Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон НАТО-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ зарлав. "НАТО юу? Ёстой сайхан санаа. Энэ үнэхээр сайхан санаа шүү. Эрхэм найзууд минь, надад ийм санаа байгаа гэдгийг би онцлон хэлмээр байна. Нэг ийм нэр дэвшигч байгаа гэдгийг хэн ч бүү март. Энэ удаад би азтай байх болов уу" гэж тэр хэлжээ.
Италийн ерөнхий сайд асан Марио Драги НАТО-ын даргаар Европын холбооны төлөөлөгчийг томилох хэрэгтэй гэж хэлсэн. Борис Жонсон энэ талаар мөн онцолжээ. "Би түүнтэй бүрэн санал нийлэхгүй байна. Европын холбооноос гадна өөр нэр дэвшигчид байгаа шүү дээ.
Заавал Европын холбооноос байх албагүй. Би өөрийгөө тохирох нэр дэвшигч гэж бодож байна. Энэ бол маш чухал албан тушаал" гэж Жонсон хэллээ.
НАТО урьд хожид байснаасаа илүү хүчирхэг болсныг, удахгүй Швед, Финландаар бүл нэмэх гэж буйг ч тэр дурдав. "Украин улс НАТО-д элсэх хэтийн төлөвтэй байгааг бид тодорхой харж байна. Ийм зүйл болох учиртай, энэ бол ойлгомжтой. Украиныг НАТО-д элсүүлэхийн эсрэг бүхий л хүчин зүйлийг Путин үгүй хийж байна" гэв.
НАТО-ын одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг 2014 оны аравдугаар сарын 1-нээс хойш албан тушаалаа хашиж байна. Тэр өнгөрсөн жил албан тушаалаа хүлээлгэж өгөх ёстой байсан боловч Орос, Украины дайнаас үүдэлтэйгээр үүрэгт хугацаагаа 2023 оны есдүгээр сарын 30-ныг хүртэл сунгаад буй. Тэрбээр ерөнхий нарийн бичгийн даргын суудлаасаа буусан ч Норвеги дэх Төв банкны тэргүүнээр ажиллах төлөвтэй байна. НАТО-ын гишүүд одоогоор ерөнхий нарийн бичгийн даргаа солихыг хүсэхгүй байгаа аж. Тэд Столтенбергийн бүрэн эрхийг 2024 оны дөрөвдүгээр сар хүртэл сунгахаар албан бусаар хүлээн зөвшөөрөөд байна. Гэхдээ эцэстээ Столтенберг энэ оны есдүгээр сард албан тушаалаа хүлээлгэж өгч магадгүй гэж ажиглагчид үзжээ.
Столтенбергийн залгамж халааг хэн авах талаар улс орнуудын хооронд зөвшилцсөн ямар нэг зүйл одоогоор байхгүй байна.
Эх сурвалж: UKRAINSKA PRAVDA
Холбоотой мэдээ