Ашиг сонирхлын зөрчил дунд бүдгэрсэн амлалт

Хуучирсан мэдээ: 2023.02.28-нд нийтлэгдсэн

Ашиг сонирхлын зөрчил дунд бүдгэрсэн амлалт

Ашиг сонирхлын зөрчил дунд бүдгэрсэн амлалт

Хүн төрөлхтөн чулуужсан түлшнээс хараат байдлаа багасгах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн том сорилтуудын нэг юм. Гэтэл чулуужсан түлшний үйлдвэрлэл, хэрэглээ улам л нэмэгдсээр ирэх арван жилд дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна. "The Conversation Weekly" сэтгүүл чулуужсан түлшнээс бүрэн ангижирсан дэлхий рүү шилжих улс төрийн сорилтын талаар, тэр дундаа газрын тосны нөөц ихтэй улс орнуудад энэ нь хэрхэн нөлөөлөхийг тоймложээ. 

Газрын тосыг зөвхөн түлш гэж ойлгож болохгүй. Энэ нь хуванцар, даавуу, будаг, химийн бодис гэх зэргээр үйлдвэрлэлийн процесст өргөнөөр ашиглагддаг бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг юм. 

Канадын Торонтогийн их сургуулийн профессор Калеб Веллум дээрх ойлголтыг үгүйсгэж байна. “Газрын тосны гүн хараат байдлыг дээрх байдлаар дүрсэлсэн нь газрын тосны компаниудын өөрсдийнх нь стратеги. Орчин үеийн ертөнц, амьдралын хэв маягийг газрын тосгүйгээр төсөөлөхийн аргагүй гэж тэд хэлдэг. Гэлээ гээд энэ нь бид газрын тосноос зайлсхийх боломжгүй гэсэн үг биш юм. Сүүлчийн дусал хүртэл нь газрын тосоо олборлосоор байх уу, өөр хувилбар хайх уу гэдгээс хамаарч ирэх он жилүүд тодорхойлогдоно. 1970-аад оны газрын тосны хямрал нь хүн төрөлхтөний түүхэн дэх чухал мөч байсан бөгөөд бидний өнөөгийн хэрэглээний хэв маягийг бүрдүүлэхэд тусалсан” гэж тэр хэллээ. 

Байгаль орчин судлаачид болон эдийн засагчид хооронд газрын тосны хэрэглээний талаарх маргаан өрнөсөөр байна. Газрын тос олборлолт болон түүний хэрэглээний байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаарх маргаан улам нэмэгдэж буй. Дэлхийн улс орнууд эхнээсээ эрчим хүчний өөр эх үүсвэр хайж олохоо амлаад байна. 

Газрын тос олборлогчид чулуужсан түлшнээс татгалзах гэсэн олон нийтийн ойлголтыг сарниулахын тулд өөр гайхалтай төслүүдийг танилцуулж байгаа талаар Германы Хайдельбергийн их сургуулийн профессор Натали Кох онцлов. Гэхдээ эдгээр амбицтай төслүүд нь харагдаж байгаа шигээ биш аж. Тухайлбал, Мароккогийн элсэн цөл дэх нарны ферм усны хэмжээнээс болж саад бэрхшээлтэй тулгарсан. Энэ ферм нь дэлхийн хамгийн том төслүүдийн нэгд тооцогддог. 

Парист 2015 онд болсон НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх хэлэлцээрийн үеэр дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс хоёр хэмээс илүү хэтрүүлэхгүй байхаар тохирч байв. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт талаасаа сайн мэдээ байсан ч чулуужсан түлшний салбарын хувьд маш муу мэдээ байсан юм. Хэрэв дэлхий хоёр хэмээр дулаарвал нүүрс, газрын тос, байгалийн хийн нөөцийн дөрөвний гурав орчим хувь нь хөрсөнд шаталгүй үлдэх аж. Барууны орнуудын хувьд чулуужсан түлшний нөөцийнхөө ихэнхийг хэдийнэ ашигласан тул энэ өөрчлөлтөд хамгийн бага өртөх юм. Дэлхийн дулаарлыг 1.5 хэм хүртэл хязгаарлахын тулд чулуужсан түлшний үйлдвэрлэлийг жилд зургаан хувиар бууруулах шаардлагатайг судлаачид тооцоолсон. Гэсэн хэдий ч улс орнуудын үйлдвэрлэл буурах нь бүү хэл жилд хоёр хувиар нэмэгдэж, 2030 он гэхэд үүнийгээ дахин хоёр нугалж өсөх төлөвтэй байна. 

Нөгөөтэйгүүр хөгжиж буй орнууд алдагдсан түлшний орлогоос ДНБ-ийхээ багагүй хувийг алдах магадлалтай байна. Жишээлбэл, Сахарын цөлөөс өмнөх Африкт 65 тэрбум баррель газрын тосны нөөц тогтоогдсон нь дэлхийн нийт нөөцийн таван хувь юм. Тэгвэл дөрөвний гурав нь Нигери, Анголд байна. Гэтэл дээрх улсуудын аль аль нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүний ​​хөгжлийн доогуур ангилалд багтдаг. Ангол, Нигери зэрэг орон цэвэр эрчим хүч рүү шилжихийн хэрээр чулуужсан түлшний экспорт болон засгийн газрын орлого мэдэгдэхүйц буурч магадгүй юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “COP27” хурал 2022 оны арваннэгдүгээр сарын 6-нд хамгийн сүүлд болсон. “Хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа” уриатай уг хуралд 30 мянга орчим төлөөлөгч оролцжээ. “COP27” хурлаар өнгөрсөн жил уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хохирлыг арилгах сан байгуулах тухай яригдсан. Энэ нь сайн мэдээ хэдий ч утааг бууруулах, чулуужсан түлшнээс татгалзах амлалтаасаа ухарсан гэж ажиглагчид үзжээ. Европын холбоо, Австрали, Энэтхэг, Канад, АНУ, Норвеги зэрэг хамгийн том үйлдвэрлэгчид чулуужсан түлшний үйлдвэрлэлийг үе шаттайгаар зогсоох хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Харин Хятад, Орос, Бразил, Саудын Араб, Иран улсууд татгалзсанаар “COP26”-ийн амлалт бүдэгрэх тийшээ хандсан юм. Ийнхүү хурлын эцсийн шийдвэрт чулуужсан түлшийг үе шаттайгаар зогсоох талаар огт дурдагдаагүй аж. Мөн 1.5 хэмийн зорилтыг ч тухайлан онцлоогүй. 

Уг хурлаар дорвитой өөрчлөлт хийх болов уу гэж олон хүн найдаж байсан ч тэгсэнгүй. Хохирлын санг энэ онд байгуулах боловч хэн, хэчнээн хөрөнгө, ямар үндэслэлээр гаргах нь тодорхойгүй байна. 

“COP27”-д оролцсон 30 мянган төлөөлөгчийн 1000 гаруй нь газрын тос, байгалийн хийгээр баялаг Арабын нэгдсэн Эмиратаас иржээ. Ашиг сонирхлын хувьд илт давамгай тус улсаас хамгийн олон төлөөлөгч ирсэн нь энэ юм. Угтаа бол уур амьсгалын өөрчлөлтийн хурлаар Африкийн ашиг сонирхлыг чухалчлана гэж амлаж байсан ч энэ салбарын лоббичид Африкийн төлөөлөгчдөөс тоогоороо хавь илүү гарчээ. Тодруулбал, хуралд оролцогсдын 636 нь чулуужсан түлшний салбарын лоббичид байсан. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн хурлын эцсийн шийдвэрийг гаргахад хэн илүү эрх мэдэлтэйг, хэн нь үгээ хэлж чаддаггүйг энэ тооноос тодорхой харж болох юм. 

Эх сурвалж: THE CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж