Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятадын телевизэд ярилцлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2023.02.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятадын телевизэд ярилцлага өгчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятадын телевизэд ярилцлага өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятад улсад айлчилсан. Айлчлалын үеэр тэрбээр Хятадын төв телевизэд ярилцлага өгсөн нь хоёрдугаар сарын 24-ний өдөр цахим сүлжээнд цацагджээ. Түүний ярилцлагыг дор сийрүүлбэл:

-Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчлахдаа “Сайн морьтой бол хол явна, сайн нөхөртэй бол ямар ч саадыг давж чадна” гэсэн үгээр Хятад, Монголын харилцааг зүйрлэж хэлснийг би санаж байна.  Цар тахалтай тэмцсэн сүүлийн гурван жилийн хугацаанд бид хүнд үед бие биедээ харилцан тусалсан онцгой харилцааны гэрч боллоо. Монгол, Хятад хоёр улсын энэхүү өвөрмөц харилцааг та хэрхэн харж байна вэ?

-“Саахалт айлын санаа нэг” гэж манай ард түмний сайхан үг бий. Хөрш зэргэлдээ улс орнууд ажил амьдралаараа холбоотой байдаг. Ши Жиньпин дарга 2014 онд Монгол Улсад айлчлахдаа энэ үгийг хэлснийг би санаж байна. Хоёр орны ард түмний хувь заяа, хөршийн хамтын ажиллагаа бол манай хоёр улсын хамтын ажиллагааны үндэс суурь байдаг. Монгол Улсын эдийн засгийн харилцаа Хятад улстай маш их холбоотой. Монгол Улсын нийт экспортын 60-70 хувь нь Хятад руу гардаг. Мөн бид импортоор ихээхэн хэмжээний бараа бүтээгдэхүүнийг авдаг. Цаашдаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх чиглэлээр бид хамтарч ажиллахаар шийдсэн. Өнгөрсөн хугацаанд бид Хятад, Монголын эдийн засгийн худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэе гэсэн зорилтыг дэвшүүлсэн байсан. Энэ зорилт маань хэрэгжсэн. Сая Ши Жиньпин даргатай яриад энэ худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларын хэмжээнд хүргэе, хоёр дахин нэмэгдүүлье, хамтын ажиллагаа, нэн ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлье, энэ нь хоёр улсын ард түмэн, бизнес эрхлэгчдийн эрх ашигт бүрэн нийцнэ гэж шийдсэн. Мөн засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөтөлбөрийг шинээр баталлаа. Энэ бол хоёр орны засгийн газар хоорондын хөрөнгө оруулалт хөгжлийн чухал түүхэн баримт бичиг болж байна. Энэ бол бидний замын зураглал юм. Энэхүү чухал эрх зүйн баримт бичгийн хүрээнд бид цаашдаа хамтын ажиллагаа өргөжүүлэх болно.

Хятадын төр засгаас дэвшүүлж буй “Бүс ба зам” хөтөлбөрийг Монгол Улсын “Талын зам” хөтөлбөртэй уялдуулах. Энэ бол зөвхөн манай хоёр орны асуудал биш. Бүс нутгийн бусад улс орны хамтын ажиллагаа цаашид улам бэхжиж хөгжиж, бидний дэвшүүлсэн томоохон зорилтууд, томоохон бүтээн байгуулалтуудын ажлууд хэрэгжих боломж нөхцөл бүрдэх ёстой байгаа. Тийм учраас “Бүс ба зам” хөтөлбөрийг Монгол Улс анхнаасаа дэмжсэн. Одоо ч энэ чиглэлд бид хамтран ажиллаж байгаа гэж ойлгож болно. Энэ ажлын хүрээнд гурван улсыг холбосон хийн хоолой дамжуулах томоохон төслийг эхлүүлэхээр ОХУ, БНХАУ, Монгол Улсын ерөнхийлөгчид ШХАБ-ын хурлын үеэр Самаркандад тохирсон. Энэ бол Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг байгуулахад их ач тустай. Мөн төмөр замын төв коридорыг шинэчлэн зохион байгуулах асуудлууд байна. Гурван улсыг холбосон хурдны автозам байгуулах асуудал байна. Эрчим хүчний тухай асуудал байна. Мөн Монгол, Хятадыг холбосон төмөр зам, боомтуудыг хөгжүүлэх чиглэлд бид сая ярилцаж тохиролцлоо. Энэ нь манай хоёр орны төдийгүй бүс нутгийн улс орнуудын цаашдын хөгжил дэвшилд эерэг сайхан нөлөөг авчирна гэж бодож байна.

Монгол Улс өндөр хөгжилтэй, хүчирхэг улс болно гэдэгт би итгэлтэй байдаг. Одоогоос 20 жилийн өмнөх Монголыг өнөөгийн Монголтой зүйрлүүлж харвал өдөр шөнө шиг хөгжсөн. Эрчим хүч, дэд бүтэц, хүн ардын эрүүл мэнд, нийгэм, боловсролын салбар гээд. Монгол бол хөгжиж байгаа улс. Дахиад 10, 15 жилийн дараа гэхэд Монгол Улс өндөр хөгжилтэй улс болно гэдэгт би итгэл төгс байгаа. Үүний тулд хамгийн гол нь бид сайн хөдөлмөрлөх ёстой. Бодлого зөв байх ёстой. Хөрөнгө оруулалт зөв байх ёстой. Мөн бүс нутгийн болон хөрш зэргэлдээ улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх ёстой. Ингэж байж Монгол Улс хөгжинө гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
9
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж