Б.Мэндсайхан: Дагуул хотын хөгжлийн үндэс нь эдийн засгийн тусгай бүс юм

Хуучирсан мэдээ: 2023.02.20-нд нийтлэгдсэн

Б.Мэндсайхан: Дагуул хотын хөгжлийн үндэс нь эдийн засгийн тусгай бүс юм

Б.Мэндсайхан: Дагуул хотын хөгжлийн үндэс нь эдийн засгийн тусгай бүс юм

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхантай ярилцлаа.

– Танай газар нийслэлийн ойр орчимд дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах, бүсчлэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэж ойлгож байгаа. Энэ хүрээнд хувийн хэвшлийн төлөөлөл, мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлэн ажиллаж буй талаар сонссон. Энэ талаар яриагаа эхлүүлье.

– Нийслэл Улаанбаатар хотын эдийн засгийг төрөлжүүлэх, төвлөрлийг сааруулахад нэг төвт хотоос олон төвт хот болж хөгжих нь чухал. Энэ ч утгаараа дагуул хот, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулах бодит хэрэгцээ, шаардлага бий болсон. Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг байгуулах нь ач холбогдолтой боловч нөгөө талаас нь харвал нарийн тооцоо судалгаа шаардлагатай учир бидний зүгээс энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулж дотоод, гадаадын мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтын ажиллагааг эхлүүлээд явж байна.

– Дэлхийн олон улс орон нийслэл болон томоохон хотдоо тулгарч буй бэрхшээлийг дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулснаар амжилттай шийдэж чадсан байдаг. Олон улсын туршлагыг хэр судалж, туршлага хуримтлуулсан бэ?

– Тийм ээ, сайн жишээ олон бий. Хамгийн ойрхноос нь дурдвал бидний урд хөрш болох БНХАУ 2,500 гаруй эдийн засгийн тусгай бүстэй. Эдгээр тусгай бүсүүд нь улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 22%-ийг бүрдүүлж, 30 гаруй сая хүнийг ажлын байраар хангадаг. Түүнчлэн гаднын олон мянган хөрөнгө оруулагчдыг татаж чадсан. Үр дүнд нь хүчирхэг эдийн засаг бүхий бие даасан бүсүүд, дагуул хот олноороо байгуулагдсан. Энэ мэт гадаад, дотоодын төрөл бүрийн судалгаа, шинжилгээний ажлаас эхлээд Нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах газрын судалгаа, ерөнхий төлөвлөлт, дата бааз бүрдүүлэх ажлыг өнгөрсөн хугацаанд манай хамт олон хийж гүйцэтгэсэн.

– Та бүхэн өнгөрөгч сард Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанд судалгааны ажлаа танилцуулж, улмаар дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах асуудал дэмжигдсэн талаар сонссон.

– Өнгөрөгч нэгдүгээр сард Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанд судалгааны ажлаа танилцуулж, дэмжигдсэн явдал нь манай газрын хувьд чухал үйл явдал болсон. Нийслэлийн удирдлагуудын зүгээс бидний ажилд бүх талаар туслан, дэмжлэг үзүүлж буйд ихээхэн талархаж байгаа. Одоо бидний хувьд дагуул хот, эдийн засгийн тусгай бүсүүдийг үе шаттай байгуулах, үйлдвэрлэл, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байна.

“Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах хөшүүрэг нь дагуул хот, эдийн засгийн тусгай бүсүүд юм”

– Дагуул хотуудыг байгуулах газрыг одоогоор хаана төлөвлөөд байна вэ?

– Хууль эрх зүй, бодлогын баримт бичиг, байгууллагын чиг үүргийн хүрээнд эхний ээлжид Аргалант-Эмээлт, Буянт-Ухаа, Налайх гэсэн гурван байршилд дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг байгуулах төлөвлөлтийг шат дараалалтай эхлүүлэхээр тооцоо, судалгааг хийсэн. Харин Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэн Буянт-Ухаа орчмын байршил дэмжигдсэн учир уг байршилд илүү төвлөрч судалгааны ажлуудаа хийж байна.

– Буянт-Ухаа орчмыг ямар чиглэлээр хөгжүүлэхээр зорьж байгаа вэ?

– Буянт-Ухаа нь байршлын хувьд ихээхэн ач холбогдолтой. Учир нь инженерийн дэд бүтэц, хуучин нисэх буудал зэрэг томоохон бүтээн байгуулалт бүхий хөрөнгө ашиглалтгүй байна. Бидний зүгээс холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгагдсан агаарын хөлгийн засвар үйлчилгээ, угсралт, мэдээллийн технологи, инновацын чиглэлээр хөгжүүлэхээр зорьж байгаа.

– Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн төлөвлөлтийн судалгааг хийхдээ юуг илүү анхаарч ажиллаж байна вэ?

– Нэгдүгээрт, Бүрэн ашиглагдахгүй байгаа инженерийн дэд бүтцийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, хөгжүүлэх вэ? гэдгийг судалж байна. Жишээлбэл, шинээр баригдаж буй 136 км урт Богдхан төмөр замаас ердөө дөрвөн км хүрэхгүй зайд өмнө нь хайрга, дайрга зөөдөг байсан 20 орчим километрийн урттай Био-Сонгины мухар төмөр зам бий. Энэ хоёр төмөр замын шугамыг холбосноор ачаа тээврийн дахин нэг шинэ шугамтай болох боломжтой. Мөн Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын одоогийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах бэ? Олон тэрбумын хөрөнгийг хэрэггүй эд хогшил шиг хадгалаад байх уу? гэхчлэн бидэнд судлах, дүн шинжилгээ хийх, төлөвлөх ажлууд их гарч ирж байгаа.

– Хоёрдугаарт, Үйлдвэрлэлийг кластер хэлбэрээр хөгжүүлэхийг чухалчилна. Одоо үед мэдээлэл технологийн салбар хурдацтайгаар хөгжихийн хэрээр улс орны эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна. Иймд мэдээллийн технологи, инновацын салбарыг хөгжүүлэх нь хамгийн чухал гэж үзэж байгаа. Энэ хүрээнд орон зай, инженерийн дэд бүтцийн урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ хийж Буянт-Ухаа орчмын төлөвлөлтийг илүүтэй анхаарч байгаа.

– Гуравдугаарт, дагуул хот, тусгай бүс бол дүүрэг биш. Бид хувийн хэвшлийг суурьшуулах, төрөлжүүлэх, татварын болон татварын бус дэмжлэг үзүүлж, эдийн засгийг солонгоруулж, төвлөрлийг сааруулах ажлыг хийнэ. Ингэснээр нийслэл Улаанбаатар хотын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дагуул хотуудад хувийн хэвшлийг дэмжсэн кластер, инкубаторууд бий болох юм.

– Эдийн засгийн тусгай бүс байгуулах ажлын хүрээнд бизнесүүдийг дэмжиж, эдийн засгийг сэргээхэд эхний ээлжид ямар чиглэлийн үйлдвэрлэл, хувийн хэвшилтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна вэ?

– Улс болон нийслэл Улаанбаатар хотын эдийн засгийг төрөлжүүлж, солонгоруулах тухай олон жил ярьж байгаа ч ахиц муутай хэвээр байна. Сүүлийн жилүүдэд цар тахал, тээврийн сүлжээний доголдол зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр инфляцын түвшин ч тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Иймд бидний зүгээс цоо шинээр өндөр өртөгтэй бүтээн байгуулалт хийхээс илүүтэй Улаанбаатар хотын одоогийн дэд бүтцийг оновчтой байдлаар ашиглалтыг нь сайжруулах чиглэлд анхаарч байна. Түүнчлэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувийн хэвшилтэй хамтран ажиллана.

– Дагуул хотын төлөвлөлтийг ажил хэрэг болгоход хууль, эрх зүйн орчин хангалттай бүрдсэн гэж та үзэж байна уу?

– Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах асуудал богино хугацаанд гэнэт бий болсон зүйл биш юм. Хууль, эрх зүйн орчин бүрдэж, ахиц дэвшил гарсаар байгаа. Тэр дундаа нийслэлийн одоогийн удирдлагууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлуулах ажлыг тууштай дэмжиж “Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс”-ийн тухай бүлгийг тусгайлан оруулсан нь хотын эдийн засаг, эрх зүйн шинэчлэлд томоохон дэвшил болсон. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилт 4.2 зэрэг урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн бүлэг заалт, зорилго, зорилтууд тусгайлан орсон нь хэрэгжилтийг хангахад ихээхэн түлхэц болж байна.

– Хууль эрх зүйн орчны хүрээнд эдийн засгийн тусгай бүсэд ямар дэмжлэгийг үзүүлэх боломжтой вэ?

– Тусгай бүсэд согтууруулах ундаа болон тамхины үйлдвэрлэлээс бусад хуульд заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж байгууллагад татварын болон татварын бус дэмжлэг үзүүлнэ. Татварын дэмжлэг гэдэгт газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвараас чөлөөлөх асуудлууд хамаарна. Мөн үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа явуулахад цахилгаан эрчим хүч, дулаан, түрээсийн төлбөрийн асуудал аж ахуйн нэгжүүдэд багагүй дарамт учруулдаг. Тиймээс тусгай бүсэд үйл ажиллагаа явуулах бизнес эрхлэгчдийг энэ төрлийн урсгал зардлын төлбөрөөс чөлөөлж татварын бус дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна бизнес эрхлэхэд шаардагдах бичиг баримт, зөвшөөрлийг нэг цэгээс авах боломжийг бүрдүүлж, дагуул хотын захиргааны газрыг байгуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж болон шинээр бизнесийн үйл ажиллагаагаа явуулж эхлэх үед хэдэн сар жилээр төрийн байгууллага дамжин, хөөцөлдөж явдаг хүндрэл, чирэгдэлтэй байдлыг арилгаж, төрийн үйлчилгээг ойртуулахыг зорьж байгаа юм. Түүнчлэн эдийн засгийн тусгай бүсэд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэхийг Нийслэлээс дэмжиж, хэрэгцээ, шаардлагатай төслүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах бодлогыг хуулиар зохицуулсан байгаа. Энэ бүхнийг татварын бус дэмжлэг гээд байгаа юм.

– Сонирхолтой мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. Танд болон танай хамт олны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

– Баярлалаа. Олон нийтэд мэдээлэл хүргэх боломж олгосон та бүхэнд мөн адил талархаж байна. Бидний ажил бодит болоход олон талын дэмжлэг туслалцаа, төр, хувийн түншлэл, хамтын ажиллагаа чухал. Энэ ч утгаараа иргэд, олон нийт, бизнес эрхлэгчид болон салбар бүрийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллахад манай үүд, хаалга хэзээд нээлттэй байх болно гэдгийг онцлон хэлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж