Боловсролын салбар төсвийн шинэчлэлийнхээ хүрээнд сургуулийн санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын тогтолцоог бүрдүүлж чадсан талаар яамнаас мэдэгдсэн юм.
Төсвийн шинэчлэлийн хүрээнд тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардал, мэдээлэл технологийн зардал, багшийн хөгжлийг дэмжих зардал багтжээ. Мөн 2022 онд ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн 12,431 багшид 14,5 тэрбум, суургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ийн 2,906 багшид 3,2 тэрбум, 378 цэцэрлэгт 5,4 тэрбум 265 сургуульд 10,6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал олгосон байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын салбар үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн. Энэхүү ажил боловсролын төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байна. Өмнө нь нэг хүүхдийн хувьсах зардлыг тухайн анги бүлгийн хүүхдийн тоогоор үржүүлээд цааш аймаг орон нутаг руу илгээдэг байсан. Энэ нь нэг талаараа дундын цавчаа хэлбэрээр явагддаг.
Тухайн аймаг орон нутаг хүүхдүүдэд зарцуулах байсан мөнгийг боловсролын бус зохицуулалтаар дахин хуваарилалт хийж байсан. Энэ тогтолцоог халсан. Тиймээс сурагч нарт зориулж хувьсах зардлыг санхүүжүүлдэг болсон. Тэгэхээр өмнө нь хувьсах зардлын тогтолцоо нь байгууллагын санхүүжилтийн тогтолцоо байсан бол одоо сурагчдыг дагасан санхүүжилтийн хэлбэр рүү шилжсэн.
Өнгөрсөн жилүүдэд хувьсах зардлын 80-90 хувь нь багш нарын нийгмийн даатгалын шимтгэл болон сургуулийн урсгал зардлуудад хэрэглэгддэг байсан. Мөн хот, хөдөөгийн сургалтын чанарын ялгааг арилгах гол зүйл нь нэг хүүхдийн хувьсах зардал юм.
Монгол Улсад багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн тогтолцоог халж, багш нар өөрсдөө шаардлагатай, хэрэгцээтэй сургалтуудыг ажлын байр дээрээ авдаг болно. Тиймээс энэхүү зардлыг ч мөн хувьсах зардалдаа оруулсан. Хүүхэд хаана амьдарч, хаана сурч байгаагаас үл хамаарч чанартай боловсрол олгох боломжийг бүрдүүлсэн тогтолцоо бол хувьсах зардлын шинэчлэл юм.
Мөн багш нарын цалингийн шинэчлэлийг хийсэн. Тухайлбал, их сургуулиа дөнгөж төгсөн ирж буй багшийн цалин 1,005000 төгрөгөөс эхэлнэ. Багш нар олон жил ажилласан болон боловсролын зэрэглэлээс хамаарч үндсэн цалин дээрээ тодорхой нэмэгдлүүд авч байна. Одоогоор багш нарын дундаж цалин 1,6-1,8 сая төгрөгийн хооронд бий. Харин цахим сургуульд багшилдаг багш нарын цалин 2,3-2,5 сая төгрөг байна. Боловсролын салбарт үр дүнд суурилсан санхүүжилт амжилттай хэрэгжвэл багш нар хамгийн өндөр цалинтай ажиллах бодит боломж бүрдэх юм” гэлээ.
Г.ХУЛАН
Холбоотой мэдээ