Зүүн хэсгийн Бахмутад нөхцөл байдал тун хүнд байгааг Украины армийн 28 дугаар бригадын командлагч Юрий Мадьяар өчигдөр (2023.02.27) мэдэгдэв. "Хоёрдугаар сарын 27-ны байдлаар Бахмутын бүх хэсэгт нөхцөл байдал маш хүнд байна. Тэд биднийг бүслэхийг оролдож байна. Хойд зүгт ч бас байдал хүнд байгаа бөгөөд дайснууд зогсолтгүй довтолж байна. Бидэнд хангалттай зэвсэг хэрэгсэл алга" гэж ярьснаа телеграмдаа байршуулжээ.
Оросын арми Бахмут орчимд төрөл бүрийн их буу, пуужин харвагчаар 300 удаа довтолжээ. Мөн 60 удаагийн байлдааны ажиллагаа явагдаж, Оросын 63 цэрэг нас барж, 141 нь шархадсан байна.
Зэвсэг хэрэгсэл хангалтгүйгээс гадна цаг агаарын нөхцөл байдал Украины армид асуудал болоод байна. Үргэлж манантай байгаа учир шөнөдөө цэргүүд юу ч олж харахгүй байгаа аж. Гурван өдөр дараалан агаарын хэм 0-ээс дээш гараад буй тул хайлж урсах дөхөөд байгааг мөн командлагч онцлов. "Агаарын чийг хэт их байна. Өдөржин бороо орж байгаа нь үүрэг биелүүлэхэд тун хүнд нөхцөл үүсгэж байна" гэв.
Нөхцөл байдлын талаар Ерөнхийлөгч Зеленский ч бас хэлжээ. "Оросуудын шинэ тактикийг та нарт хэлж өгье. Энгийн цэргүүд орж ирсээр байгаа ч тэд урагш давшихаас айж байна. Одоо Вагнерын хөлсний цэргүүд 5, 10, 20-оороо бүлэглэн давшиж байна. Вагнерын цэргүүд буцах эрхгүйгээр бүх чиглэлд урагшилж байна. Бахмут дахь нөхцөл байдал улам л биднийг сорьж байна. Байрлалаа эзлэх, хамгаалахад ашиглаж болох бүх зүйлийг оросууд устгаж байна. Бахмутыг хамгаалж буй цэргүүд бол жинхэнэ баатрууд" гэж тэр хэлэв.
Дашрамд дурдахад, оросууд Молдавыг тогтворгүйжүүлэхийн тулд үймээн самуун дэгдээхийг оролдож болзошгүй байна. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Зеленский ч, Молдавын Ерөнхийлөгч Майя Санду ч анхааруулсан. Тиймээс Европын агаарын тээврийн "Wizz Air" компани гуравдугаар сарын 14-нөөс эхлэн Молдав хүрэх бүх нислэгийг цуцлахаа мэдэгдэв.
Холбоотой мэдээ