"Банш" Батаагийн ТЭСРЭЛТ

Хуучирсан мэдээ: 2023.02.26-нд нийтлэгдсэн

"Банш" Батаагийн ТЭСРЭЛТ

"Банш" Батаагийн ТЭСРЭЛТ

Ард түмэн түүнийг “Банш Батаа” хэмээн хошин урлагийн тайзнаа бүтээсэн дүрээр нь нэрлэх нь бий. Түүнийг үзэгчид голдуу хөнгөн хошин дүрээр харж, төсөөлж ирсэн. Харин энэ удаа тэрбээр өөрийгөө “тэсэлж”, бурхны оронд заларсан ээждээ зориулан уран бүтээлийн ариун суварга бүтээжээ. Бас чамгүй сайн найруулагч гэдгээ “Трио” уран сайхны киногоороо харуулж чадлаа.

Өнгөц харахад дауны хам шинжтэй хүүхдийн тухай өгүүлэх кино мэт харагдана. Гэвч киног зорин үзсэн үзэгчдэд олон юмыг ухааруулж, ойлгуулах аж. Сэдвийн хувьд маш хүнд. Ирж буцдаг хорвоод эцэг, эхээ алдах шиг том хагацал үгүй. Энэ бүхнийг олон таван үггүйгээр, зөвхөн дүрсээр, хөгжмөөр илэрхийлсэн нь үзэгчдийн сэтгэлд хүрэв.

Амьдрал одоо, өнгөрсөн, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээстэй. Энэ цаг хугацааны холбоосыг хүн, байгалийн шүтэлцээ, хүйн холбоо, эх, үрийн нандин хайраар харуулна.

Дауны хам шинжтэй хүүгээ ээж нь сумын сургуульд сургахаар ирэх боловч түүнийг харагдах байдлаас нь болж, бусад эцэг эх, сурагчид гадуурхана. Тиймээс ээж нь хүүгээ аваад ганц гэрээрээ бууж, айл амьтнаас тусдаа амьдардаг. Ээж нь хүүгээ сайхан сэтгэлтэй, сүсэг бишрэлтэй, хэний ч гар харахааргүй хүн болгон өсгөнө. Дауны хам шинжтэй хүү эрийн цээнд хүрч, нэг л өдөр жам ёсны хагацал үзэж буй талаар өгүүлэх аж.

Бас нэг онцлох зүйл нь хүний сэтгэлийн нарийн мэдрэмжүүдийг  цав цагаан цас, нов ногоон тал, шаргал намар зэрэг монгол орныхоо байгалийн үзэсгэлэн, дөрвөн улирлын үзэгдлээр тод томруун харуулах нь тансаг.

Сонирхуулахад, Төрийн соёрхолт Зундуйн Хангал агсны "Бодол" аязыг уг киноны дуу болгож, дуучин Самандын Жавхлан дуулжээ. Хөгжмийн найруулгыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан хийсэн байна. Дууны хоолойг алдарт “The Beatles” хамтлаг бичлэгт ордог байсан “London Abbey road studio”-д хийсэн аж.

Энэ кино дөрвөн тивийн долоон наадмаас шагнал хүртсэн монгол бүтээл юм.

Тэртээ 1960 оны дэлхийн "А"зэрэглэлийн наадам болох Москвагийн олон улсын кино наадамд Д.Жигжид найруулагчийн найруулсан "Ардын элч" киноны уран бүтээлчид Ариунаагийн дүрээр "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртэж байсан. Мөн 1976 онд Г.Жигжидсүрэн, Ж.Бунтар найруулагчийн хамтран найруулсан "Эх бүрдийн домог" уран сайхны кино Чех улсын "Карло вари" дэлхийн "А" зэрэглэлийн олон улсын кино наадмын "Фестивалийн шилдэг кино" шагналын эзэн болж байв.

Монгол кино 46 жилийн дараа "Трио" уран сайхны кино 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино”-ны шагналыг хүртсэн явдал байлаа. Энэ шагналыг авахын тулд дэлхийн 100 гаруй улсын 5000 кинотой өрсөлдөж, хоёрдугаар шатанд 57 улсын 156 шилдэг уран бүтээлтэй тунаж үлдсэн тухай уран бүтээлчид онцолж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж