Германы Бавари мужийн Мюнхен хотод өнгөрсөн хоёр хоногт улс орнуудын удирдагч нар чуулж, даян дэлхийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн байна. Энэхүү хуралд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон бөгөөд хурлын сонин хачнаас нүүр номын хуудсаараа дамжуулан хуваалцсаныг хүргэе.
Жил бүр энэ хотод аюулгүй байдлын асуудлаар олон хүн цугладаг. Анх 1963 оны намраас “Internationale Wehrkunde-Begegnung” гэж эхэлсэн. Атлантын далай дамнасан уулзалт байдлаар үргэлжилж, хүрээгээ тэлсээр олон улсын хамгийн нэр хүндтэй цугларалт болжээ.
Манайхан хурлын гол байр, алдар түүхээр арвин Bayerischer Hof-т буув. Хурлын оролцогчдын нэрсийн жагсаалт л гэхэд 29 хуудас. Хурал зохион байгуулагч газрын дарга нь миний хуучны танил хүн юм. Канцлер Меркелийн баруун гар явсан эр. Босстойгоо 2 удаа Монголд ирсэн сэтгэгдлээ тун дотноор дурсаж байв.
Өглөөний цайны үеэр товчхон тайлан, мэдээлэл солилцоод ажлаа эхлэв. Энд цай кофе, өдрийн хоол, оройн зоог бүгд ажил хэрэгч уулзалт, чухал яриагаар үргэлжилнэ. Лондоны манай оффисын тохирсон 2 талын 17 уулзалт маань Бразилын Гадаад хэргийн сайдаар эхлэв.
Залгаад ОУ-ын Улаан Загалмай, Израйл, Энэтхэг, ЕАБХАБ, Эстон, Герман, НҮБ, Палестин, Украйн, Йордан, Европын Зөвлөл, Ирланд, Финланд..гээд. Сайд, Ерөнхий сайд, Ерөнхий…нар. Ашгүй уулзалтууд цагтаа эхэлж, цагтаа өндөрлөх нь амар юм. Дараагийн гээд зохион байгуулагчид өрөөнөөс өргөж гаргах нь холгүй.
Эдгээрээс Украйны тал, түүний дотор тус улсын Ерөнхий Прокурортай хийсэн уулзалт онцгой байлаа. Мөн Украйны найзууд үдэш, оройн зоог олон онцлох зочид, чин сэтгэлийн яриа хөрөөгөөр дүүрэн. Дайны шарх нь дөнгөж аньж буй, фронт явах дайчид, дайны баатрууд хүртэл байлцав. Сайн дурынхан. Олон орны бодлого тодорхойлогчид. Мөн Оросын сөрөг хүчний удирдагчид, Немцовын охиноос эхлээд олон хүнтэй санал солилцлоо.
НАТО-гийн Ерөнхий, Хятадын сайд, АНУ-ын Төрийн нарийн бичиг, Францын ерөнхийлөгч, Англи, Украйны Гадаад сайд..олон хүнтэй гар барьж, заримтай нь тухлан ярилцах боломж гарлаа. Харин ихэнхтэй нь зураггүй үлджээ. Тэднээс ӨС, Японы ГХ-ийн сайдуудтай элэгсэг дотно уулзсанаа дурсахад нэн таатай.
Германы Еөх асан Гаук тун толиотой алхаж явах. Польшийн Ерөнхийлөгч, Гадаад сайд байсан эрхэмүүдийн дотно яриа хөөрөө сэтгэлд дотно. Энх тайвны институт дугуй ширээ, цөмийн зэвсэг, цаг уурын өөрчлөлт…бусад асуудал. Энэ хурлаас анхаарал татсан гол асуудлаар ажил хэрэгч хүн бүр, хариуцлагатай улс орон, байгуулага бүхэн чиг зүгээ тодорхойлж, цаг зүрхний цохилтоо тааруулах юм. Ингээд тал тал тийшээ явцгаана.
Бүтэн жилийн дараа дахин уулзаж, хийж бүтээснээ мөн алдсан оносноо ярьж, зайгаа дахиж цэнэглэнэ дээ. Онгоцноос буух, буцаж суух хүртэл чадахаараа нийтийн сайн үйлсийн төлөө хувь нэмрээ бага ч болов өргөлөө. Бас бус хэвлэлд ярилцлага өгөв. Буудлаас гарахын өмнө Мюнхений залуу элчүүд ирж уулзав. Газар газрын залуусын хүсэл сонирхол, зовлон жаргал, итгэл хүсэл ижил юм. Хойч үеэрээ бахархан, бахархан дараагийн буудал руу хөлгийн жолоо залав.
Холбоотой мэдээ