Даян дэлхийн улс бүр түүх уламжлал, ард түмнийхээ үзэл сэтгэлгээг шингээсэн бусдаас ялгарах билэг тэмдгийг онцгойлон гаргаж, туурга тусгаар, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэлээ илэрхийлдэг.
Хаврын тэргүүн сар. Хамаг бүхэн амь орох цаг. Ургамал бүхэн амь орж, гол горхи сэргэн хоржигнон мяралзах уудам хөндий, нүд алдам хээр талдаа эрх дураар нүүдэллэн амьдарсаар ирсэн эрх чөлөөт нүүдэлчдэд нэгэн хавар ирлээ. Хүний түүхийн олон мянган хавартай золгон бартаа саадыг даван туулсан Монгол түмэн дахин нэгэн хавартай золголоо. Дэлгэр Монгол нутагт минь XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх барс жил улирч "Үзэсгэлэнт болгогч" хэмээх Туулай жил айлчлан ирлээ.
Өчигдөр, өнөөдөр, маргааш. Буурал хорвоо хэмээгч хавар гэх энэ л цэгээс эхлэх мэт. Саатан золгохын ерөөлтэй, сайхан сэтгэлийн илэрхийлэл болохоор тэр биз ээ. Оюунт хүн гэгч оноо алдаагаа огоорон ухаарч, ирээдүйн мөрөө эрхэст тэнгэрээ даатгадаг болохоор ч тэр буй за.
Ам муруйн гар зөрүүлсэн ч, арагш харж хараан зүхсэн ч уужим сэтгэлээр амрыг эрэн, мэндийн цэнхэр хадгаа барин, мэхийн саатан золгодог миний Монголын аугаа баяр болохоор тэр биз ээ.
Зорьсон газар холын хол ч зориод золгохоор дуулан санагалздаг харь оронд суугаа элэг нэгт монгол хүн та сайхан хаваржиж байна уу. Алсад суугаа аавдаа амжиж очиж золгоогүй ч амрыг нь эрэн, нарандаа залбирч, амьдралаа өөд өргөхөөр хүний нутгийн эргүүлэгт хөрст нутгаа санагалзан суугаа элэг нэгт Монгол та сайхан шинэлээрэй.
Сарын газраас санагалзавч, саравчлан суугаа ижийдээ сайны ерөөл дэвшүүлэн баярын нулимстай, сайнтай муутай хүний нутгаас саймшран санаа алдан суугаа ахан дүүс та бүхэн сайхан шинэлэж байна уу. Сайны ерөөл дэвшүүлэн мэндчилж, учран золгохын өлзийт ерөөлийг өргөн сууна уу. Өвгөдийн үлдээсэн эх нутгаа өөрийн биеэр хамгаалан торгон хилийн зурваст нүд цавчилгүй манаанд зогсоо хилчин та сайн байна уу. Алсад одсон хүүгийнхээ аян замыг даатган, мэнд амрын цацлаа өргөн суугаа эжий та сайхан хаваржиж байна уу…
…Тийм ээ, бахархал дүүрэн бидэнтэй илчит туяагаа цацруулах наран хавартай золгууллаа. Дэвжин дээшлэхийг билэгдэх мэт ургах нарандаа ураг төрөл, амьдрал ахуйгаа даатган хөх монголчууд мэхийн угтлаа.
Алдаа оноогоо цэгнэ хэмээн хавар цаг ирэв. Энэ дэлхийн хаана суугаагаас үл хамааран биднийг нэгтгэдэг их хүчин эх нутаг мину. Нялхаст тиймхэн байж болохыг зурхайн зурлага сануулсаар байнам. Харин эрх мэдэлтнүүдийн хуурамч илбэнд автах нигууртай сэрэмжлүүлэх аж. Ирээдүйн хойчоо эмнэлгийн шалаар хэвтүүлдэг ичгүүртэй бидний төрөх Бар жилтэй байхгүй болчихсонгүй. Угаар, утаа урин дулаанд замхардаг ч ул үндсээрээ арилаагүй төдийгүй ураг, удамд маань заналхийсэн хэвээрээ байна. Буян үйлдэгч бар жилд улстөрчид төсвийн мөнгөөр "ундаалсан" байж болох ч үнэнээр явсан монголчууд дэгдэн дэгдсээр ирсэн Туулай жилд тэднийг гүйцэх нь дараа дараагийн жилийн өнгийг тодорхойлох буй за.
Өнөөдрийн болохгүй, бүтэхгүй болгоныг Үндсэн хууль руу чихэж, өөрсдөө огтхон ч хамаагүй мэтээр ярьсаар дахин нэгэн хаврыг угтлаа. Хавар хавсарга багатай байх ч улс төр халуухан байх нь нэгэнт тодорхой боллоо. Зун хур бороо элбэгтэй байх ч хоёр хөлтэй "боохойнууд"-аас хотоо хамгаалах хэрэг гарах нь. Намар налгар авч найр наадмаар далимдуулан нам, засгийн нөхдүүд дараагийн сонгуулийг хийх тун чиг ярвигтай төлөвлөгөөтэй буй тухай бор шувууд нисээд эхэллээ. Өвлийг өнөтэй давахын тулд өнөөдрөөс бид өөрсдөө хичээж, маргаашаа мартахгүй, тэдний алхам бүрийг алдалгүй анзаарах шаардлага тулгарч байна. Халамжаар халхавчилж хангамжаа нэмэгдүүлэх вий. Эмнэлэг, сургуулиар түрий барьж эрх мэдлээ зузаатгах вий. Цалин, тэтгэвэр, цай, хоолоор далимдуулж цаад санаагаа гүйцэлдүүлэх вий.
Айлчлан ирсэн Туулай жилд амаргүй байх нь тодорхой. Анзааргагүй байх нь хамгаас аюултай.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ