Өсвөр насны хүүхдүүд, заримдаа томчууд хүртэл янз бүрийн зураг, бичлэгээ цахим сүлжээгээр дамжуулан хэн нэгэн рүү илгээснээр асуудалд орох тохиолдол олон байдаг. Зургаа нэгэнт илгээсэн л бол буцаах боломжгүй гэж өсвөр насныханд сануулдаг. Тэгвэл "Take It Down" нэртэй "Мета" компанийн санхүүжилттэй цахим хэрэгслийг ашиглан энд тэнд тарсан өөрийнхөө зургийг устгах боломжтой болжээ. АНУ дахь Сураггүй алга болсон, мөлжлөгт өртсөн хүүхдүүдийн үндэсний төв энэ хэрэгслийг ашигладаг.
Хэрэглэгч тухайн цахим хуудас руу нэвтрээд, зургаа оруулахгүйгээр дижитал хурууны хээгээ үүсгэнэ. Хурууны хээ компанийн дата бааз болон технологийн компаниудад бүртгэгдэнэ. Энэ нь өөрсдийнхөө платформ дээрээс тухайн хэрэглэгчийн зургийг устгаж болно гэж зөвшөөрсөн компаниуд байх юм. Одоогоор "Facebook", "Instagram", "Yubo", "OnlyFans", "Pornhub" гэсэн платформууд бүртгэлтэй байна. Тиймээс "WhatsApp" ч юм уу өөр платформд тухайн хүний зураг тарсан бол устгах боломжгүй гэсэн үг.
Зургийг оруулахдаа хэмжээг нь тасдаж багасгасан бол, эможи нэмсэн бол, эсвэл мийм болгосон бол энэ нь шинэ зурагт тооцогдох бөгөөд дахин хурууны хээгээ шинээр бүртгүүлэх ёстой. Филтертэй зургуудын нэг хурууны хээн бүртгэлээр устгаж болно.
Заавал хуулийн байгууллагын оролцоогүйгээр асуудлаа шийдэж болдог нь тус цахим хэрэгслийн давуу тал гэж үзэж байна. "CyberTipline" ашгийн бус байгууллагаас мэдээлснээр, 2021 онд мөлжлөгт өртсөн 29.3 сая хүүхэд байна. Энэ нь 2020 оноос 35 хувиар өссөн үзүүлэлт юм.
Эх сурвалж: THE GUARDIAN
Холбоотой мэдээ