Сурагчдад дүн тавьдаг тогтолцоог хална

Хуучирсан мэдээ: 2023.02.25-нд нийтлэгдсэн

Сурагчдад дүн тавьдаг тогтолцоог хална

Сурагчдад дүн тавьдаг тогтолцоог хална

Боловсролын багц хуулийн төслийг 2021 онд Монгол Улсын их хуралд өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх тов гарсан байна.

Энэхүү хуулийн төслийг баталснаар сургуулиудын чанарын ялгаа арилах, дүнгийн тогтолцоог халах, ахиц амжилтын үнэлгээг нэвтрүүлэх, боловсролын удирдлагын тогтолцоог улс төрөөс хамааралгүй болгох зэрэг өөрчлөлт гарах юм. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Өнгөрсөн жил Монгол Улсын их хуралд Боловсролын багц хуулийг өргөн барьсан. Энэхүү хууль УИХ-ын хаврын чуулганаар батлагдана. Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг нэлээн удаан хийгдэж байгаа. Нийгэмд энэхүү хууль яагаад батлагдаж гарахгүй байна вэ гэсэн хүлээлт их байгаа байх. Уг хууль нийгмийн зөвшилцлөөр гарах хууль учраас олон хэлэлцүүлэг хийх хэрэгцээ байсан. Одоогоор тус хуулийн талаарх бүх хэлэлцүүлэг хийгдэж дууссан. Тиймээс улс төр болон намын бүлгийн шийдвэрээр хаврын чуулганы дөрөв, тавдугаар сараас Боловсролын багц хууль батлагдаж гарна. 

Энэхүү хууль батлагдсанаар нэгдүгээрт, сургуулиудын чанарын ялгаа арилах юм. Хүүхэд хаана амьдарч, хаана сурч байгаагаас үл хамаарч чанартай боловсрол эзэмших боломжийг эрх зүйн шинэчлэлээр олгохыг зорьж байна.

Хоёрдугаарт, дүн тавьдаг тогтолцоог халж, ахиц дэвшлийн үнэлгээг нэвтрүүлэх буюу зөвхөн ЭЕШ, олимпиадад бэлддэг тогтолцоог арилгаж, амьдралд бэлддэг тогтолцоог бий болгоно. Гуравдугаарт, гэрт хамгийн ойр сургууль хамгийн сайн сургууль байна гэсэн тогтолцоог нэвтрүүлнэ.

Тэгэхээр танхим, цахим хосолж хамгийн сайн багшаар хичээл заалгах боломжийг хүүхэд бүрд олгох юм. Дөрөвдүгээрт цэцэрлэг, сургуулийн удирдлагыг улс төрөөс томилдог байсан тогтолцоог халж, мэргэжлийн сонгон шалгаруулалтын тогтолцоонд шилжүүлэх эрх зүйн шинэчлэлийг хийх гэж байна. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дараа дөрвөн жилийн хугацаанд ЕБС болон цэцэрлэгүүдийн удирдлагын 70-80 хувь нь шинэчлэгддэг юм билээ. Тухайлбал, тухайн орон нутагт ямар нам ялснаас шалтгаалаад цэвэр улс төрийн томилгоонууд явагддаг. Тавдугаарт, үр дүнд суурилсан тогтолцоог бэхжүүлнэ. Энэ бол сургуулийг санхүүжүүлдэг тогтолцоо биш хүүхэд бүрийг санхүүжүүлдэг тогтолцоо юм. Зургадугаарт, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг газар зүйн мэдээллийн системд тулгуурлаж хийнэ. Эцэст нь их дээд сургуульд багш бэлтгэж буй сургууль болоод их сургуулиа төгсөж очоод тухайн багш ажлын байр дээрээ тасралтгүй хөгждөг тогтолцоог бий болгох эрх зүйн шинэчлэлийг хийхээр зорьж байна. 

Г.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
122
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж