Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг News.mn сайт тоймлон хүргэж байна.
УЛСЫН ЗААН Б.БАТ-ӨЛЗИЙ ТҮРҮҮЛЛЭЭ
ХVII жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх Харагчин туулай жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд /2023.02.20/ Улсын заан Б.Бат-өлзий Даян аварга Н.Батсуурийг давж түрүүлэв. Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд таван аварга, дөрвөн арслан, гурван гарьд цолтой гээд чансаа өндөр бөхчүүд зодоглож байгаагаараа онцлог. Мөн хоёр жил гаруй хугацаанд барилдаагүй байсан Ч.Санжаадамба аварга зодоглосон юм.
Мөн барилдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Булган аймгийн Могод сумын харьяат, улсын заан Д.Лхагвасүрэн, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат, улсын начин Р.Цоггэрэл нарыг, Алтангадас одонгоор Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын начин, Чөлөөт бөхийн Ази тивийн аварга Ч.Ганзориг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн ахмад заан Д.Сэрээнэн нарыг шагнасныг бөхийн холбооны удирдлагууд гардуулсан.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ТӨРИЙН ЗОЛГОЛТ ХИЙВ
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.
Дараа нь УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгов. Төрийн золголтын дараа Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг эгшиглүүлэв.
Мөн Төрийн гурван өндөрлөг азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов. Төрийн ордонд ахмад дайчин, төр, нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, зохиолч, яруу найрагч, малчин, цагдаагийн генерал, багш, барилгачин, эмч гээд 81-99 настай азай буурлууд хүрэлцэн иржээ.
Төрийн золголтод оролцсон ахмадууд:
- Цэрэнгийн Чимэдцэрэн /Ахмад дайчин/
- Дашийн Бямбасүрэн /Монгол Улсын Ерөнхий сайд асан/
- Жигжидийн Гунгаадаш /Алдарт эх/
- Тангадын Галсан /Зохиолч, яруу найрагч/
- Дамдингаагийн Чулуу /Малчин/
- Баастын Пүрэв /Цагдаагийн хошууч генерал/
- Лосолын Цэрэннадмид /Багш/
- Дунхарын Түмэн /Барилгачин/
- Хайдавын Гэлэгжамц /Бөөрний эмч/
МОНГОЛ УЛС, УКРАИН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАР УТСААР ЯРИЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленскийтэй түүний хүсэлтийн дагуу 2023 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр утсаар ярив.
Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленский монголын ард түмэнд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлж, хүнд цаг үед Монгол Улс Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, хоёр талын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Тэрбээр Монгол оронд амьдарч байсан хүүхэд ахуй насаа дурсав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнд цаг үед цаг зав гарган утсаар ярьж, Монголын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр мөн Украин Улс дахь нөхцөл байдалд сэтгэл санаа зовж байгаагаа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэг дипломат үйл ажиллагааг эрчимжүүлж, яриа хэлэлцээ, энхийн замаар асуудлыг шийдвэрлэх нь хамгийн зөв хувилбар болохыг онцлон дурдав.
Мөн Монгол Улс хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа тэнцвэртэй хөгжүүлэхийг зорьдог бөгөөд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаагаа тэмдэглэв.
Хоёр тал уламжлалт найрсаг харилцаагаа өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцон, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж буйгаа нотлов.
"ТАВАНТОЛГОЙ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА
"Тавантолгой" ХК өчигдөр /2023.02.25/ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа.
“Таван толгой” ХК-ийн БЭТ П.Сайнзориг:
-Өнөөдөр "Тавантолгой" ХК буюу орон нутгийн жижиг "Тавантолгой"-н ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа. 2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар боллоо гэж мэдэгдэв.
САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД 383 ХҮҮХЭД ШИНЭЭР МЭНДЛЭВ
XVII жарны үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн баярын өдрүүдэд улсын хэмээнд нийт 383 хүүхэд мэндэлжээ.
- Шинийн нэгэнд /2023.02.21/ 115 төрөлт, үүнээс хоёр ихэр хүүхэд мэндэлсэн.
- Шинийн хоёронд /2023.02.22/ 133 хүүхэд мэндэлсэн.
- Шинийн гурванд /2023.02.23/ 135 хүүхэд мэндэлсэн гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.
Шинээр мэндэлсэн бяцхан үрсэд эрүүл энхийг хүсэн ерөөе.
Холбоотой мэдээ