"Уртын дуунд хэр баргийн хүн ам гарч болохгүй"

Хуучирсан мэдээ: 2023.02.21-нд нийтлэгдсэн

"Уртын дуунд хэр баргийн хүн ам гарч болохгүй"

"Уртын дуунд хэр баргийн хүн ам гарч болохгүй"

"Аав, ээж маань Хэнтий аймгийн Хонгорын Ухаагийн өвөр гэдэг газарт гэрээ бариад, анх л айл гэр болж байсан гэдэг. Тэр талд хонгорзул цэцэг дүүрэн ургадаг байсан юм билээ. Тиймээс эцэг эх минь анхны хүүхдэдээ хонгорзул цэцгийн нэр хайрласан" хэмээн өгүүлэх бүсгүй бол Монгол Улсын Гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Хонгорзул. Түүнтэй сар шинийн босгон дээр монгол өв соёл, уртын дууны гайхамшгийн талаар ярилцлаа.


-ХVII жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх Харагчин туулай жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлье. Таны хувьд шинийн 1-ний өдрийг хэрхэн угтдаг вэ?

-Танай сайтаар зочилж, Монголынхоо ард түмэнтэй уулзан учирч, сэтгэлийн үгээ хүргэж байгаадаа баяртай байна. Үндэсний баяр наадам, цагаан сарын баяраар язгуур өв соёлоо тээгчид их ачаалалтай ажилладаг. Миний хувьд сар шинийн телевизийн бичлэгт оролцож, завгүй байлаа. Мөн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж буй байгууллагуудад очиж ая дуугаа өргөлөө. Сүүлд “Морин хуур-2022” наадамд оролцож, маш завгүй сар шинээ угтаж байна.

Би чинь зүүн зүгийн хүн. Манай нутгийнхан айхтар хатуу ёс, журамд баригдаад байдаггүй. Шинийн нэгний өглөө эртлэн босч, хоол цайныхаа дээжийг өргөнө.

Дараагаар нь ханьдаа цай сүүнийхээ дээжийг барьж, үр хүүхдүүдтэйгээ золгодог. Ер нь монгол хүн болгоны хамгийн сайхан уламжлалт баярын нэг шүү дээ. Цэмцийсэн сайхан дээл хувцсаа өмсч, гэрийн эзэгтэй цай хоолоо тогоолж сууна гэдэг аз жаргал. Гэртээ золгуутаа хийчихээд багшдаа золгож, шинэлгээгээ эхэлдэг дээ.

-Уртын дуучин хүнд айл гэрийн жавар үргээх хүсэлт их ирдэг үү?

-Харин очсон айл болгон уртын дуу дуулуулах гээд байдаг. Манай нэг найз “Чи чинь жилийн дөрвөн улирал, хоногийн 24 цагт ажлаа хийж байна” гэж шоолж байсан. Ёстой тэрэн шиг цагаан сарын баяраар хүмүүс баярлаж золгож байхад би чинь ажлаа хийгээд явж байдаг.

Орсон айлдаа дуулахгүй гарвал сар шинээр гомдоочихно. Ер нь сар шинийн баяраар нэлээн их дуулдаг даа.

Цагаан сар бол монгол түмний хатуу өвлийг давж, хаврын улиралтай золгосны баяр учраас шинэ сайхан сэтгэгдэл төрүүлж, уртын дуугаа дуулна гэдэг бас нэг талдаа сайхан буян юм.

-Таныг ард түмэн Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад, Ж.Дорждагва нарын залгамж халаа гэдэг. Уртын дуу хэмээх агуу ертөнцтэй хэрхэн хувь заяагаа холбосон юм бэ?

-Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад багшийнхаа залгамж халаа болно гэдэг том хариуцлага. Ард түмэн тэгж хүлээн авч байгаа бол үнэхээр баярлаж байна. Гэхдээ тэр сайхан уран бүтээлчийн хэмжээнд хүртэл дуулна гэж байхгүй. Тийм агуу хүний залгамж халаа гэж намайг өндөрт өргөсөнд гялайлаа.

"САНААНДГҮЙ ТОХИОЛДЛООР УРТЫН ДУУЧИН БОЛОХ ХУВЬ ТОХИОСОН"

-Анх дуучин биш сэтгүүлч болох хүсэлтэй байсан гэж сонссон юм байна?

-Миний хувьд багаасаа урлагт дуртай, хүсч мөрөөдөж байгаад дуучин болоогүй. Манай удамд сайхан уртын дуучин хүн бий. Ээжийн минь өвөө их мундаг уртын дууч байсан гэдэг. Удамдаа авьяас үсэрдэг гэдэг. Манай удмаас уртын дуучин төрөх учиртай болоод л би дуучин болсон байх. Яг үнэнийг хэлэхэд гэнэтийн шийдвэр байсан. Би сургуулийн сурагч байхдаа дуулж байгаагүй. Санаандгүй тохиолдлоор дуучин болох хувь тохиосон.

Би 1995 онд Хэнтий аймгийн “Хан-Хэнтий” чуулгад дуулж, анх уртын дуучин болох гараагаа тэндээс эхэлж байлаа.

Миний уртын дууны анхны багш Монгол Улсын гавьяат жүжигчин С.Нансалмаа гэж хүн бий. Багш маань уртын дууны анхны гарааг тавьсан. Дараагаар нь мэргэжлийн уртын дуучин болоход 1998 онд Соёл урлагийн их сургуульд орж, Ц.Дэлгэр багшийнхаа удирдлага дор таван жил суралцаж төгссөн. Тэр цагаас хойш 20 гаруй жил уртын дуугаа дуулж байна. Ер нь цэвэр уртын дуугаа дагнан дуулж байна.

-Анх уртын дуу сурахдаа 32 түрлэгтэй “Бор борын бялзуухай” дууг дуулсан гэж үнэн үү?

-Энэ уртын дууг анхан шатны суралцагчид дуулахад нэлээн томдохоор дуу байсан юм билээ. Тухайн үед багш бид хоёр хэн хэн нь анхны багш, анхны шавь нь байсан. Багш маань миний хоолойг сонсоод “Бор борын бялзуухай” дууг заагаад өгчихвөл гарчихаар юм шиг байна гэж тооцоолсон юм шиг байна лээ. Би тэр үед дууныхаа том жижгийг ч мэдэхгүй шүү дээ. “Бор борын бялзуухай” бол 32 түрлэгтэй дуу гэж хэлдэг.

Ер нь уртын дуу олон түрлэгтэй. Уртын дууны бадаг гэж ярьдаггүй, түрлэг гэдэг юм.

Би чинь анх “Өвөө эмээгийн ийм дуу дуулахгүй” гээд шоолж байсан. Юм мэдэхгүй байна гэдэг тийм л хортой. Тэгээд багшийнхаа дуулахыг сонсч, урлагийн тайзнаа сайхан үндэсний хувцсаа өмсөөд дуулж байгаа хүмүүсийг хараад өөрийн эрхгүй ардын дуунд татагдсан. Багш маань хоолойг минь зөв тавьж өгсөн гэж боддог юм. Би дуугаа багшийгаа нэг их айхтар зовоолгүй сурчихсан гэж боддог. Ингэж л дуучин болох гараагаа эхэлж байсан түүхтэй.

"УРТЫН ДУУГ ДӨРВӨН ХАНАН ДУНД ДУУЛЖ, СУРНА ГЭДЭГ БАС ӨРӨӨСГӨЛ"

-Уртын дууны тансаг аялгуу газар тэнгэрийг хүртэл холбож, хорвоо дэлхий амьтай бүхнийг аргаддаг гэдэг. Уртын дууны “нууц” увидас нь юу юм бэ. Дуучин хүнээс ямар ур чадварыг шаарддаг бол?

-Уртын дууг дуулахад хүнээс тодорхой хэмжээний хоолойн цар хүрээ шаардана. Нэлээн том хоолойтой байх ёстой. Дээшээ ч тэр, доошоо ч тэр хангалттай дуугардаг байх хэрэгтэй. Дээрээс нь бас уушгины багтаамж сайтай, уужим амьсгаатай байх ёстой. Амьсгаа, хоолойн цар хүрээ сайн байвал анхнаасаа дуугаа зөв сурчихад уртын дуу сурахад түүртэхгүй. Ард түмний дунд уртын дууг хүрч болохгүй оргил юм шиг боддог. Үгүй л дээ. Сайхан дууг зөв хоолойгоор аялчихдаг бол ямар ч хүн уртын дууг сурч болно.

Хамгийн гол нь уртын дуу дотроо айзам, жирийн, бэсрэг аялгуутай. Тэр дундаа айзам аялгуут уртын дуу маань хамгийн төгс хэлбэрийн хамгийн том дуу.

Яруу найраг, аялгууны хувьд ч тэр асар том хэмжээний бүтээл. Мэдээж мэргэжлийн уртын дуучид айзам уртын дууг дуулна. Тэрнээс биш ямар ч хүн уртын дууг дуулж болно.  Монгол хүний судсаар уртын дууны шуранхай гүйж байгаа шүү дээ.

Гадаад оронд монгол уртын дууг огт сонсч байгаагүй хүмүүс хүртэл уярч, “Монгол эх орныг харлаа” гэх сэтгэгдлийг олон хүн хэлж байсан. Миний нэг бодол бол уртын дууг дөрвөн ханан дунд дуулж, гарч ирнэ гэдэг бас өрөөсгөл. Уртын дуу өөрөө монгол ахуйн шаардлагаар үүссэн дуу. Зүгээр хэн нэгэн сэтгэлийн хөдлөлөөр хэн нэгэндээ зориулаагүй. Тэгэхээр уртын дууг дуулахдаа тухайн дуундаа гарч байгаа зүйлээ сэтгэлдээ урлаж, үзэгчдэд хүргэнэ гэдэг дуучин хүний ур чадвар. Уртын дууг дуулахад маш их ухаан шаарддаг. Зүгээр ч нэг үг, ая нийлүүлж дуулдаг эд биш. Уртын дуунд баргийн хүн ам гарч болдоггүй. Энэ бол гайхалтай өв соёл.

-Та сая уртын дууг дөрвөн хананы дунд дуулж сурдаггүй гэлээ. Хүүхэд байхдаа хурдан морь унаж, гийнгоо хадааж явсан нь дуучин болох суурь болсон юм болов уу?

-Тэгэлгүй яахав. Би чинь малчин айлын охин. Хөдөө өвөө, эмээ дээрээ өссөн. Тийм учраас сургуулийнхаа амралтыг тэсэн ядан хүлээдэг байлаа. Өвөө минь сайхан морь унадаг хүн байлаа. Би хурдны морь унаж, гийнгоо марзай уншина. Хавар мал төллөх цагаар жилбэ муутай орсон бог мал төлөө голно. Тэрийг нь тойглож, хөөсөлж, чааглаж авхуулна. Тэр болгон чинь ахуйн шаардлагаар үүссэнийг батална.

Монгол түмэн таван хошуу малтайгаар дуугаа харьцаж, ирсэн. Яриад ойлгохгүй шүү дээ. Аялгуу гэдэг тийм хүчтэй.

Онгон тансаг хөдөө нутагт өссөн маань үнэхээр тансаг амьдрал байжээ. Бидний багад идэж уухаас эхлээд амьдрах орчин маань тэр чигтээ эко байсан. Хөдөөний амьдрал, ахуй нөхцөл маань уран бүтээлч болох гарааг тавьж өгсөн гэж боддог.

-Та дэлхийн олон оронд уртын дуугаа дуулж, өв соёлоо сурталчилсан. Хөл бөмбөгийн ДАШТ-ээс эхлээд Голландын хатан хааны төрсөн өдөрт уригдаж байсан шүү дээ?

-Би 2001 онд Голландын хатан хааны төрсөн өдөрт уригдаж, дуулж байсан удаатай. Тэнд их сонин юм болж байсан. Голландын хатан хаан нь өөрөө үзэгчдийн суудалд сууж, уртын дуугаар төрсөн өдрийн гала концертыг нь нээсэн. Би дуугаа дуулж дууссаны дараа хатан хаан нь өөрөө мэхийн ёсолсон. Би тэгэн чинээ бодоогүй. Хатан хааныг суудлаасаа босонгуут үзэгчид нь тэр чигтээ дагаад боссон. Тэр бүх хүмүүс миний Монголын өвөг дээдсийн бүтээж өгсөн энэ их үнэт өвийн өмнө мэхийж, хүндэтгэл үзүүлсэн нь гайхамшигтай санагдаж байсан.

Тэнд “Уртын дуучин Г.Хонгорзул дууллаа” гэхээс илүүтэй Монголыг төлөөлж ая дуугаа өргөсөн.

Монголын агуу түүхийг үндэсний сайхан уртын дуугаар дамжуулж, дэлхийн улс орнуудад эх түүхээ аялгуугаар хүүрнэж, хүргэнэ гэдэг асар том хариуцлага, асар том буян. Энэ хариуцлагыг зөв дааж, тэр буяныг зөв эдэлж явах нь бидний ухамсар юм даа.

БАГШ МААНЬ "ЧИ ЭНЭ УРТЫН ДУУГ ОРХИЖ БОЛОХГҮЙ ХҮН" ГЭЖ ЗАХИСАН

-Та энэ мөчид Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсныг дурсан ярихгүй юу?

-Би Н.Норовбанзад багшийнхаа шавийнх нь шавь. Монгол Улсын гавьяат багш Ц.Дэлгэр гэж сайхан дуучин байлаа. Багшийнхаа удирдлага дор таван жил сурч төгссөн. Багшийнхаа буянаар Н.Норовбанзад багштайгаа танилцаж, тэр сайхан хүнтэй уулзан учирч, сургаалийн үгийг нь сонсч явсан маань одоо бодоход их хувь тавилан байж. Багш маань бие нь их тааруухан байхдаа гэртээ дуудуулсан. Хань Н.Банзрагч ах маань над руу “Багш чинь чамайг найз залуутайгаа хамт хүрээд ир гэнэ” гэж утасдсан. Нөхрөө дагуулаад очиход багш “Найз залуутай болсон гэж дуулаад уулзах гэсэн юм. Чи ямар хүнтэй ханилах гэж байна. Уртын дууг нь дэмжиж, дуулуулаад явах хүн үү. Чи энэ уртын дууг орхиж болохгүй хүн юм шүү” гэж захиж хэлж билээ.

 Багш нөхрийг минь татаж үнсээд “Энэ хүүхдийг минь уртын дуунаас битгий урвуулчихаарай. Би чамд итгэж байна” гэж хэлсэн. Тэгж л шавь нарынхаа төлөө, уртын дууныхаа төлөө, язгуур өв соёлынхоо төлөө тэгж их сэтгэл гаргадаг агуу хүн чанартай сайхан хүн байсан. Уран бүтээлч хүний ар гэр, хань гэдэг их чухал гэдгийг насаараа өөрөө мэдэрсэн хүн. Сайхан хань Н.Банзрагч нь миний багшийг насаараа алган дээрээ бөмбөрүүлсэн. Тэр түүх, дурсамжийг би хэзээ ч мартдаггүй юм. Даанч тэр үед одоогийнх шиг гар утас элбэг байсангүй. Тэр агшныг хальсанд буулгаж, зураг хөргөө хамт авхуулж чадаагүй. Гэхдээ тэр зураг сэтгэлд минь үлдэж дээ.

-Уртын дууг байгальд дуулах, тайзан дээр дуулах ялгаатай биз?

-Уртын дууг тайзан дээр дуулах хээр хөдөө талд эсвэл монгол гэрт дуулах эрс тэс ялгаатай. Бүр байгалийн сайхан натур чимээгээр хөгжим хийгээд дуулах ээдээ мөн ч сайхан шүү дээ. Жинхэнэ өөрөө ч сайхан амарч, байгаль эх, лус савдагийг ч баярлуулж байгаа юм.

Ер нь уртын дуу эгшиглэх хамгийн сайхан орчин бол хөдөө тал нутаг.

Тэр дундаа монгол эсгий гэрт дуулах жинхэнэ шуум буюу акустик. Дэлхий нийтээрээ уртын дууг сонгодог бүтээл гэж хүлээн зөвшөөрлөө. Тэр утгаараа тайзан дээр дуулах ч бас гайхалтай л даа. Уртын дуундаа орж, хангинатал дуулна гэдэг аз жаргал. Гэлээ гээд байгалиас эрч хүч авч, дуулж байхад харилцан сайхан мэдрэмж төрдөг.

-Салхины исгэрээ, шувуудын жиргээ…?

-Адуу тургиад, үхэр мөөрөөд, усны боргио гээд бүгд байгалийн амьд симфони.

-Уртын дууны ангиасаа хэдүүлээ төгссөн бэ. Ангийнхан нь ихэвчлэн нийтийн дуу дуулж байгаа харагддаг?

-Би 2003 оны төгсөлт. Манай ангийнхан Т.Энхтуул концертмейстер багшийн удирдлага дор Гавьяат жүжигчин С.Жавхлан, Ц.Баясгалан, Чулуунбаатар, Баянмөнх зэрэг олон сайхан уран бүтээлчид төрөн гарсан. Охид их цөөн, хөвгүүд олонтой анги байлаа.

-Таны хувьд хамгийн сүүлд 2011 оноос хойш бие даасан тоглолт хийгээгүй. Ер нь тоглолт хийх төлөвлөгөө бий юү?

-Би чинь 2008-2014 оны хооронд нэлээн нас ахисан хойноо гурван хүүхэд ойрхон зайтай төрүүлсэн. Тийм учраас амархан уран бүтээлдээ эргэн орж болдоггүй юм билээ. Хүүхдүүдээ өсгөж, өөрөө бас тэнхрэх хэрэгтэй. Эмэгтэй хүн ээж болсноор уран бүтээлээсээ тодорхой хэмжээнд холдох шалтгаан болдог. Одооноос харин уран бүтээлдээ шаргуу орж, 2023 онд бие даасан тоглолтоо хийх санаатай зүтгэж байна.

Ер нь өнгөрсөн хугацаанд том жижиг нийлсэн 6-7 бие даасан тоглолт хийсэн байдаг.

Нэг жилийн өмнөөс уртын дууны сургалтаа явуулж, 14 шавьтай болсон. Сургалтад маань найман наснаас дээш нас, хүйсийн хязгааргүйгээр дуулахыг хүссэн хүн байвал хүн бүрт нээлттэй. Мэдээж тэр хүний хоолойг сонсч, зөв өнгөтэй байвал уртын дуу зааж байна. Эхнээсээ шавь нар маань бас амжилт гаргаж байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж