгийг сонсоод мэл гайхан толгой сэгсрээд: -Би тэгвэл яваандаа Монголд очиж ажиллах хэрэгтэй юм байна гэж хошигнож байна лээ. Би асуух гээд загатнаад байсан асуултаа асуулаа. Кебабын махыг яг ямар махаар, аль хэсгээр нь хийдэг юм бэ? гэхэд минь бүүр арын өрөөгөө заан харуулаад:

– Хамгийн сайн цул хэсгүүдээр нь махаа бэлддэг учраас л ийм амархан зорогдож, хүмүүс амтархан иддэг юм шүү дээ. Махаа бэлдэх, угсрах, эргэлдэх, зорох, амтлах гээд бүх ажиллагаа нь хүний нүдний өмнө ил байдаг өөр хоол би лав мэдэхгүй гээд инээд алдав. Хүний ажилд саад болоод, гомдож ч мэдэхээр зүйл асуусандаа бантан амжилт хүсээд “нээрээ ч хууль хяналт дэндүү өндөр Германд стандарт бус зүйл яаж ч хийх билээ дээ” гэж бодсоор гарлаа. Айлд байрлаж байсан болохоор гадуур хооллох тохиол бага байсан ч Дөнер кебабыг дэлгүүр хэсэх, хоттой танилцах зэрэгт тултал ашигласнаа нуугаад яахав.

Швейцарь. Аялал жуулчлалын хот Бриссагод очлоо.Италитай нуураар хиллэдэг жинхэнэ жуулчдын хөлд дарагддаг газар юм. Өвөл учир хүн амьтан арай гайгүй. За нөгөө дөнер маань хаа сайгүй. Швейцарчууд европтоо баян чинээлгээрээ толгой цохидог, цалин өндөр тул дөнер кибабын үнэ өндөр байх болов уу гэтэл ялгаа алга. ”Кебаб стэшн” хэмээх автовокзалын хажууд байрлах газарт орлоо. Бас л хүн ихтэй.Жуулчид дийлэнхи нь, жуулчдын ихэнхи нь Азиуд. Тогооч нар мэдээж Туркүүд. Надтай ярих нь битгий хэл харах ч зав алга. Харин дагуулж орсон Швейцарь найз маань ийнхүү хуучлав. Өндөр цалинтай,нийтийн тээврийн компанийн менежер хүн л дээ.

– Швейцарь гэлтгүй Европчууд махсаг улс. Зайдас, талх, пиво бол байнгын хэрэглээ. Гэртээ зайдсаа шарж идэхээс гадна дөнер, сэндвич зэргийн түргэн хоолыг долоо хоногтоо дор хаяж 2-3 удаа идчихнэ. Завгүй ажиллаж, дээрээс нь ихэнхи цагаа замд өнгөрөөдөгтэй холбоотой байх л даа. Мэдээж амралтын өдөр, баяр ёслолоор бол ресторанд захиалга өгнө. Гэртээ хоол хийж иддэг айл ер нь их цөөрч байгаа байх гэж өгүүлэв.

Яриаг нь сонсож суухдаа бодов. Ер нь Европ гэлтгүй манайхаас бусад бүх орны хүмүүс идэж буй хоол хүнснээсээ таашаал авах нь бараг амьдралынх нь нэгдүгээр асуудал юм уу даа. Манайхан бол яаран сандран хооллосон болох, ажил ихтэй бол хооллохоо хойшлуулаад байдаг, өлөн хоосон ажил тараад шууд уудаг гээд буруу зуршил их байна даа гэсэн шүү юм бодож суулаа. Ямар сарын 10.000 евроны цалинтай Швейцарь хүн байнга иддэг гэхээр нь өөдөөс нь, би бол мөнгөө хэмнээд аяллын хугацаанд гадуур хооллохдоо дөнер идэж явна гэлтэй ч биш. Тэгээд ч энд хямд үнэ гэхээсээ амтлаг хоолыг илүүд үздэг, дээр нь хүнсний аюулгүй байдлыг төр нь дээд зэргээр хангадаг болохоор миний санааг ойлгохгүй биз. Нээрэн мартсанаас Швейцарын “Понте Бролла”хэмээх аялал жуулчлалын жижигхэн суурин газарт дөнер кебаб идэж суугаад хоёр Монголтойгоо таарсан шүү.

Итали. Милан хот руу Швейцариас галт тэргээр 4 цаг давхиж очлоо. Би олоогүй юу эсвэл музей галлерей төвлөрсөн газруудад цөөн байдаг уу… дөнер кебабаа олсонгүй. Олсонгүй ч гэж хайх зав гарсангүй. Хааны ордны гадна хашаанд байрлах шилэн ханатай зоогийн газарт хооллохоос өөр сонголт байсангүй. Махан идэштэй надад зүгээр л нэг ширхэг сэндвич талхан дээр тавьсан бяслаг, хиамны өөдөстэй зууш авахаас өөр сонголт байсангүй. Тэгээд бас хөөрхөн үнэтэй. Гараад ахиж юм үзэж явсаар байтал гэгээ тасрав. Буцаад өлсөж эхлэв. Гудамжны цаад үзүүрээс нэг л танил үнэр гараад байнаа. Очтол харин нөгөө дөнер кебабыг маань хажуу талаа онгойлгосон хар машинд хийж байдаг шүү. Монгол хүн бараг өвчүү толгой харсан юм шиг баярлаад байгаа юм биш үү. Идсэн тухайгаа бичих нь илүүц биз.Жуулчид иднэ, иргэд нь иднэ… Түргэн хоолны бизнес мандтугай.

Буцаад Герман. Мюнхений залгаа Эрдинг хэмээх бяцхан хотоос энэхүү тэмдэглэлээ бичин сууна. ”Делла Терра” хэмээх дөнер кебабын газар өнөөдөр үйлчлүүлснээр аяллын хугацааны энэхүү хоолтой холбоотой бүхэн төгсөж байна. Германчууд өдөрт 3,1 сая Дөнер иддэг. Дөнерийн салбарт 60.000 хүн ажиллаж, борлуулалтын орлого нь жилд таван тэрбум евро давдаг гэнэ. Энэ салбар аливаа улс оронд хэрхэн үр өгөөжөө өгч буй жишээ. Улирлаас үл хамаараад ихэнхи улсад гудамжин дахь хоолны үйлчилгээ хөгжсөн байдаг. Суугаад идэж болох жижиг сандал ширээ, зогсоод пиво уунгаа хооллох тек, хэвтэх шахам тухлах эвхэгддэг сандлууд ч бий. Миний мэдэхээр ийм явуулын хоолны газруудын бизнес эрхэлдэг Монголчууд европт цөөнгүй байдаг л юм билээ. Жишээ авахад Мюнхений алдарт Олимпийн стадионы хажууханд явуулын хоол ажиллуулдаг Монгол залуу байдаг. Манайд болохоор цагдаа, мэргэжлийн хяналт нь элдэв юм шаардаад, хөөж туугаад байгаа харагддаг. Ялангуяа зуны урин цагт иймэрхүү үйлчилгээний цэгүүд олон байвал, сонголтоосоо шалтгаалаад үйлчлүүлэх хүмүүс надаас авахуулаад олон л байгаа байх даа. Нийгэм тэр тусмаа дэлхий асар хурдацтай хөгжиж буй энэ цаг үед ажил амьдралынхаа төлөө цаг үргэлж яарч, завгүй яваа хүмүүс хоолны үйлчилгээгээ хурдан шуурхай авахаас ч өөр аргагүй. Энэ системийн зөв зүйтэйг нь амьдралын хэмнэл, хэвшилдээ манай Монголчууд авч хэрэгжүүлээсэй хэмээн энэхүү бяцхан тэмдэглэлээ өндөрлөе.

2022/12-2023/01

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж