Зарим хэт баян хүмүүсийн хувьд мөнгөөр худалдаж авч болох хамгийн хүчирхэг хөрөнгө бол супер дарвуулт онгоц эсвэл хувийн тансаг онгоц биш, харин паспорт аж. "Хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөр олгосон иргэншил" гэж албан ёсоор нэрлэгддэг "алтан паспорт" нь гадаадын чинээлэг хүмүүст ихэвчлэн үл хөдлөх хөрөнгө худалдаж авах замаар тухайн улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийснийхээ хариуд иргэншил авах боломжийг олгодог. Түүнчлэн "алтан паспорт"-оос арай хязгаарлагдмал боломжийг олгодог "алтан виз" нь байнгын иргэншлийн оронд хөрөнгө оруулалтын хугацаанд түр оршин суух зөвшөөрөл өгдөг байна.
Тэгвэл Европын холбооны "алтан паспорт" авах хүсэлт гаргасан америкчуудын тоо 2019 оноос хойш 447 хувиар нэмэгджээ. "Henley & Partners" компанийн 2023 оны АНУ-ын баялгийн тайланд дурдсанаар америкчууд "алтан паспорт", "алтан виз" авах хүсэлтээрээ анх удаа бусад үндэстнийг давжээ. Ерөнхийдөө тус хөтөлбөрт хамрагдагсдыг хятад, оросууд тэргүүлдэг гэнэ.
Энэ нь АНУ-д инфляци, нийгэм, улс төрийн үймээн самуун нэмэгдэж, дундаж давхарга хумигдаж байгаа энэ үед чинээлэг хүмүүс эх орноосоо дүрвэж буйн илрэл гэдгийг шинжээчид онцолжээ.
Гэхдээ Португаль улс орон сууцны хямралтай тэмцэж байгаа энэ үед "алтан виз"-ний хөтөлбөртөө шинэ өргөдөл хүлээн авахгүй гэдгээ зарласан. Баян америкчуудын хувьд Португаль улсад хөрөнгө оруулах журмаар иргэншил авах сонирхол их байжээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Ирланд "алтан виз"-ний хөтөлбөрөө зогсоосон байна. Тус улсад өнгөрсөн жил хүсэлт гаргасан 206 хүний 282 нь Хятадын иргэн байсан бол 10 нь америкчууд байв.
Өдгөө урьдчилан тогтоосон хөрөнгө оруулалтын оронд иргэншил санал болгодог Европын холбооны зохицуулалтыг хэрэгжүүлж буй цорын ганц улс бол Мальта юм. Үүнээс гадна "алтан пасспорт"-ын хөтөлбөрт эдийн засагт нь шууд 9.5 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн "онцгой гавьяатай" гадаадын иргэдэд иргэний харъяалал олгох эрхийг засгийн газар олгодог Австрийн иргэний харьяаллын тухай хууль хамаардаггүй.
Европын комиссоос өнгөрсөн есдүгээр сард "алтан паспорт"-ын хөтөлбөр нь бүхэл бүтэн холбооны аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэж үзэж, Мальтын засгийн газрыг Европын холбооны шүүхэд өгсөн юм.
Мальта шиг Европын холбооны гишүүн улсын иргэн байх нь 27 орноор чөлөөтэй зорчих, санал өгөх эрх, дотоод зах зээлд нэвтрэх зэрэг олон давуу эрхийг нээж өгдөг.
Орос улсаас Украин руу дайрсны дараа "алтан паспорт" болон "виз" нь хоригт хамрагдсан олигархиудыг Их Британид нэвтрэх боломжийг олгосон нь дэлхий нийтийн анхаарлын төвд орсон. Улмаар Их Британи, Болгар, Кипр зэрэг хэд хэдэн улсад уг хөтөлбөрийг зогсооход хүргэсэн. Европын холбооноос хатуу шаардлага тавьж байгаа хэдий ч Мальта өнөөг хүртэл үүнийг дагахаас татгалзсаар байна.
Мальта улсын "алтан паспорт"-ын хөтөлбөрөөр дамжуулан иргэний харъяалал авахын тулд өргөдөл гаргагчид 590,000-аас 740,000 еврогийн хооронд хөрөнгө оруулалт хийх ёстой. Та тус улсад 36 сараас дээш буюу түүнээс доош хугацаагаар оршин суусан эсэхээс хөрөнгө оруулалтын хэмжээ хамаарна. Мөн таван жилийн хугацаанд дор хаяж 700,000 еврогийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эсвэл жилд дор хаяж 16,000 еврогийн түрээс төлөх, нэмэлтээр 10,000 евро хандивлах, эргэн төлөгдөхгүй хадгаламж, шимтгэлд нийт 26,500 евро төлнө.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ