Сурвалжлага: Иргэд цахимаар засал номоо хийлгүүлэх болжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.27-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Иргэд цахимаар засал номоо хийлгүүлэх болжээ

Сурвалжлага: Иргэд цахимаар засал номоо хийлгүүлэх болжээ

Монголчууд хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор тухайн жилийнхээ засал номыг хийлгэх сайн, буян хийвэл арвиждаг гэж үздэг.  Тиймээс цагаан сарын баярын дараагаар "Гандантэгчэнлин" хийдээр үйлчлүүлж буй хүмүүс хэвийн өдрөөсөө хэд дахин ихэсдэг билээ. Энэ удаагийн сурвалжлагаа "Гандантэгчэнлин" хийдээс бэлтгэлээ.

Монголын Буддын шашны төв болох "Гандантэгчэнлин" хийдээр туулай жилийнхээ засал номыг хийлгэх гэсэн түмэн олон бужигнаж байв. Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийнхээ заслыг хийлгэж буй тэдний дийлэнх нь дунд, ахмад насныхан. Харин залуус цөөн харагдана. Хийдийн зогсоол автомашинаар дүүрч, ногоон өнгийн хантаазтай хамгаалагчид зохицуулалт хийж байлаа.

Аргын тооллын хоёрдугаар сарын 26-ний өдөр цаг агаар тогтуун, дулаахан байсан тул ном хуруулахаар "Гандантэгчэнлин" хийдийг зорин ирэгсэд хүүхдүүдээ дагуулж ирсэн байв. Сүмүүдэд нь засал номоо хийлгэж буй хүмүүсээр дүүрчээ. Тэрчлэн дуганы кассанд ном хуруулах хүмүүс  эгнэн жагссан байв.

Хүмүүсийн хамгийн их уншуулдагАлтанганжуурыг хуруулахад 25 мянган төгрөг төлнө. Тус ном Монголд хоёрхон байдгийн нэг нь Гандантэгчэнлин хийдэд нөгөө нь улсын төв номын санд байдаг гэнэ. Мөн хийдийн үйлчилгээ илүү хөгжингүй болж цахимаар ном  уншиж, заал бүрт кассын үйлчилгээг нэвтрүүлсэн нь хүмүүсийн цаг, завыг хэмнэх болжээ.

Тус хийдэд ном хуруулж буй иргэн Ш.Гончигжав “Би  жил бүр жилийнхээ заслыг шинийн 15-ндаа багтаад хийлгэчихдэг. Засал номоосоо шалтгаалаад өөр, өөр төлбөр төлдөг. Ер нь хүн сэтгэл дотроо л сайн сайхныг хүсэх хэрэгтэй шүү дээ. Түүнээс засал ном хийлгүүлж байгаа үнэ тийм ч чухал биш” гэлээ. Тэгвэл иргэн Д.Нямдаваа тухайн жилийнхээ суудлын заслаа шинийн 1-15-ны хооронд багтаж хийлгэхийг боддог ч зарим жил амждаггүй гэлээ. Ялангуяа шинийн найманд ном уншуулахад сайн өдөр байдаг. Тиймээс аль болох шинийн наймны өдөр буян их үйлдэж, засал номоо хийлгэхийг боддог. Би хувьдаа Шарын шашинг их дээдэлж, шүтдэг.  Миний өвөг дээдэс мөн шарын шашны хүмүүс байсан” гэж тэрбээр ярилаа."

"Гандантэгчэнлин" хийдийн лам С.Баажанжаваас сүсэгтэн олон засал ном хийлгэхдээ юуг анхаарах зохилтойг тодрууллаа.

-Цагаан сарын дараа сүм, хийдүүд сүсэгтэн олны хөлд дарагддаг. Гэхдээ өмнөхөө бодвол сүм, хийдээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо харьцангуй багассан юм шиг санагдлаа?

-Хүмүүс цахимаар ном хуруулах нь ихэссэн. Ерөнхийдөө жилээс жилд тухайн жилийнхээ засал номыг хийлгэх хүний тоо буурч байна. "Гандантэгчэнлин" хийдийг зорьж ном уншуулдаг хамгийн эрэлттэй үе нь шинийн 1-15-ний өдрүүд байдаг. Энэ хугацаанд цахим болон өөрийн биеэр  ирж ном уншуулдаг хүний тоо ойролцоогоор сая гардаг байсан. Харин сүүлийн жилд энэ тоо буурч байна. Мөн 1937 оны үед шарын шашны номтой сайн лам нар хэлмэгдүүлэлтэд өртсөн. Үүнээс хойш номтой сайн лам нар багассан. Үнэнийг хэлэхэд, өнөөдөр номтой, сайн лам нар  цөөн хэд л байгаа. Орчин цагт лам нарын талаар сөрөг мэдээллүүд гарах болсон. Үүнээс шалтгаалж хүмүүсийн итгэл үнэмшил дагаад буурч байна.

Хүмүүс шинийн 1-15-ны өдрүүдэд дийлэнхдээ ямар ном хуруулдаг вэ?

-Иргэд голдуу Алтанганжуур номыг уншуулдаг. Мөн тухайн жилийнхээ суудлаас шалтгаалаад хүн бүр өөр өөр ном уншуулна.

инийн 15-аас хойш жилийн заслаа хийлгэж болно биз дээ?

-Заавал шинийн 1-15-нд багтаж жилийн заслаа хийлгэ гэсэн ном байхгүй. Хүмүүсийн шинийн 8,15,28-ны өдрүүдэд ном уншуулахад их сайн байдаг гэсэн сүсэгтэй холбоотой байх. Ялангуяа шинийн наймны өдөр ирж заслаа хийлгэх хүмүүс олон байдаг. Шинийн 1-15-ний өдрөөс хойш засал, номоо хийлгэж болно гэлээ.

Сүсэгтэн Н.Цэрэнчимэд “Аливаа засал ном, шашин шүтлэгт хувь хүний итгэл үнэмшил их чухал байдаг байх. Монголчууд дээр үеэс шарын шашны шүтлэгтэй хүмүүс байсан. Энэ ч утгаараа өвөг дээдсийнхээ зам мөрөөр явж байна. Манай ам бүл тав. Тиймээс  жилийнхээ засалд 100-120 мянган төгрөгийг зарцуулдаг. Хамгийн гол нь хүн өөрөө сүсэг бишрэлтэй байх хэрэгтэй” гэв. “Ойрын гурван жил цар тахалтай байсан учраас  засал номоо хийлгүүлээгүй удаж байна. Харин энэ жил цагаан сарын баяр их өргөн дэлгэр боллоо. Тиймээс хүүхдүүдтэйгээ "Гандантэгчэнлин" хийдийг зорьж, Үзэсгэлэн болгогч усан туулай жилийнхээ заслыг хийлгэхээр ирсэн. Бусдын жишгийг дагаж сар шинийнхээ засал номыг хийлгүүлдэг дээ” гэж Д.Нэргүй хэлсэн юм.

Иргэн Д.Сайнзаяа “Би хувьдаа ямар нэгэн шашинд итгээд байдаггүй. Нэг ёсондоо шашингүй үзэлтэн. Би цөмийн физикч мэргэжлээр суралцдаг болохоор шинжлэх ухаанаар батлагдсан зүйлд найддаг. Жил бүр эцэг, эхээ дагаад суудлын заслаа хийлгэдэг уламжлалтай. Тэгэхээс биш надад ном уншуулсан, уншуулаагүй ялгаа байхгүй гэж боддог” гэв.

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” усан туулай жилийн сар шинийн хурал үргэлжилж байна. Шинийн 1-15-ны хооронд дийлэнх хүн суудлын заслаа хийлгээд дуусчихдаг. Ерөнхийдөө шинийн 15-аас хойш ном уншуулах хүн багасаж эхэлдэг. Хүн бүр тухайн жилийнхээ суудлын заслаас шалтгаалж өөр өөр ном уншуулна.  Тиймээс энэ номыг заавал уншуул гэсэн тогтсон ном бол байхгүй. Өнөөдрийн 14 цагаас хойш Батцагаан дуганд нийт лам, хуврагууд их ерөөл хурна. Иргэд аль ч хурал, номд үнэ төлбөргүй суух боломжтой” гэж Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах ажилтан Ч.Бямбажаргал хэлэв.

Монгол хүний ихэнх нь шинийн 1-15-ны өдөр багтаж ном уншуулж, суудлын заслаа хийлгэдэг байна. Цар тахлаас хойш цахимаар ном уншуулах хүний тоо ихэсжээ.

                                                                                                                                        Г.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж