Хуучирсан мэдээ: 2023.02.28-нд нийтлэгдсэн

76:1
76:1 – “Сельфичин”

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшиж, сонгогдсон Дамдинсүрэнгийн Өнөрболорыг танилцуулж байна.


“Женко” ажиллагааны дүнд 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, парламентад сонгогдсон бизнес эрхлэгч бол “Сөүл” группын эзэн Д.Өнөрболор юм. Учир нь, Сэлэнгэ аймгаар тогтохгүй улсад ч өрсөлдсөн дээгүүр цойлох байсан С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарыг сонгуулийн ид сурталчилгааны дундуур “балбаж”, хорьж цагдан, батлан даалтын дэнчин нэрээр 10 тэрбум төгрөг байршуулахыг шаардсан зэрэг нь УИХ-ын сонгуулийн өрсөлдөөн хүчтэй өрнөж байсан үед Д.Өнөрболор нарт ашигтай туссан гэж хэлж болно.

МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг дипломатч мэргэжлээр суралцан төгссөн тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2021 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлал хийх үеэр сельфи хийсэн нь төрийн айлчлалын дэг жаягийг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл болж, шүүмжлүүлж байв.

Энэхүү үйлдлээсээ болж, тэрбээр “Сөүлийн сельфичин" гэх гуншин ч зүүсэн юм.

Мөн 2021 онд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, П.Анужин, Х.Булгантуяа нарын хамтаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлсэн байсан ч зарим заалт нь шүүмжлэл дагуулангуут буцаан татахаа мэдэгдэж, “Х.Ганхуяг гишүүнд “мэхлүүлсэн” шахуу тайлбар хийж, шуугиан тарьсан удаатай. Тодруулбал, дээрх хуулийн төсөлд “Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулсан гадаадын иргэн бизнес эрхлэх боломжтой” тухай заалт багтсан байсан юм.

Эл заалтыг бусдадаа мэдэгдэлгүйгээр нэмсэн гэх хэргийн эзнээр цоллуулж байсан, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Хүчин төгөлдөр үйлчилж байгаа одоогийн хуульд 100 мянган ам.доллар гэснийг 50 мянган ам.доллар болгон бууруулсан ч хариуцлагыг нь өндөрсгөсөн. Манайд хөрөнгөө оруулж байгаа иргэд заавал ажлын байр бий болгосон байх, орлогын албан татварын болон бусад татварууд болон нийгмийн даатгал төлсөн байх ёстой” гэсэн заалтыг нэмсэн. Үүнийг улстөржүүлж, мушгиж байна” гэж тайлбарлаж байв.

УИХ-ын гишүүд хамтран хуулийн төсөл санаачилсан тохиолдолд “хулгайгаар” ийм, тийм заалт оруулсан, нэмсэн гэдэг хэл ам гарч байсан удаагүй. Гэвч эл дуулиан нь УИХ-д ямархуу чадамжтай гишүүд сонгогдсон бэ гэдгийг илэрхийлээд зогсохгүй парламент чадамжтай юу гэдэг асуудлыг ч хөндөхөд хүргэж байв.

МАН-ын гол санхүүжүүлэгчээр нэрлэгдэж ирсэн тэрбээр УИХ-д орж ирэхийн өмнө буюу 2017 онд Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшээд буцсан түүхтэй.

Шалтгаан нь барилгын бизнес эрхэлдэг хүнээр Барилга, хот байгуулалтын яамыг удирдуулах нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх тул сайд болох санаархлыг намынх нь удирдлагууд хазаарласан юм.

Тэрбээр бизнесийн салбартаа бол нэртэй нэгэн. Бизнесийн салбарт амжилттай ажиллахад МАН засгийн эрхийн ихэнх жилийг барьсан нь нааштайгаар нөлөөлсөн гэж ярих нь ч бий. Улаанбаатар хотод эдүгээ сүндэрлэж буй Seoul Royal Castle, Seoul Green house зэрэг олон орон сууцны барилга байгууламж “Сөүл” группын эзэн Д.Өнөрболороор нэрлэгдэх нь бий.

МАН-ын дарга асан М.Энхболдын хүнээр нэрлэгдэж ирсэн. Улс төрд хөл тавих зам, бизнест амжилт олох зураглал бүхнийх нь ард М.Энхболд байсан гэх нь бий.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дундаа бийлэгжүүд орно.

Авлигатай тэмцэх газарт гаргасан 2021 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийтийн орон сууц найм, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө гурав, бусад сууц байгууламж долоо, нийт дүнгээрээ 15 тэрбум /15289800.00/ төгрөгт хүрдэг.  Toyota, Land Cruiser 200- 1, Toyota, Land Cruiser 70- 1-тэй. Нийт үнэлгээ нь 272 сая төгрөг /272200.00/, хоёр эдлэн газартай /499456.00/, дансандаа 1978163.54  мөнгөтэй, "Эрдэс Тавантолгой" ХК, "Роял виндөү" ХХК, "Энокси" ХХК, "Зэндмэнэ хурх" ХХК, "Сөүл" ХХК, "Колорпин" ХХК, "Эй Эй Эй плас" ХХК, "Вокү карт гаме шангхай" ХХК, "Нью промакс проперти" ХХК, "Нью Промакс" ХХК-д тус бүр 4288 ш, 126000 ш, 7124473, 62002 ш хувьцаа эзэмшиж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1992 онд Зүүнхараа, Шарын гол, Дархан хот дахь /тухайн үеийн ЗХУ-ын/ дунд сургууль, Улаанбаатар хотын 13 дугаар дунд сургууль
  • 1996 онд МУИС-ийн ОУХДС, Гадаад харилцааны мэргэжилтэн-дипломатч
  • 2016 онд Гүрэн дээд сургууль, төрийн захиргааны менежментийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1996 оноос Сөүл ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, захирал
  • 2007 онд “Роял Нью Кэстл” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, төслийн удирдагч
  • 2016 оноос Монголын барилгын үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч
  • 2018 оноос “Болор ирээдүй хүний хөгжлийн сан” үүсгэн байгуулагч
  • 2019 оноос Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн тэргүүн
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос, Солонгос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж