Нүүрсний хулгайн хэргийг мартаж болохгүй!

Хуучирсан мэдээ: 2023.02.24-нд нийтлэгдсэн

Нүүрсний хулгайн хэргийг мартаж болохгүй!

Нүүрсний хулгайн хэргийг мартаж болохгүй!

УИХ-ын хаврын чуулганыг нээхэд ердөө 20 хүрэхгүй хоног үлдэж, эрх баригчид нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон парламентын гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж, хариуцлага тооцож чадах уу гэдгийг харуулах цаг хугацаа ойртсоор.

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас нүүрсний хулгайн хэрэгт 17 улстөрчийг шууд болон шууд бусаар хамааралтай хэмээн зарласнаас одоогоор УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нарыг холбогдолгүй хэмээн албан бичгээр мэдэгдэж, хэрэг үүсгэхээс татгалзсан.

Ингэснээр УИХ дахь МАН-ын бүлгээс нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдоод байсан таван гишүүнээс хоёрынх нь хэрэг “цайрч”, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Наранбаатар, Ш.Раднаасэд нар цаашид үргэлжлүүлэн шалгуулах нэрсэд орж буй.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн болох А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарыг дээрх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсанаа хуулийнхан зарлаад байгаа бол УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн болох, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нар яллагдагчаар татагдахаа мэдэгдсэн даруйдаа бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан.  Одоогоор УИХ-ын чуулган завсарласан тул дээрх хоёр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар ч хэлэлцээгүй байгаа юм.

Хэдийгээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулах хүсэлтийг УИХ-д гаргасан байгаа ч хэрэв түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлбэл УИХ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй болно гэх асуудал ч хөндөгдөх болсон нь анхаарал татах болсон. Гэхдээ энэ асуудалд холбогдох албаныхан тайлбар хийгээгүй байгаа юм.

Сар шинийн өмнөхөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсантай нь холбогдуулж, яллагдагчаар татсан болохоо АТГ мэдэгдсэн.

Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Прокурорын зүгээс нүүрсний хэрэгт холбогдуулан, нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-д гаргавал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна” гэдгээ хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн ч өдгөөг хүртэл энэ асуудал УИХ-д өргөн баригдаагүй.  Харин хуулийнхны зүгээс УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарт хилийн хориг тавьсан юм. Иймээс хаврын чуулганыг нээх хүртэл нүүрсний хулгайтай холбоотой дуулиант асуудал хуулийнхны цейфэнд хадгалагдах болж буй.

Хэрэв эрх баригчид нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон гишүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийг өмгөөлж байсан шигээ хаацайлж авч үлдвэл ард түмэн дуугүй суухгүй. Наад зах нь Сүхбаатарын талбайд гарч, өвөл эхлүүлсэн жагсаалаа үргэлжлүүлэхээс эхлээд тэмцлээ эрчимжүүлнэ. Цаашлаад жил гаруйн дараа болох УИХ-ын сонгуулиар хариуцлага ярина. Иймээс хаврын чуулганаар эрх баригчид гишүүдээ манай, танай гэж ялгахгүйгээр УИХ-аас явуулах нь хамгийн зөв сонголт болж буй.

Ардчилсан намын даргаар сонгогдсон Л.Гантөмөр төрийн өмчийг тоносон хулгайч нарыг өмгөөлөхгүй, тэмцэнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн төрд үүрлэсэн авлигачдыг цэвэрлэх Засгийн газрын таван Ш ажиллагааг ч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Сөрөг хүчин нь хулгайч нараа өмгөөлөхгүй гэдгээ ил тод зарласаар байхад эрх баригч хүчин нь өмгөөлвөл ирэх сонгуульд үсгүй "хусуулах" эхлэл тавина.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж