2023 онд цол, зиндаа дэвшиж, түрүү хүртэх найман сүмоч

Хуучирсан мэдээ: 2023.02.27-нд нийтлэгдсэн

2023 онд цол, зиндаа дэвшиж, түрүү хүртэх найман сүмоч

2023 онд цол, зиндаа дэвшиж, түрүү хүртэх найман сүмоч

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртэл гэмтлийн улмаас тогтвортой барилдаж чадахгүй байгаа учир бусад сүмочдод боломж гарч ирсэн. 2022 оны зургаан башёд зургаан бөх түрүүлснээс харахад өрсөлдөөн жигд байна. Энэ оны эхний башёд ч Такакэйшо түрүүлээд буй. Тэгвэл үлдсэн таван башёд хэн түрүүлэх боломжтой вэ?

  1. Такакэйшо Мицүнобү

Такакэйшо бяр ихтэй, өнгөтэй байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд түрүүлснээр тэрбээр эзэн хааны цомыг гурав дахь удаагаа хүртсэн. Энэ ч амжилтаараа ёкозүна цолонд хамгийн ойр бөхөөр нэрлэгдэж буй. Одоо идэвхтэй барилдаж буй ганц ёкозүна болох Тэрүнофүжи бэртэлтэй байгаа учир сүмогийн холбоо ч дахиад ёкозүна цолтон төрүүлэхэд татгалзах зүйлгүй.

Хамгийн гол нь Такакэйшо дөрвөн башё дараалан арав болон түүнээс дээш даваа авсан. Мөн бэртэл гэмтэл бараг л үгүй. Ингээд бодохоор өдгөө 26 настай Такакэйшо дахиад нэг эсвэл хоёр түрүүлэхэд ёкозүна болох бүрэн боломжтой.

  1. Асанояама Хидэки

Угтаа озэки цол хүртэж, сайн барилдаж байсан ч хэрэгт холбогдон цолоо хураалган зиндаа буурсан Асанояама эргэн дээшилж байна. Өдгөө 28 настай тэрбээр удахгүй дээд зиндаандаа барилдаж, эзэн хааны цомын төлөөх дайралтаа эхлүүлэх биз. Хэрэв цар тахлын журам зөрчиж, гадуур гараагүй байсан бол Асанояама өдийд ёкозүна болчихсон байхыг ч үгүйсгэхгүй.

  1. Накамүра Даики

Сонирхогчдын сүмогийн хоёр удаагийн ёкозүна Накамүраг мэргэжлийн дэвжээнээ цахиур хагална гэж сүмо сонирхогчид итгэж байна. Их сургууль болон сонирхогчийн түвшинд хэдийнэ олны танил болсон түүний дээд зиндаанд хэзээ, хэрхэн барилдах нь сонирхолтой байна.

  1. Хокүсэйхо Осамү буюу А.Даваанинж

Ирэх гуравдугаар сарын башёд дээд зиндаанд анх удаагаа барилдах Хокүсэйхо бол Хакүхогийн гарын шавь бөгөөд сүмо дахь монголчуудын үргэлжлэл болж буй хүчтэн. Өдгөө дөнгөж 21 настай түүнд их итгэл хүлээлгэж буй. 200 см өндөр, 164 кг жинтэй түүний хувьд тэнгэр л хязгаар гэж бөх сонирхогчид ярьж байна.

  1. Очиай Тэцүяа

Хакүхогийн бас нэгэн залуу шавь удахгүй дээд зиндаанд гарч ирнэ. Ахлах сургуулийн ёкозүна Очиай өнгөрсөн башёд макүшита зиндаанд барилдсан бөгөөд 7-0 гэсэн амжилттай аварга болсон. Ирэх башёд зиндаа ахиж, жүрёод хүч үзнэ. Энэ эрчээрээ явбал энэ ондоо багтаагаад дээд зиндаанд орж ирэх боломжтой. Хамгийн сонирхолтой нь тэр дөнгөж 19 настай.

  1. Хошорюү Томокацү буюу С.Бямбасүрэн

Асашорюүгийн үеэл Хошорюү дээд зиндаанд барилдаад багагүй хугацааг үдэж байгаа ч ердөө 23 настай. 2022 оны нэгдүгээр сарын башёгоос эхлэн долоон башё дараалан качикоши буюу найман болон түүнээс дээш даваа аваад байна. Сэкивакэ цол ч хүртээд амжсан. Удахгүй чадамжаа бүрэн ашиглаж, аварга ахынхаа араас олон түрүү хүртэх биз.

  1. Тэрүнофүжи Харүо буюу Г.Ган-Эрдэнэ

Эрүүл байвал өнөө цагийн хамгийн шилдэг сүмоч гэхээр Тэрүнофүжи ирэх тавдугаар сард эргэн ирэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын башёг өнжинө. Өвдөгний бэртлээ бүрэн эдгээгээд ороод ирвэл энэ онд 1-2 түрүү бий.

  1. Вакатакагэ Ацүши

Өнгөрсөн оны гуравдугаар сарын башёд түрүүлсэн Вакатакагэ бол яахын аргагүй өнөө цагийн шилдэг сүмочдын нэг. Башё бүрт л качикоши хийдэг тэрбээр энэ эрчээрээ энэ ондоо багтаан озэки болж магадгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж