Москвагийн төв дэх Лужники цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр /2023.02.22/ дайны нэг жилийн ой болон Эх орны хамгаалагчдын өдрийг тэмдэглэж иргэд жагсчээ. Цэнгэлдэх хүрээлэнд цугласан олны хамгийн их хүлээсэн зочин ерөнхийлөгч Путин гарч ирж, үг хэлэв.
Тэрбээр цөөн хэдэн минутын турш эх оронч үзэл, орос цэргүүдийг хайрлах тухай үг хэлсэн байна. Баатарлагаар тулалдаж буй орос цэргүүдийг Путин сайшааж, түүхэн хил дээр цэргийн тусгай ажиллагаа үргэлжилсээр байна гэжээ. Мөн цэргүүдийг дэмжиж захидал бичдэг хүүхдүүдийг хамгийн залуу эх орончид гэж нэрлэсэн байна. Дараа нь ОХУ-ын төрийн дуулал эгшиглэснээр Путины үг дуусчээ.
Энэ арга хэмжээнд олон хүн цуглуулахын тулд урьдчилан зар түгээсэн тухай цахим сүлжээнд шуугиж эхлэв. Тус зарлалд дурдсанаар арга хэмжээнд оролцсон хүн бүрт 500 рубль болон бусад бараа бүтээгдэхүүн өгнө гэжээ.
Дашрамд дурдахад, олон улсын дипломат харилцааны хувьд тун завгүй долоо хоног үргэлжилж байна. Өчигдөр өглөө л гэхэд Путин Хятадын дээд дипломатч Ван Итэй уулзсан. Тэгвэл нөгөө талд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украин, Польш орноор айлчиллаа. Тэрбээр НАТО-ийн зүүн Европын хил дагуух орнуудын удирдагчидтай хэлэлцээ хийсэн.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ