Сар шинийн өмнөхөн “Гандантэгчэнлин” хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “Туулай жил зуд турхан болж байсан түүх ховор. Тиймээс дэлгэр сайхан жил болно гэж бэлгэшээж байна. Дээдэст сайн, дунд улсад дунд зэрэг, нялхаст тиймдүү, харин залуу гэр бүлд төрөлт арвижихын шалтгаан байна гэж зурхайд дурдсан” болохыг тайлбарласан биш олон нийтийн сүлжээнд талцал, маргаан дагуулав. Номун ханы айлдсан дээдэс гэдэг нь сайд дарга нарыг хэлээгүй нь мэдээж. Харин чиг хар туулай "хаад, ноёдод" халтай жил болох нигуртай байна.
Нэг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагаан сарын яг өмнөхөн МҮОНРТ-д өгсөн ярилцлагадаа төрийн авлигач, хулгайч, луйварчидтай айхгүй тэмцэнэ, авлигатай тунхаг байдлаар биш тулж үзэхээсээ сөөм ч ухрахгүй гэжээ. Тэгэхээр түүний зарласан таван “Ш” ажиллагааны хүрээнд авлига, хулгайн хэргээр шоронгийн хаалга татах цагаан захтнуудын цуваа цаашид үргэлжлэх нь нэн ойлгомжтой болов.
Монголд бусдын өнчин ишиг хулгайлсан нь шоронд, улсын өч, төчнөөн хөрөнгө луйвардсан нь ордонд суудаг нь жирийн үзэгдэл болсон. Арван цаас олохын төлөө нэг хэсэг нь өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байхад авлигачдынх нь гэрээс арван тэрбум төгрөг олдох нь хэвийн зүйл болсон. Хувийн хэвшлийнхний хуруу хумсаа хуйхлан байж цуглуулсан мөнгийг нь төрийн албан хаагчид нь хувааж, нийлээд хулгайлж иддэг нь гэм биш болсон. Үндсэндээ, Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн гол боомилогч нь, ажилгүйдэл ядуурал руу түлхэгч нь авлига, авлигачид болоод удаж байгаа. Тиймээс авлигатай жинхэнээсээ тэмцэж, авлигачдаас төрөө цэвэрлэж чадах юм бол Л.Оюун-Эрдэнийн зураг хананд биш нэр нь түүхэнд үлдэх биз.
Түүний шүүр, шүгэл, шил, шувуу, шилжүүлэн авах, шилэн ажиллагаанаас энгийн иргэд гэхээсээ эрх баригчид, эрх мэдэлтнүүд илүү айж байна. Айсан хүнд аргал хүртэл хөдөлдөг гэдэг.
Ирэх хаврын чуулганаар Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл УИХ-аар батлагдах аваас албан тушаалтнууд бусдаас авлига нэхэж чадахаа болино. Хоёрт, хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээгээ төрийн албан хаагчид нотолдог болно. Нотлож чадахгүй аваас авлига авсан хэргээр шоронгийн хаалга татна гэсэн үг. Энэ нь төрийн албыг төрлийнхнөөс цэвэрлэхэд тус нэмэртэй. Улстөрчдийн тарьсан ургийн мод Монголын төрд улам томорсоор, улам цэцэглэсээр байгаа. Үүнийг өөрчилж байж төрийн албанд шинэ сэргэлт явагдана.
Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон оргодлуудаа Монголын төр олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэхээр болжээ. Жишээ нь, нүүрсний хэрэгт холбогдсон Ө.Шижир, Н.Удаанжаргал нар хил даваад зугатчихсан.Авлигын загалмайлсан эцэг Ардын намын Т.Бадамжунай аль эртнээс гадаадад нуугдаж байгаа. Тэгэхээр авлигачдын алхах газар, амьсгалах агаар улам хумигдана гэсэн үг.
Шилэн данс бол шинэ сэдэв биш. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж төрийн бүх дансыг шилэнжүүлсэн. Харамсалтай нь, хуулийн цоорхойг ашиглан хулгай хийгсэд байсаар байгаа. Шилэн дансны ачаар татвар төлөгчдийн хөрөнгөөр төсөв захиран зарцуулагчид, төрийн өмчит компаниудын дарга, удирдлагууд хэрхэн тансагладаг нь илчлэгддэг. "Эрдэнэт"-ийн удирдлагуудын урамшлуулалаас эхлээд төрийн дарга нарын гадаад, дотоодын томилолт, аялал зугаалгад зарцуулсан хэдэн арван тэрбум төгрөг шилэн дансаар баригдсан. Одоо төрийн төгрөг бүрийг шилжүүлэх шаардлагатай. Дээр нь улс төрийн намуудын дансыг "шилэнжүүлэх" нь улс төрийн нэг цэвэрлэгээ болох юм. Хэн хэдэн төгрөг намдаа хандивлаж, сайдын сэнтийгээр шагнуулдаг нь ойлгомжтой, тодорхой болно гэсэн үг.
Хоёр.
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үгтэй. Цагаан сарын өмнө эхэлсэн Хөгжлийн банкны шүүх хуралд 80 хүн яллагдагчаар татагдсан. Тэдний дунд нэр бүхий эрх мэдэлтэн, улстөрчид бий. Жишээ нь, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын гишүүд Хөгжлийн банкийг тоносон хэргээр шүүхийн хаалга татахад хүрсэн. Экс Ерөнхийлөгч Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, С.Эрдэнэ зэрэг томоохон улстөрч банкны тонуулын хэргээр УИХ-ын нээлттэй сонсголд байцаагдсан гэх мэт усан туулай жил цөөнгүй цагаан захтан үнэнд гүйцэгдэж усан нүдлэхээр байна.
Тэгвэл нүүрсний хулгайн хэрэгт А.Адъяасүрэн Д.Бат-эрдэнэ Ц.Анандбазар Н.Наранбаатар Б.Баттөмөр Ц.Сэргэлэн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат Т.Аюурсайхан нар холбоотой болохыг АТГ зарласан, прокуророос тэднийг яллагдагчаар татсан. Тэднээс Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ хүргүүлсэн, араас нь А.Адъяасүрэн Д.Бат-эрдэнэ Ц.Анандбазар Н.Наранбаатар Б.Баттөмөр Ц.Сэргэлэн Ш.Раднаасэд нарын асуудал хаврын чуулганы хачир болох биз. Товчхондоо, хуулийн хамгаалалтын ард хулгайч нар цаашдаа нуугдах боломжгүй болж байна гэсэн үг.
Өмнө нь ЖДҮ, жаран тэрбумын хэрэгт холбогдсон гишүүдээ “журмын нөхөр, анд найзууд” гэж ханддаг, Ардын намынхан асуудлыг нь хав дардаг, авч үлддэг байсан. Энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анд нөхдөө авч үлдэхгүй, хамгаалж хайцаалахгүй гэлээ. Эр хүн хэлсэн дээ гэдэг. Л.Оюун-Эрдэнийн хэлсэндээ хэр хүрэхээр Монгол Улс авлигадаа идэгдэх үү, авлигачдаа цэвэрлэх үү гэдэг нь шийдэгдэнэ. Товчхондоо, авлигачдад төр төмөр нүүрээ харуулах цаг ирсэн гэсэн үг. Тэр тусмаа шүүх томилсондоо биш тангарагтаа үнэнч "үйлчлэх" ёстой болж байна.
Тэгэхээр авлигачдад хатуу, ард иргэдэд ээлтэй туулай гарч байх шиг. Эрх мэдэлтнүүдийн халаасалдаг далд эдийн засаг, хар мөнгөнүүд ил болсноор энгийн иргэдийн ашиг орлого өснө, ажлын байр нэмэгдэнэ. Эрүүл мэнд, эдийн засгийн боломжууд бий болно. Монголын улс төрийн зурхайг ажвал усан туулай жил “ихэс дээдэс” ууж идэхдээ хазаартай, хянамгай хандахгүй бол эрх мэдэл, эд хөрөнгө, эрх чөлөөгөө алдах нигуртай байна.
Холбоотой мэдээ