Эмнэлгээ барья, эмч нараа сургая!

Хуучирсан мэдээ: 2023.02.27-нд нийтлэгдсэн

Эмнэлгээ барья, эмч нараа сургая!

Эмнэлгээ барья, эмч нараа сургая!

Одоогоос нэг жилийн өмнө саажилттай бяцхан хүүхдүүдээ тэвэрсэн эцэг, эхчүүд Төрийн ордны гадаа жагсч, гадаад оронд яаралтай эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төр хариуцах, энэ төрлийн эмчилгээ, мэс заслыг Монголд хийх боломжоор хангаж өгөхийг Ерөнхий сайдад хандан тавьж байсан ч ахиц гарсангүй.

Саажилттай, элэг, зүрх шилжүүлэн суулгах шаардлагатай бяцхан үрсээ эмчлүүлэхээр харийн орныг зорих эцэг, эхчүүдийн цуваа тасарсангүй.

Сар шинийн өмнө Ерөнхий сайдыг БНСУ-д айлчлал хийх үеэр дээрх төрлийн өвчний оноштой хүүхдүүдээ эмчлүүлэхээр Монголоос зорьж очсон 50 эцэг, эх байгааг иргэдийн төлөөлөл хэллээ. Энэ бол цочирдом тоо, зөвхөн нэг улсад дээрх тооны хүүхэд эмчлүүлэхээр, хагалгаа хийлгэхээр очсон байна гэдэг нь маш том асуудал.  Үүнийг БНСУ-д эмчилгээ хийлгэхээр тухайн эмнэлэгтэйгээ тохирчихсон тохиолдолд визийн хөнгөлөлт эдлүүлэхээр аргацааж болохгүй. Учир нь, монголчуудын гадаад орнууд руу явж эмчлүүлдэг орны тоо зөвхөн БНСУ-аар хязгаарлагддаггүй. Хятад, Турк, Энэтхэг, Америк, Герман, Япон гээд аль улсад аюулт өвчнийг нь эмчлэх найдвар төрүүлэв, тэр зүг рүү морддог.  Орон байр, машин тэрэг мөнгө болох юу л байна бүгдийг нь зарж, эмчилгээний төлбөрөө босгодог. Хэрэв хүрэхгүй бол хандив гуйна. Өөрсдийгөө зарахаас наахнуур болж байж, эмчилгээний төлбөрөө босгоно.  Хэрвээ Монголд саажилт зэрэг өвчнийг эмчилдэг байсан бол тэд өр зээл тавьж, хандив гуйн хүний нутгийг зорих шаардлагагүй, Монголдоо эмчлүүлнэ.

Уг нь энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан А.Ариунзаяа “Өнөөдөр өвчний улмаас хандив цуглуулаад гадагшаа явж байгаа маш олон хүүхэд бий. Гэтэл цөөн хүүхдүүдийг гадагшаа явуулахаас илүү яг мэргэжлийн эмч нарыг гаднаас урьж, Монголд ажиллуулах нь илүү олон хүүхдэд хүрэх боломж нь нээгдэнэ.

Иймд Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яам хамтран мэдрэлийн өнцгүүдийг суллах хагалгааг судалж, бүрэн эдгэхгүй ч тодорхой хэмжээний сайжруулалт байгаа бол бид аль болох сайжруулалт, үр дүнтэй сайжруулах тал дээр ажиллах ёстой.

Нөгөө талаар бас дотоодод ажиллаж байгаа эмч нарынхаа чадамжийг нэмэгдүүлж, дотооддоо энэ хагалгааг хийдэг болохын тулд боловсон хүчнээ бэлдэж эхэлье гэж бодож байна” гэсэн билээ.

Энэ үгэнд маш олон эцэг, эх баярласан. Харамсалтай нь, өнөөдөр бахь байдгаараа. Мөнгө босгож чадсан нь гадаад руу эмчилгээ хийлгэхээр, чадаагүй нь Монголдоо өвчиндөө шаналсаар…

Одоо хаа, хаанаа хэлсэн ярьсандаа байцгаая. Хэдий болтол виз хөнгөвчлөх арга хэмжээ авснаар аргалах вэ. Эмнэлгээ барья, эмч нараа сургая. Боломж нөхцөлөөр нь хангаад өгвөл Монголын эмч нарт чадахгүй хагалгаа, дийлэхгүй өвчин гэж үгүй. Арван жилийн өмнө Монголд эмчлэх боломжгүй 36 төрлийн өвчин байсан бол өдгөө 26 болж, буурсан. Гэхдээ энэ тоог дахиад ч бууруулах ёстой. Монгол хүн эх орондоо эмчлүүлдэг, эдгэрдэг болтол эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай.

Дэлхийн мэс заслын хамгийн өндөр технологид тооцогдох эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон амжилттай нутагшуулснаар хоёрдугаар сарын эхээр бөөр шилжүүлэн суулгах 300 дахь мэс заслыг амжилттай хийгээд байна. Өвчтөн нь 34 настай эрэгтэй, IV бүлгийн цустай, бөөрний дутагдал оноштой бөгөөд 32 настай эмэгтэй дүү нь донор болсон.

Мэс заслын багт 60 гаруй хүн багтсан бөгөөд өвчтөний бие сайжирч байгааг тус эмнэлгээс мэдээлж байв.

Энэ мэтчлэн нааштай мэдээллүүд байгаа ч хорт хавдар гэдэг аюулт өвчний нас баралтаар Монгол Улс дэлхийд тэргүүлсээр…

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-аас 2040 он гэхэд Монгол Улсад хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол 11,647-д хүрч, хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өснө гэсэн судалгааг гаргажээ.

Хавдраас шалтгаалсан нас баралт 1990 оноос хойш нас баралтын хоёр дахь шалтгаан болсоор байгаа бөгөөд 56.1 хувь нь эрэгтэйчүүд, насны хувьд 40-өөс дээш насныхан 94.9 хувийг эзэлж байгаа юм.

Жилд шинээр оношлогдож буй хорт хавдрын 72,4 хувь нь хожуу буюу 3-4 дэх үе шат буюу төгс эмчлэгдэх боломж багассан үедээ оношлогддогоос нас баралтын түвшин өндөр аж.

2021 оны байдлаар 0-19 насны 115 хүүхэд хорт хавдраар өвчилсөн бөгөөд 55 хүүхэд нас баржээ. 2021 оны жилийн эцсийн байдлаар 24,141 хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад орсны 456 нь хүүхдүүд байжээ.

ДЭМБ-аас хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлсэнээр хорт хавдрын шалтгаант нас баралтыг 35-60 хувь бууруулах боломжтой хэмээн зөвлөсөн юм.

Иймээс Засгийн газар 2022 онд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдээ урьдчилсан үзлэг, оношилгоонд хамруулах шийдвэр гаргаснаар одоогоор 850 мянга гаруй иргэн хамрагдаад буй. Гэхдээ энэ үзүүлэлт хангалттай бус хүн амын 25 хувь л урьдчилсан үзлэгт хамрагдсан байгаа юм. Тиймээс иргэн бүр энэхүү урьдчилсан үзлэг, оношилгоонд хамрагдах нь чухал байгааг ч санах хэрэгтэй.

Урьдчилсан үзлэг оношилгоог эхлүүлснээр хортой болон хоргүй хавдрын 2796 сэжигтэй тохиолдол илрүүлжээ. Үүний 62 тохиолдол нь хүүхдээс илэрсэн бол 0-5 насныхан 17, 6-17 насны хүүхдүүдэд 45 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд буй.

Тодруулж хэлбэл, эрт илрүүлэг ямар чухал урьдчилан сэргийлэлт вэ гэдэг нь ч эндээс харагдана.

Иргэд эрт илрүүлэгтээ хамрагдая, төр эмчээ гадаад орнуудад нарийн мэргэжлээр сургаж, эмнэлгүүдээ ч шинээр барьж, байгуулахад анхааръя. Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлдэг иргэдийн тоо жилээс жилд өссөөр байгаа ч эрэлтийг нь хангах, эмч, эмнэлэг хүрэлцэхгүй байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж