Хятадын бизнесменүүд Монголын талд “дутагдал” байгааг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2023.02.27-нд нийтлэгдсэн

Хятадын бизнесменүүд Монголын талд “дутагдал” байгааг шүүмжлэв

Хятадын бизнесменүүд Монголын талд “дутагдал” байгааг шүүмжлэв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК хамтран “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаа” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.02.27) Туушин зочид буудалд зохион байгуулав. Энэхүү хэлэлцүүлэг нь Засгийн газраас баталсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд нүүрсний цахим арилжааг нээлттэй, ил тод, оролцогчдын тэгш эрхийг хангасан байдлаар зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох, арилжааны мэдээллийг худалдагч, худалдан авагч, бусад оролцогчдод бодитой, үнэн зөв, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж.

Уулзалт хэлэлцүүлгийг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал нар үг хэлэв.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал хэлсэн үгэндээ “УИХ-аас ил тод хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтооход чиглэсэн бодлого, чиглэлүүдийг гарган ажиллаж байна.

Энэ хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан явдал юм. Уг хууль энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Өнөөдрийн байдлаар нүүрсний арилжааг Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын зохицуулалтын дагуу явуулж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаанд тавих хяналтын журам”-ыг өнгөрсөн сард Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран баталж, экспортод гаргах нүүрсний цахим арилжаанд хяналт тавин ажиллаж байна. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа шударга, нээлттэй ил тод зохион байгуулагдах цаашлаад таваарын  бирж үүсэн бий болоход чухал ач холбогдолтой" гэж онцлов.

Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл биечлэн оролцсон бол цахимаар 80 гаруй аж ахуйн нэгжийн холбогдох ажилтнууд оролцжээ. Хэлэлцүүлэгт оролцогчид биржийн болон нүүрсний арилжаатай холбоотой дүрэм журам, заавар, дуудлага арилжаанд хэрхэн оролцох, гэрээ хэлцэл хэрхэн байгуулах, төлбөр тооцооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахын зэрэгцээ сонирхсон асуултдаа хариулт авав.

Энэ үеэр Хятадын бизнес эрхлэгчид ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Уул уурхайн биржийн тухай хууль болон одоогийн "түр журам" тодорхой бус байгаад ихээхэн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ. Тэд нүүрс худалдах нөхцлүүдээ энгийн,  хялбар, тодорхой болгох шаардлагатайг хэлэв.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа хэлэхдээ, "Ам нөхцөлөөр худалдан авахад тээврийн зардал тусдаа, худалдан авагч тал өөрсдөө тээврийн зардлаа хариуцдаг байсан. Харин биржээр авбал борлуулагч тал хариуцдаг болно гэсэн үг. Тээврийн үнэ өртөг, гарах эрсдэлүүдийг тооцвол үнэ өндөр байх нь ойлгомжтой. Ер нь манайд тээвэрлэлт дээр л асуудал, эрсдэл гардаг. Уул уурхайн компаниуд олборлолт талдаа асуудал гаргах нь харьцангуй бага. Тиймээс тээврийн эрсдэлийг олборлогч, борлуулагч тал хариуцаж эхэлнэ. Эрсдэлээ дагаад өртөг нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор Цагаан хад дээр нүүрс буулгадаг, буцаж ачаад хорогдол гаргадаг, олон шат дамжлагаар дамжиж, хулгай авлига гардаг байдлыг зогсооно. Засгийн газраас аль болох олон төрлөөр экспорт хийхийг дэмжинэ. Үүнд, AGV, чингэлэг терминал, авто зам, төмөр зам гэх мэт орно" гэж хэлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж