"Ард түмэн намайг уучилж, тайзнаа дахин дуулах хүчийг өгсөн"

Хуучирсан мэдээ: 2023.02.27-нд нийтлэгдсэн

"Ард түмэн намайг уучилж, тайзнаа дахин дуулах хүчийг өгсөн"

"Ард түмэн намайг уучилж, тайзнаа дахин дуулах хүчийг өгсөн"
ОХУ-ын Буриадын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүтэй ярилцлаа. Тэрбээр "UB Palace"-ын концертын танхимд "Хайртай шүү ээжээ" тоглолтоо гуравдугаар сарын 4-нд хийхээр төлөвлөжээ. Ингээд түүний яриаг хүргэе.

-Зарим хүмүүс дуучин Б.Амархүүг ОХУ-д төрж, өссөн гэж ойлгодог. Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

-Би Булган аймгийн Орхон суманд төрсөн. Малчин айлын хөдөөний хүүхэд. Хар багаасаа хөдөө тал нутагт морь унаж өссөн. Манай өвөө Булган аймгийн Сайхан сумын Засаг даргаар ажиллаж байсан, Монгол Улсын анхны Үндсэн хуулийг батлахад гар бие оролцож явсан мундаг хүн. Бас аймгийн арслан цолтой бөх хүн байсан. Багадаа их хөдөлгөөнтэй, тархи толгойгоо хагалчихдаг, сахилгагүй хүүхэд байлаа. Манай аав Улсын циркт ажилладаг уран бүтээлч хүн. Аавыгаа дагаж циркийн алтан үеийн мундаг жүжигчидтэй тоглож, өссөн дөө. Тэр утгаараа урлагийн салбарт илүү ойр байдаг болов уу.

Би нэгдүгээр ангидаа З, 4 дүгээр хорооллын 54 дүгээр сургуульд элсэн суралцсан. Тэгээд хоёрдугаар ангид сурах жил аав, ээжид маань ОХУ-д очиж ажиллах санал ирсэн юм.

-Айлын ганц хүү эрх гэж яриангүй биз?

-Эрх хүү байсан. Аав, ээж хоёр намайг хайраа дэвсэж, дураар минь өсгөсөн. Надад бараг үгүй гэж хэлдэггүй, гар хүрч үзээгүй. Аав ээж рүү чанга дуугарах байтугай муухай ч харж байгаагүй. Аав минь цаанаа бодолтой, их ухаантай хүн байсан. Манай аавыг урлаг, загварын салбарынхан андахгүй. Аав минь загварын “Гоёл” наадмыг олон жил найруулж, “Монгол тулгатны 100 эрхэм” контентын туслах найруулагч гээд урлагийн салбартаа хүрээлэл сайтай хүн байсан.

Ээжийг маань Амарсайхан гэдэг. Эмч мэргэжилтэй хүн. Надад жинхэнэ эхийн хайрыг шингээж өсгөсөн.

Учир нь Анагаахын шинжлэх ухааны дээд сургуулийг алтан медальтай төгссөн ч ажлаасаа гарч, амьдралынхаа бүх цаг хугацааг хүүдээ зарцуулсан. Намайг бага байхад Майкль Жексон, Майкль Жордан дэлхийн шүтээн болж байлаа. Миний хүү энэ мундаг хүмүүс шиг болно гэж намайг дэмжиж, хурцална. Намайг өсгөсөн яг тэр хайраараа одоо миний ганц хүү А.Анандыг өсгөж байна.

-Аав, ээж хоёр нь дуучин болохыг нь дэмжиж байсан уу?

-Үгүй. Аав, ээж хоёр маань намайг урлагийн замыг сонгоход дуртай хүлээж аваагүй. Аав маань урлагийн хүн учраас жаргал зовлонг нь маш сайн мэднэ. Циркийн уран бүтээлчид урт хугацаагаар гадаадад аялан тоглолт хийхээр явна. Одоогийнх шиг улс хоорондын визний асуудал чөлөөтэй байсангүй. Урлагийн хүний амьдрал хэцүү учраас хүүгээ урлагийн замаар явуулах дургүй байсан. Сургуульд байхдаа дууны янз бүрийн тэмцээнд оролцож, шагнал авахаар аав, ээж маань хөөрч баярлаж байгаагаа харуулдаггүй. Би түүнд их эмзэглэж, шар хөдөлнө.

Гэтэл хожим нь надад “Машинд суугаад явахаар арын суудал дээр дуулаад л явдаг хүүхэд байсан. Чи энэ хорвоод дуучин болох зорилготой ирсэн гэдгийг чинь эртнээс мэдсэн. Тиймээс магтаалд ханаад дуулахаа больчих байх гэж бодсон учраас ил цагаан магтаж байгаагүй” гэдгийг хэлж байсан.

Яг намайг хүлээн зөвшөөрсөн цаг үе бол “Народны артист” тэмцээн. Тэр Кремлийн тайзан дээр ОХУ-ын нэр хүндтэй уран бүтээлчид шилдгээр шалгарсан хоёр залуу уран бүтээлчийг танилцуулж, эцэг эхийнх нь нэрийг дуудсан. Тэр мөчид л аав, ээж маань намайг урлагийн хүн болохыг минь хүлээн зөвшөөрсөн юм шиг санагддаг.

-“Хайртай шүү ээжээ” тоглолтоо хийхээр тун завгүй яваа сурагтай. Сүүлчийн орос дууны тоглолт гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Жил бүрийн Мартын 8-ны баяраар уламжлал болгон “Хайртай шүү ээжээ” төслийн хүрээнд уран бүтээлчид тоглолт зохион байгуулдаг. Энэ жилийн баяраар би зочноор оролцож, ая дуугаа өргөх гэж байна. Монголын бүх сайхан ээжүүд, залуу бүсгүйчүүд, удахгүй ээж болох гэж байгаа бүсгүйчүүддээ тоглолтоороо бэлэг барихаар зорьж байна. Энэ боломжийг эрчүүд маань ашиглаж, оноо авчих болов уу гэж найдаж байна. Та бүхэн маань хайртай ээж, ханиа, охиноо баярлуулж, хамтдаа нэг үдшийг сайхан өнгөрүүлээрэй.

Хэдийгээр олон улсын геополитикийн асуудал хурцадмал байгаа ч урлагтай ямар ч хамаагүй. Монголчууд аль эртнээс орос дуу дуулах дуртай байсан. Ялангуяа намайг анх орос дуугаар олонд танигдсан гэдэг утгаар орос дуугаар их төсөөлдөг юм шиг байна лээ. Энэ жил “Хайртай шүү ээжээ” тоглолтоо гуравдугаар сарын 4-нд “UB Palace”-ын концертын танхимд хийхээр бэлэн болоод байна. Энэ жилийн Мартын 8-ны өдөрт зориулсан гуравдугаар сарын 4-ний тоглолт орос дуунаас бүрдсэн сүүлчийн том тоглолт болж байгаагаараа онцлог. Ашгийн төлөө бус тоглолт учраас тасалбар маань бүгд 30 мянган төгрөгийн үнэтэй.

Тоглолтын 90 хувь нь орос дуу байх болно.

Хүмүүс яагаад тоглолтын зар дээрээ орос дууны сүүлчийн тоглолт гэж тодотгосон юм бэ гэж асууж байна. Ер нь орос дуунуудаараа дахин том хэмжээний тоглолт хийхгүй. Учир нь дараа дараагийн шинэ уран бүтээлээ монгол хэлээрээ дуулж, шинэ мэдрэмж, шинэ стиль, шинэ төрхтэй, шинэ Б.Амархүү гарч ирэх болно. Тэр утгаараа ирэх арваннэгдүгээр сард монгол уран бүтээлээрээ бие даасан тоглолт хийхээр төлөвлөж байна.

-Мэдээж энэ тоглолтын хүндтэй зочин нь хайртай ээж, үзэсгэлэнтэй гэргий нь байх болов уу?

-Ээж маань яах аргагүй тоглолтод маань ирнэ. Аав, ээж маань ах дүү олонтой хүмүүс. Тэр утгаараа хамаатан садан маань хүрэлцэн ирнэ. Харамсалтай нь эхнэр маань энэ удаагийн тоглолтод ирж амжихгүй. Одоо Монголынхоо нэрийг гаргаж, олон улсын загварын салбарт амжилттай яваа. Одоо энэ цаг үед Италийн загварын долоо хоногт оролцож буй. Ирээдүйд ч гэсэн сайхан дурсамж үлдээх маш чухал үйл явдал. Тиймээс хэн хэн нь ажлаа хийсэн нь зүйтэй гэж шийдсэн. Гэхдээ О.Ариунзулын маань ээж хүрэлцэн ирнэ. Би хадам ээж гэж хэлэх дургүй.

-Ээжийнхээ тухай сайхан дурсамжаас ярихгүй юу?

-Аав маань маш их ажилтай учраас тэр болгон Москвад очиж чаддаггүй байсан. Харин ээж минь Москвад ирэх болгонд миний амьдралд сайхан зүйл тохиолддог. Анх би Москвад очиж, таван жилийн хугацаатай артистын гэрээ байгуулж, урт хугацаанд амьдрахаар болсон. Тэгээд ээж Москвад ирж түрээсийн байр тохижуулах ажлыг маань хийж, шинэ машин худалдан авч байлаа. Дараа нь эхнэртэйгээ танилцаж, Москвад нүүдэл хийхэд шинэ байранд маань хадаг зүүж өгсөн. Тэгсэн бид хоёр улаан өнгөтэй шинэ "Бенз" маркийн машин хожиж байлаа.

Ээжтэй хүнд зовлон хүртэл жаргал шиг санагддаг гэдэг шүү дээ. Одоо ээж минь хамаг зүрх сэтгэлээ хоёр хүүдээ зориулж байна даа.

-Хүүгээ алдаж оноход нь ээж нь чин сэтгэлийн үгээ хэрхэн захиж, сургаж байв?

-Мэдээж ээжид маань надаас илүү хэцүү байсан. Тэр сэдвээр ээжтэйгээ ярилцахгүй байсан нь дээр юм болов уу гэж бодсон. Миний хувьд маш их ичиж, зовсон. Би аав, ээжийнхээ итгэлийг, ард түмний хайрыг алдсандаа гэмшиж, зовсон. Тэрэндээ гэмшиж зовно гэдэг хэцүү. Юу ч болоогүй юм шиг царайлаад явах нүүр надад байгаагүй. Би ийм зүйл хийчихээд тайзан дээр гарч дуулах эрх байхгүй.

Олны танил, дуучин гэж хэлүүлэх ч эрхгүй. Маш их ичиж, гэмшсэн. Тэр асуудлаас болж аав маань хүнд өвдөж, бурхан болсон. Тэгэхээр ямар хэмжээний  хэрэг тарьж, хариуцлага хүлээж, ямар зовлон үзэж байгаагаа ухаарч сууна.

-Одоо дахин ард түмнийхээ хайр итгэлийг дааж, шинэ уран бүтээлээ хийхээр төлөвлөж байна. Уран бүтээлд нь улам их амжилтыг хүсье.

-Би  ингэж олон түмний итгэлийг алдсан юм чинь дуучнаар зарлуулж, тайзнаа гарч дуулах эрх надад байхгүй гээд хоёр жил урлагаасаа хөндийрсөн. Надад тоглолт хийх олон санал орж ирсэн. Тэгээд сүүлд “News star” продакшны продюсер С.Гантөр ах “Ах нь тэр болгон тоглолт хийдэггүй, 10 жилд бараг нэг удаа тоглолт хийдэг. Тиймээс ахынхаа “My Love” тоглолтод оролцооч ээ. Чи тайзан дээр гарах хэрэгтэй. Хэдийг болтол урлагаа хойш тавих юм бэ” гэсэн. Би сүүлдээ эргэлзсээр байгаад тоглолтод нь оролцохоор шийдсэн.

Тайзан дээр гарахын өмнө маш их айж, сандарч, үзэгчид намайг хүлээж авахгүй хөөх байх, элдвээр хэлж юм шидэх болов уу гэж айсан. Тэгээд өөр дээрээ гишгээд л тайзан дээр гарсан.

Одоо энэ тоглолтоо хийх эр зоригийг ард түмнээсээ авсан. Үзэгчид намайг дуулахад хуучин шиг минь хүлээн авч, намайг уучилсан юм шиг санагдсан. Хоёр дахь дуугаа дуулахад дахиулж бүр их урам авч, тайзны ард нулимс гарах шахуу орсон. Тэгтэл рок попын домог уран бүтээлчид маань “Миний хүү тоглолтоо хийх цаг чинь болсон байна. Чи азтай байна. Ард түмэн чамайг уучилсан байна. Баяр хүргэе. Дахин итгэлийг нь алдалгүйгээр уран бүтээлээ хий” гэж урам хайрласан. Тиймээс бүх сайхан ээжүүд, бүсгүйчүүдээсээ маш сайхан энерги, хайрыг мэдэрч, үзэгчидтэйгээ хамт дуулахыг хичээж байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
216
ТэнэглэлТэнэглэл
58
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж