Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээний D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо болж байна. Монголын шигшээ баг өнөөдөр/2023.02.25/ хэсгийн хоёр дахь тоглолтоо Сингапурын эсрэг хийж, 73-49 гэсэн харьцаатай илт давуу ялалт байгуулав. Ингэснээр “Хөх чононууд” 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны эрхээ албан ёсоор баталгаажуулжээ.
Тоглолтын тухайд эхний үед Д.Дэлгэрням сайн байж, багаа оноо илүү гарахад үнэтэй хувь нэмрээ оруулав. Харин хоёрдугаар үеэс Г.Баттөрийн алсын зайн шидэлтүүдээ байндаа тусч, эсрэг багийнхнаа төдийгүй өөрт нь үл итгэгчдийг чимээгүй болгосон. Тэрбээр нийт 13 оноо авахдаа гурвын онооны шидэлтийг 100 хувьтай гүйцэтгэжээ. Энэ өдөр Монголын шигшээн будагтай талбайн тоглолт, хоёр дахь боломжууд магтмаар байлаа. Сэлгээнээс тоглолтод оролцсон О.Энхбаатар 12 оноо, 14 самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлттэй тоглолтын шилдэг болжээ.
Шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлах үед Г.Баттөрийг багтаасанд олон хүн ундууцсан, шүүмжилсэн. Харин өнөөдөр тэр багтсан шалтгаанаа хангалттай харуулав. Нөгөө талаараа, шигшээ багт багтах боломжтой олон залуус бэртлийн улмаас өнжихөөс арга үгүй байлаа.
Монголын шигшээ баг эхний тоглолтдоо Хонг Конгийг хожсон бөгөөд маргааш сүүлийн тоглолтоо нэг ч хожигдолгүй яваа хүчирхэг Гуамын эсрэг хийнэ. Америк гаралтай тамирчдаар бүрэлдэхүүнээ зузаатгасан Гуамыг Монголын шигшээ хожвол дэлхийн чансааны оноогоо ахиулах боломжтой.
Холбоотой мэдээ