"19 настай аймгийн заан болчихлоо гээд хамраа сөхөөгүй"

Хуучирсан мэдээ: 2023.02.20-нд нийтлэгдсэн

"19 настай аймгийн заан болчихлоо гээд хамраа сөхөөгүй"

"19 настай аймгийн заан болчихлоо гээд хамраа сөхөөгүй"

Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат олноо “Салхи Амараа” хэмээн алдаршсан Монгол Улсын начин Д.Амаржаргалтай ярилцлаа.


-Бяр их үү? Бэлтгэл сайн уу? Таныг бэртэлтэй байгаа гэж сонссон ?

-Бэлтгэл сайн байна. Цагаан сарын бэлтгэлээ хангаад л явж байна. Бэртэл гайгүй ээ. Сая сүүлд алтан цомын барилдаанд барилдаж байгаад хуучин хагалгаанд орж байсан нэг хөлөө бэртээчихлээ. Цагаан сарын барилдааныг өнжих болчихоод л байна. Уг нь цагаан сард зориулж бэлтгэл сайн хийж байлаа.

-Алтан цомын төлөөх тэмцээн хэр болсон вэ? Булганы залуу зургаан начин гээд бөхийн өргөө төдийгүй Монгол даяар шуугилаа.

Алтан цомын барилдаан зохион байгуулалт сайтай, шинэлэг барилдаан боллоо. Баг хамт олон болж яаж ажиллах вэ? яаж барилдах вэ? гээд бүхий л юмыг гаргаж байна. Тэр ч утгаараа манай Булганы начин цолтнууд нэг баг болж ороод амжилттай сайхан барилдаад явж байна.

-Өнгөрсөн наадмаар Булган дөрвөн начинтай боллоо. Түүхт наадмыг эргэн дурсвал?

-Өнгөрсөн жилийн наадам сайхан болсон. 100, 101 гээд түүхт ой давхцсан наадам болсон. Аваргатай, арслантай, бараг л бүхий л цолтонтой сайхан наадам болсон. Харин манай Булганаас дөрвөн шинэ начин төрсөн. Манайх ид барилдаж буй арваад начинтай болчихлоо шүү. Ер нь сайхан наадсан.

-Таны анхны цол аймгийн заан байсан уу? 19 настай бараг хүүхдээрээ шахуу залуу аймгийн том цолонд хүрчихээр том бөх юм шиг санагдана биз? Сумын заан болоход л аймар том болчихсон юм шиг санагддаг гэдэг шүү дээ.

Сумандаа 2007 онд барилдаад сумын заан болж байсан юм. Тэр жилээ шууд хоёр хоногийн дараа Орхон аймгийн баяр наадамд үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн. 19 нас гэдэг бол багадаа л цол авсан л даа. Тэгэхдээ И.Доржсамбуу, И.Ёндонсамбуу гээд хоёр ах, багшийнхаа зааж зөвлөснөөр л явсан. Аймгийн заан болчихлоо гээд хамраа сөхөх асуудал байгаагүй дээ.

-И.Доржсамбуу гарьд, И.Ёндонсамбуу начин ах нарынхаа зодог шуудаг, гутлыг өмсч бөхийн эрдэмд шамдсан гэж сонссон л доо. Багадаа өөрөө ч мэдэлгүй бөхөд татагдсан биз ?

Ер нь бөх болно л гэж бодсон доо. Бага байхдаа эмээ дээрээ өссөн гэх үү дээ. Манай аав, ээж хоёр хөдөөний хүмүүс. Ээжийн минь ээж н.Дариймаа гэдэг хүн улсын гарьд И.Доржсамбуу, улсын начин И.Ёндонсамбуу гэх хоёр хүний ээж нь. Манайх айл цуг байдаг. Хоёр ах ч хөдөөнөөс үй зайгүй ирж очдог байсан даа. Зурагтаар л бөх гарах болгонд тэр хоёрыг харна. Тэгсээр байгаад л бөх болох сонирхолтой болсон доо.

-Бөхийн эрдэм заасан анхны багш тань хэн бэ?

Хамгийн анх гэвэл Архангай аймгийн Хашаат сумын харьяат аймгийн начин Д.Дондов гэж хүн бий. Мөн биеийн тамирын багш н.Батсайхан, н.Энхбат гэж хүмүүс байгаа. Бас л юм сурч байлаа. Гэхдээ хамгийн анх бэлтгэл сургуулилалт хийлгэж, мэх зааж байсан гэвэл Д.Дондов гэх хүн.

Чөлөөт бөхийн бэлтгэл сургуулилалт дээр очиж бэлтгэл хийж байсан уу гэхээс  өөрөөр үндэсний бөхөөс өөр бөхийн төрөлд тэмцээн уралдаанд оролцож байсангүй.

-2011 онд Д.Амарсайхан начинтай аймгийнхаа түрүү, үзүүрийг булаалдаж байх үеийн сайхан зураг байна лээ. Удалгүй Булганы хоёр Амараа гэж хүмүүс ярьдаг болсон доо. Тухайн наадмыг эргэн дурсаач?

Би тэгэхэд Булган аймгийн баяр наадамд үзүүрлэсэн. Бэлтгэл гайгүй, сайн хийж байсан. Д.Амарсайхан маань надаас нэг билүү хоёр насаар дүү. Тэр үедээ бол хаячих байх гэж бодсон. Д.Амарсайхан өмнөх жил нь аймгийн начин болсон байх. Харин би аймгийн заан болоод дөрвөн жил болчихсон байсан учир түрүүлье гэх бодолтой барилдсан.

Дараа жил нь Өмнөговийн наадам эхлээд болсон юм. Өмнөговийн наадамд очоод дөрөвт үлдээд одоогийн Ш.Дарханбат начинд унасан. Шөнө нь Өмнөговиос ирээд Булгандаа түрүүлж байлаа.

-Танд хэзээ “За би ч улсын цолонд ойрхон байна шүү” гэх бодол төрсөн бэ?

-Барилдаж эхэлсэн хүнд улсын цол авахгүй байя гэсэн бодол байхгүй байх л даа. Хүн болгон л улсын начин, арслан, аварга, заан цолны аль нэгэнд хүрье гэсэн бодолтой байх. Миний хувьд аймгийн арслан болсон жилийнхээ дараа бэртээд жил гаруй, хоёр жил шахуу барилдаагүй. Тэгээд буцаад бэлтгэлдээ ороод аймаг, цэрэгт шөвгөрөөд ирэхээр “Одоо нэг улсын цол авбал авчихаар болж байна даа” гэж бодол төрж байсан шүү.

 -Хэзээ анх улсын баяр наадамд зодоглосон бэ?

-2011 оны 1024 бөхийн барилдаанаар анх барилдаж байсан юм байна. Гурвын даваанд А.Батмөнх начинтай нугарч байлаа. Түүнээс хойш барилдаагүй аймгийн наадмуудаар барилдаж байгаад 2015 онд барилдсан юм байна. Хагалгаанд ороод бэлтгэл жигдрээд л 2015 оноос улсын баяр наадамд барилдаад л 2018 онд улсын начин болсон доо.

-Ээж тань 2018 оны наадмын өмнөхөн танай галаар зочлохдоо хүүгээ цол хүртэнэ гэж билэгшээсэн гэсэн. Энэ талаараа хуучилвал?

-2018 онд бид хэд Хайртхаанд зургадугаар сарын эхээр бэлтгэлд гарсан. Тэгсэн зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр аав, ээж хоёр хот орж байна гээд ярьж байсан юм. Харин маргааш өглөө нь бэлтгэл дээр хүрээд ирсэн. Гал дээр ирж хоночихоод маргааш өглөө нь явахдаа ээж минь “Сайхан газарт бэлтгэлд гарчээ, миний хүү. Бэлтгэл нь ч сайн байх шиг байна. Энэ жил дээшээ сайн барилдах байх” гэж хэлчихээд яваад өгсөн. Тэр үед ч “Улсын цол авчих юм байна даа” гэх бодол төрсөн шүү. Итгэлийг нь алдчихгүй сайн барилдах юмсан гэх бодол байсан.

Тэгээд хэдхэн хоногийн дараа улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж, улсын начин гэх эрхэм хүндтэй цолны эзэн болсон. Хүсч, хүлээсэн цолондоо хүрэхээр цээжний голоос хүнд юм авчихсан юм шиг онгойсон уу? Таны баярлаад гүйж байгаа хүртэл үүнийг илтгэсэн гэлтэй.  

Цол авч байгаа хүмүүсийг харахаар янз бүрийн сэтгэл хөдлөл гаргадаг л даа. Яагаад огцом ингэдэг юм бол? Хэт их баярладаг юм байна даа гэж бодож байлаа. Би тав давбал ингэхгүй, сэтгэлээ бариад, хэт их ингэж баярласан хүмүүс дараагийн даваандаа тааруу барилдаад байгаа юм шиг санагдсан. Цолондоо ханана гэх юм уу даа. Гэтэл ямар ч өөрийн мэдэлгүй тэр үйлдлийг гаргасан байсан. Ерөөсөө зүгээр л энэ дотор хашхирмаар л байсан.

-Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олдог гэдэг. Жудаг Амараа, Салхиа Амараа, Аатай Амараа гэж дуудуулах ямар санагдаж байна вэ?

-Сайхан ш дээ. Миний хочийг хамгийн анх Б.Соронзонболд заан өгч байлаа. Б.Соронзонболд заан, А.Бямбажав харцага ид барилдаж байсан аймгийн хурц арслан байсан үед. Анх оюутан болоод л багшийн дээд дээр бэлтгэл хийж байх үед ах нар зарна. “Усанд яваад ир” гээд хэлэнгүүт улсын том цолтой хүмүүсийн юманд зарж байхад хурдан гүйчхээд ирдэг байсан юм. Тэр үед Б.Соронзолд заан “Манай энэ салхи шиг хүн шүү” гэсэн. Тэрнээс хойш л тийм хочтой болсон доо.

-Сүүлд таны Ц.Содномдорж арслантай барилдсан бичлэг цахим орчинд од болсон шүү дээ. Б.Соронзонболд заан хүртэл одоогийн залуучууд том цол хүндлэх байтугай мэндэлчиж чадахгүй гэж пост хийсэн харагдсан. Энэ их хүндлэл, жудгийг хаанаас, хэнээс суралцаж, өвлөж, одоо ингээд үлгэр дуурайлал үзүүлж байна вэ?

-Манай  Булганыхан мэндтэй, устай сайхан ард түмэн. Тэр тусмаа дээд цолтой бөхчүүд маань тийм болохоор залуучууд нь хараад үлгэр дуурайлал аваад явдаг болов уу. Манай дээд И.Доржсамбуу гарьд, Д.Баасандорж заан, М.Өсөхбаяр заан, Д.Лхагвасүрэн заан, талийгч Л.Энхбат начин гээд бүгдийг нь л бид нар харж, үлгэр дуурайлал авч, бэлтгэл дээр яаж байна, яах бол гээд хардаг. Бараг л алхаа, гишгээ бүрийг нь харж байгаа юм чинь. Бөх хүн ямар байх ёстойг энэ хүмүүс шиг л байхад болох юм байна гэсэн үлгэр дуурайлал авдаг. Тиймээс л хүмүүс л Булганыхан гээд байдаг болов уу.

-Ер нь Булганы бөхчүүд дотроо эвтэй, сайхан нөхөрлөдөг жудагтай гэж харагддаг шүү. Бөхийн хүрээнээс та хэнтэй ойр найзууд вэ?

Бөхийн хүрээнээс зөндөө олон найз бий. Нутаг гэлтгүй найзалдаг найзууд бий. Манай Б.Хишигбаатар начин, аймгийн арслан Алтаншагай, өсөх идэр начин Б.Эрдэнэхүү, Ж.Наранбаатар, н.Нарангарав, н.Батсайхан гээд гэр бүлийн хүрээний найзууд бий.

-Найз гэж ярьсных талийгч Д.Бат-Эрдэнэ начны талаар ярихгүй байж чадахгүй нь ээ. Та хоёрыг их ойр дотно нөхөрлөдөг гэж сонссон юм. Та найзыгаа сайхан дурсаач?

Бид хоёр нэг сумын хоёр. Анх барилдаж эхэлснээсээ хойш найз гэхээсээ илүүтэйгүүр ах дүү болсон. Миний тал, хаана л явна цуг явдаг ах минь. Хоёулаа гэр бүлтэй болоод гэр бүлийн найзууд болсон. Дэндүү сайн хүн гэх юм уу даа. Надад гэлтгүй бүхий л хүмүүст үлгэр дуурайлал болсон хүн байсан даа.

-Уламжлалт баяр болж байна. Сар шинийн баяр таны хувьд хэр утга учиртай баяр вэ?

Хамгийн сайхан баяр даа. Хүүхэд байхаасаа л хүлээдэг байлаа. Хүүхэд байхад цагаан сар хурдан болоосой, айл хэсч бэлэг цуглуулах хоббитой хүүхдүүд байлаа. Хөдөө байдаг. Морь унаад л дүүгээ дагуулаад өглөө орой болтол даарч байгаагаа ч мэдэхгүй яваад байдаг байлаа.

-Битүүний өдрийн барилдааныг шимтэн үздэг байсан биз?

-Үзнэ. Аав, ээж гэрээ цэвэрлээд л юм хийлгэх гээд л би зурагтныхаа өмнө суучихдаг байлаа.

-Хамгийн дурсамжтай сэтгэлд ойр сар шинийн барилдаан байна уу? Магадгүй И.Доржсамбуу гарьдын түрүүлдэг 2008 оны барилдаан бас сэтгэлд ойр байна уу?

Яг тэр. Манай ах улсын наадмаас бусад бүхий л барилдаанд түрүүлсэн байх. Ер нь улсын наадам, цагаан сар байсан юм. Тэгээд цагаан сарын барилдаанд түрүүлсэн. Бас 2002 оны цагаан сарын барилдаан байна. Барилдааныг нь сайн санахгүй байна. Сүүлд интернет, сошиалаар явж байхыг нь харсан. Их сайхан барилдаан. Үзүүрлэж балаа.

-Та өөрөө хэзээ анх сар шинийн барилдаанд зодоглосон бэ?

Бараг л аймгийн арслан болсон үеэс байх шүү. Аймгийн заан байхад оюутан байсан. Сургууль амраад л бушуухан хөдөө явдаг байлаа. Сумандаа очиж нэг барилддаг, хөдөө байдаг байсан. 2010 оноос л барилдсан байх. Хоёр даваад л, гурав дээр аварга, арслангуудын аманд унадаг, заримдаа хоёр дээр ч унадаг байлаа.

-Хамгийн дурсамжтай барилдаан гэвэл алийг нэрлэх вэ?

Жил болгоны л барилдаан байна даа. Цагаан сарын барилдаанд үр өгөөж өгч бэлтгэл хийдэг. Ер нь наадмаас өмнөх сорилго гэсэн үг ш дээ. Цагаан сараар сайн өөрийнхөө хэмжээнд сайн барилдвал сайхан байдаг.

-Цагаан сарын барилдаан наадмын өнгийг тодорхойлно гэдэг. 2018 онд улсын цол хүртдэг жилээ цагаан сарын барилдаанд хэр барилдсан бэ?

2018 онд би гурав даваад дөрвийн даваанд унасан байх. Тэгэж санагдаад байна. Ч.Санжаадамба аваргад унасан байх.

-Таны барилдаж байсан хамгийн бяртай бөх хэн бэ?

Бөхчүүд бүгдээрээ л бяртай. Гэхдээ яг барилдаад, гар тулахаар гар чанга хүмүүс бий. Манай Ч.Санжаадамба аварга, О.Хангай аварга, Б.Чимэдвандан начин бүр айхтар шүү. Хоёр гар нь чанга.

-Бөхчүүдийн дээл бас сар шинийн гол чимэг байдаг. Та дээлээ хаана хийлгэдэг вэ? Хэр ач холбогдол өгдөг вэ?

Дээлэндээ анхаарал тавина. Болж өгвөл цагаан сар, наадмаар шинэ дээл өмсөхийг боддог. Зарим үед наадмын бэлтгэлд гараад хийлгэж амжихгүй үе гарна. Миний дээлийг манай хуурай эгч н.Хүрэлчулуун гэж торго зардаг эгч хийнэ. Одоо бүр очихоо больсон. Утсаар яриад л “Би дээл хийлгэе” гээд ярингуут “Ямар өнгө вэ? “, “Даавуу юу? Торго уу?” гэж асуучихаад л болгоно гээд өгчихдөг болсон. Хэмжээг минь ч мэддэг болсон.

-Гэр бүл тань бэлтгэлээ базаасан уу? Хичнээн бууз хийсэн бэ?

Бэлтгэл хангаж байна. Буузны тоо мэдэхгүй байна. Хийх нь хийсэн. Манай аав, ээж хоёр, гэр бүлийн минь хүний аав, ээж бас хөдөө байдаг. Тийм болохоор шинийн 1-нд гэртээ шинэлээд хөдөө явдаг.

-Бидний ярилцлага энэ хүрээд жаргаж байна. Та Монголын ард түмэндээ сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Гарч буй туулай жилдээ Монголын минь ард түмэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж