Молдавыг тогтворгүйтүүлэх ОХУ-ын оролдлого үргэлжилсээр байгааг Украины ерөнхийлөгч Зеленский хэллээ. Энэ оролдлогыг илүү их зэвсэг, илүү их хориг арга хэмжээгээр л зогсоож чадна гэж тэр үзэж байна.
"Москва биш Киев л өмнөд хил дээрх нөхцөл байдлыг хурцатгаж байна" гэж ОХУ дайны нэг жилийн ойн өдөр мэдэгдсэн. Үүний дараа Зеленский дээрх мэдэгдлийг хэлжээ. Украины засгийн газар Молдавын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж буйгаа илэрхийлээд, Приднестровыг Молдавын хууль ёсны нутаг дэвсгэр мөн гэлээ. Приднестровын нутаг дэвсгэрт Москваг дэмжигч салан тусгаарлагчдыг дэмжихийн тулд ОХУ өөрийн энхийг сахиулагчдаа оруулсан.
Орос улс Молдавтай хайбрид дайн болон мэдээллийн дайн хийж байна гэдгийг Зеленский онцлов. "Путин амжилт, ялалтуудаа харуулмаар байгаа. Гэтэл Украин дахь дайны талбарт түүний ялалт огт алга. Гэсэн хэдий ч тэр хаана эмзэг цэг байна тэнд ялалтаа байгуулах гэж хичээсээр байна. Энэ үйлдлийг нь илүү их зэвсэг, илүү их хориг арга хэмжээ, зохих алхмуудаар дамжуулан зогсоох хэрэгтэй" гэж тэр хэллээ.
Молдав болон барууны зарим албан тушаалтан түрэмгийллийг шалтаг болгон ашигласан Москвагийн үйлдлүүдийг баталж буй. Молдавын ерөнхийлөгч Майя Санду засгийн газрыг тогтворгүйтүүлэх гэсэн Оросын санаархлыг анхааруулсан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ч бас ОХУ удахгүй Молдавтай орооцолдох төлөвтэй байгаад санаа зовж буйгаа илэрхийлжээ. Аливаа гэнэтийн үйл ажиллагаанаас сэрэмжлэхийн тулд Украины арми болон Үндэсний гвардынхан Приднестровын хил дээр нэмэлт арга хэмжээ авч байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ