Олон улсын жүдо бөхийн холбооны 2023 оны хоёр дахь Их дуулгын тэмцээн Израилийн Тель-Авив хотод болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй арав, эмэгтэй найм гээд нийт 18 жүдоч өрсөлдсөн бөгөөд нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа долдугаар байрт оржээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн -90 кг-д Г.Алтанбагана хүрэл, +100 кг-д О.Цэцэнцэнгэл алтан медаль тус тус хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн -48 кг-д Г.Наранцэцэг тавдугаар байр, эрэгтэйчүүдийн -60 кг-д Э.Сумъяабазар долдугаар байр, -73 кг-д Ц.Цогтбаатар тавдугаар байр тус тус эзэлсэн.
Г.Алтанбагана хэсэгтээ Өмнөд Африк, Грек, Эстонийн бөхчүүдийг ялсан ч хэсгийн аваргын төлөө Гүржийн Бека Гвиниашвилид ялагджээ. Ийнхүү дагах барилдаандаа Италийн Кристиан Парлатиг, хүрлийн төлөө Кубын Иван Фелипе Силва Моралесыг ялсан аж.
Тэгвэл алтан медаль хүртсэн О.Цэцэнцэнгэлийн тухайд хэсэгтээ Польш, Германы бөхчүүдийг ялж, хагас шигшээд шалгарсан. Улмаар Бразилын Жоао Кесариног дийлж, алтан медалийн төлөө Азербайжаны Ушанги Кокаүриг ялжээ.
Холбоотой мэдээ