А Хаекийн эргэлзээ ба ардчиллын завхрал

Хуучирсан мэдээ: 2023.02.19-нд нийтлэгдсэн

А Хаекийн эргэлзээ ба ардчиллын завхрал

А Хаекийн эргэлзээ ба ардчиллын завхрал

Австри, Британийн нэрт эрдэмтэн Нобелийн шагналт эдийн засагч Фридрих Август Хаек (1899-1992) нь нийгмийн ухааны талбар дахь 20 зууны томхон төлөөллүүдийн нэг билээ. Түүнийг ихэвчлэн хүмүүс эдийн засагч гэдгээр нь мэдэх боловч түүний судалгааны чиглэл нь шинжлэх ухааны философи, улс төрийн онол, сэтгэл судлал төдийгүй эрх зүйн онолыг хүртэлх тун өргөн далайцыг хамарч байв. Тэрээр нийтдээ 25 номыг зохиож, эмхэтгэж, хянан тохиолдуулсан ба арав гаруй товхимол, 130 гаруй өгүүлэл бичжээ.

Ф.А.Хаекийн үндсэн мэргэжил нь эрх зүйч бөгөөд 1921 онд Австрийн Венийн их сургуулиас Хууль зүйн ухааны докторын зэрэг хүртсэн. Ф.А Хаекийн ажил амьдралын нэлээд хожуу үеийн судалгааны чиглэл нь эрх зүйн онолын судалгааны чухал сэдвүүд болох хууль ба төрийн мөн чанар, шударга ёс, үндсэн хуульт ёс, хууль дээдлэх ёс, нийтлэг эрх зүйн түүх гэх мэтийн сэдвүүдийг хамарсан байдаг.

Мэдээж Ф.А Хаекийн хууль зүйн талбар дахь судалгааг түүний бусад чиглэлийн судалгааны ажлаас тусдаа бие даасан судалгаа гэж дүгнэх боломжгүй. Харин шинжлэх ухааны судалгааны болон танин мэдэхүйн онол, эдийн засгийн шийдвэр гаргах процесс болон улс төрийн дэг журам хоёрын хоорондын харилцан хамаарлыг судалсан судалгааных нь үргэлжлэл гэж үзэж болно. Ерөнхийдөө чөлөөт нээлттэй нийгмийн ерөнхий зарчмуудыг танин мэдэж, тодорхойлох гэсэн системчилсэн судалгааных нь нэг хэсэг байсан хэрэг.

Ф.А Хаекийн Боолчлолд хүрэх зам (1944), Эрх чөлөөний Үндсэн хууль (1960), Хууль, Легислаци ба Эрх чөлөө 3 боть (1973, 1976, 1979) гэсэн ном бүтээлүүд нь дан ганц хууль эрх зүйн чиглэлээр бичигдээгүй боловч түүний эрх зүйн сэтгэлгээний байр суурийг эдгээр бүтээлүүдээс ерөнхийдөө ойлгох боломжтой.

Хууль дээдлэх ёс, үндсэн хуульт ёс, эрх мэдлийн хуваарилалт гэх ухагдахуунуудыг мэдэхгүй хүн гэж өнөө цаг үед байхгүй ч гэлээ эдгээр нь эрдэмтэн судлаачдын дунд ч гэсэн багагүй маргаан өрнүүлсээр ирсэн, олон янзын эрдэмтэн судлаачид энэ ухагдахууныг өөр өөрөөр тайлбарладаг түвэгтэй ойлголтууд юм. Ф.А Хаек ч гэсэн эдгээрийг өөрийнхөөрөө зохиол бүтээлүүддээ тайлбарлан тодорхойлсон байдаг. Тэрээр хууль дээдлэх ёсны үзэл баримтлал нь орчин үеийн төлөөллийн ардчилалтай огт хамааралгүй ойлголт болохыг тэмдэглэж, үндсэн хуульт ёс ба хууль дээдлэх зарчим хоорондын ялгаа заагийг тайлбарлахыг хичээсэн.

Ф.А Хаек хууль дээдлэх ёсны үзэл баримтлалаа боловсруулахдаа хууль дээдлэх ёс гэх нэр томьёо анх үүсэн бий болсон Англо-Саксоны нийтлэг эрх зүйн уламжлалын түүхийг судалсан.[1] Мөн Үндсэн хуульт ёс, эрх мэдэл хуваарилах зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн хангасан чөлөөт нийгмийг байгуулах үндсэн зорилгоо биелүүлж чадаагүй[2] болохыг дурдаж эдгээр бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга замыг санал болгох гэж оролдсон.

Ф.А Хаекийн эрх зүйн судалгаанууд нь төдийлөн хууль зүйн талбар дахь эрдэмтэн судлаачдад тэр бүр танил биш.  Үүний шалтгааныг бидний эрин цаг үед зонхилж буй улс төрийн үзэл санаатай холбоотой гэж тайлбарлах хүмүүс ч бий. Энэхүү өгүүллэгт Ф.А. Хаекийн хууль зүйн чиглэлийн судалгааг бүхэлд нь хамрахыг зорьж, түүний дэвшүүлсэн шийдлүүдийг авч хэлэлцэхийг зорьсонгүй. Харин хууль дээдлэх ёс гэж юу болох талаар түүний түүхэн баримтуудад тулгуурласан үзэл баримтлал, байр суурийг товчхон танилцуулахыг хичээлээ. Олон янзын ялгаатай байр сууриудтай танилцаж, энэ бүхнийг харгалзан үзэх нь хуульч, хууль зүйн судлаачид болон эрх зүй сонирхогчдын цаашдын судалгааны ажилд дэмтэй бизээ.

ЖИНХЭНЭ ХУУЛЬ БА ЖАМ ЁСНЫ ХУУЛЬ 

Ф.А Хаекийн судалснаар хувийн эрх зүй болон нийтийн эрх зүйд хэмээх хоёр ухагдахууныг тайлбарласан хэд хэдэн тодорхойлолт байдаг аж.[3] Түүний Хууль, Легислаци ба Эрх чөлөө номын гарчиг нь (нэр) өөрөө дээрх хоёр ойлголтын ялгааг илэрхийлсэн юм.

Хууль буюу шударга ёсны дүрэм журам Ф.А Хаекийн нийгмийн философийн онолын үндсэн санааг товчоор илэрхийлбэл нийгмийн дэг журам гэдэг нь хэн нэгний төлөвлөгөөний дагуу бус хувь хүмүүс тодорхой хэв маягаар үйлдсэний үр дагавар байдгийг онцолдог. Иймд бидний нийгмийн харилцаанд баримталдаг дүрэм журмууд нь ерөнхийдөө хүмүүст бусдынхаа ямар хэв маягаар үйлдэх тухай тодорхой байдлыг бий болгох боломжийг олгодог аж.

Нийгмийн дэг журмыг хангахад үйлчилж буй дүрэм журмууд нь хаад ноёд, хууль тогтоогчид, сайд дарга нарын тодорхой мөчид дур зоргоороо бий болгосон тушаал зарлиг бус бөгөөд урт хугацааны хувьслын явцад хүмүүс энэ бүхнийг олж илрүүлсэн хэрэг. Хүмүүс тодорхой нэг дүрмийг баримтлах болсонд эсхүл тодорхой дүрмүүд нь шаардлага хангахаа больсны учир шалтгаан болон нөхцөл байдлын тухайд ихэнх тохиолдолд хүмүүс мэдэхгүй байх нь элбэг.

Хүмүүсийн харилцаанд баримтлагддаг эдгээр ерөнхийлсөн дүрэм журмуудын цаад зорилгыг ойлгох нь эрх зүйн онолын үндсэн зорилго гэж Ф.А Хаек үзэж байв. Нийгмийг үзэх либерал философи ёсоор бол эдгээр дүрэм журмууд нь цаасан дээр буухаасаа ч өмнө хүмүүсийн харилцаанд баримтлагддаг байсан хэрэг. Иймд хууль нь зохиогддоггүй, харин түүнийг хүмүүс олж илрүүлдэг аж. Монгол хэлэнд ч хууль тогтоох гэж ярьдагаас бус хууль зохиох гэж ярьдаггүй нь тодорхой учир шалтгаантай.

Ф.А Хаек, нэн эрт цагийн Афины Солон эсхүл Вавилоны Хаммурапи хааны бичмэл хуулиуд нь нийгэмд тулгасан хэм хэмжээ бус харин ч хүн ардын дунд дагаж мөрдөгдсөөр ирсэн нийгмийн харилцааны ерөнхий хэм хэмжээ буюу шударга ёсны дүрэм журмууд байсан тухай дурдсан.

Иймд жинхэнэ хууль нь нийгэм дэх эрх чөлөөт иргэдийн харилцаан дундаас ургаж гарсан, нийтийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн шинжүүдийг өөртөө агуулсан байдаг аж. Хүмүүс хуулийг мөрдөж өөрсдийн зарим нэг дур зоргыг тодорхой хэмжээнд хязгаарласнаар тэдэнд өөрсдөд нь үр өгөөжтэй нийгмийн дэг журам, тогтвортой байдал бий болдог. Мөн дээрх шалгуурыг хангасан хууль нь хүмүүст тэгш үйлчилж хүн хоорондын ялгаатай байдлыг авч хэлэлцдэггүй. Нэгэнт хууль нь хүмүүсийн сайн мууг ялгаж салгах ерөнхий ойлголтонд тулгуурладаг учир олон нийтэд хүлээн зөвшөөрөгддөг. Гэхдээ энэ нь тодорхой зорилго, зорилтонд тэмүүлсэн нийтийн хүсэл зорго гэсэн үг биш.[4]  Учир нь хэрэв тодорхой зорилго, үр дүнг бий болгох гэвэл (нийтийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн ч гэлээ) хууль журмын хэрэгжилтийг хариуцах засаг захиргаа нь хүмүүст ялгавартай хандахаас өөр аргагүйд хүрнэ.

Тэрээр Англо-саксоны нийтлэг эрх зүйн уламжлал нь жинхэнэ хууль хэмээх үзэл баримтлалын шинжүүдийг хамгийн сайн агуулсан гэж үзсэн. Шударга ёсны дүрэм журмыг түүхэнд засаг захиргаа эсхүл хууль тогтоогчид бус ихэвчлэн шүүгчид тогтоож (нээн илрүүлж) байсан бөгөөд нийтлэг эрх зүй нь урт хугацааныхаа хувьслын явцад дээрх ерөнхий дүрэм журмуудыг нээн илрүүлэх процесс болж нийгмийн тогтвортой байдлыг сайтар хангадаг байсан аж. Мэдээж маргаан тасардаггүй байв. Ерөнхий дүрэм журмуудыг тухайлсан хэрэг, тохиолдол бүрт хэрхэн хэрэглэх тухайд хүмүүс олон янзын байр суурь баримталж, санал нийлэхгүй байх тохиолдол их гарч байв. Мөн дүрэм журмууд нь өөр хоорондоо зөрчилтэй байх нь ч элбэг. Иймд шүүхийн шийдвэрийн жишиг прецедентүүдээр маргааныг тасалж, хойшид хууль хэрэглэх явдлыг нэг мөр эцэслэн тогтоодог байсан аж.

Эндээс харахад хуулийн үүрэг нь дэг журмыг сахиулах зорилготойгоос бус тодорхой зорилго зорилтод чиглэх, нийгмийн нөөц баялагийг элдэв төлөвлөгөөний тусын тулд захиран зарцуулахтай огт хамаагүй аж. Шүүгчдийн олж илрүүлж, боловсронгуй болгохоор зорьж буй шударга ёсны дүрэм журмууд нь хүн бүрт хэрхэн ямар байдлаар аяглах зарчмыг нь тодорхой болгосноор нийгмийн гишүүдэд бүхэлд нь тус нэмэртэй байв. Хууль нь яг таг тодорхой бүлэг, хувь хүмүүст ямар нэг зорилт, зорилгод чиглэсэн үйл ажиллагааны нэг хэсэг болох боломжийг олгох бус өөр өөрийн зорилго тэмүүлэлтэй эдүгээ болон ирээдүй цагийн хувь хүмүүсийн дунд дэг журмыг хангах зорилготой абстракт шинжтэй аж.[5]

Шүүгчийн хувьд сонирхлын бүлгүүдийн ашиг сонирхол, улс төрийн зорилгод үйлчлэх тухай ойлголт байж болохгүй. Түүний цор ганц үүрэг нь нийгмийн дэг журмыг хангах бололцоог олгосон шударга ёсны дүрэм журмуудыг олж тогтоон, боловсронгуй болгох явдал. Шүүгч өөрийн шийдвэрийнхээ улс төрийн үр дагаварыг бодолцдог байх ёсгүй. Шүүгч ямар нэг улс төрийн идеологи-үзэл санааны өөрчлөлтөөс үл хамааран шударга ёсны ерөнхий дүрэм журмын хүрээ хязгаар доторх тодорхойгүй байдлуудыг шийдвэрлэх цэвэр техник шинжтэй ажил үүргийг хийж гүйцэтгэх ёстой гэж тооцогддог байсан аж.

Парламентын баталсан хууль нь анх захиргааны дүрэм журам хэлбэртэй байв Эртний болон Дундад зууны цаг үед төр засгуудыг хууль тогтоох эсхүл хуулийг хүчингүй болгох эрхтэй гэж үздэггүй байсныг Хаек дурдсан байдаг. Энэ нь шударга ёсны тодорхойлолтыг шинээр зохиох эсхүл үгүй хийх гэдгийн ижил утга учиргүй санаа аж.[6] Дундад зууны хожуу үед л шинээр хууль тогтоох буюу парламентын баталсан хууль тогтоомж болон легислатурын тухай санаачлага бий болжээ. Хууль тогтоох байгууллага буюу парламент бий болсон нь хуулийг нээн илрүүлэх бус шинээр зохиох явдал руу хөтөлсөн ба энэ нь эцэстээ хууль дээдлэх зарчмыг хүн дээдлэх зарчмаар орлуулсан аж.

Ингээд төрийн хууль тогтоох чиг үүрэг нь захиргааныхаа чиг үүрэгтэй хутгалдаж эхэлсэн. Төр засаг нь улсын нөөц баялагийн тодорхой хэсгийг нийтийн ашиг тусын тулд гэх нэрээр захиран зарцуулах болсноор төрийн үйл ажиллагаа нь шударга ёсны ерөнхий дүрэм журмын хүрээнээс хальсан. Төрийн сан хөмрөгт төвлөрсөн нөөц баялаг нь тодорхой зорилгод чиглэгдэн зарцуулагдах ёстой бөгөөд үүнийг гүйцэлдүүлэхэд тусгайлсан дагнасан захиргааны байгууллагууд байгуулагдах шаардлагатай болно. Ийнхүү “хууль” нь дан ганц шударга ёсыг тогтооход бус захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулсан захиргааны эрх зүйн шинжтэй болж хувирчээ.[7]

Төрийн захиргааны үйл ажиллагаа явагдахад шаардлагатай дүрэм журмуудын үйлчлэл нь тэр бүр зөвхөн төрийн албан хаагчдаар хязгаарлагддаггүй. Жишээлбэл, татвар нэмэгдүүлэх шийдвэр нь хүн бүрийн амьдралд нөлөөтэй захиргааны арга хэмжээ юм. Дээрх үйл явц эрчимжиж, өргөн хүрээнд өрнөх болсон нь хүний эрх, эрх чөлөөнд халдах болж эцэстээ шударга ёсыг тогтооход шаардлагатай дүрэм журам болон төрийн захиргааны үйл ажиллагааг зохицуулсан дүрэм журмуудын аль алиныг нь сонгуулиар сонгогдсон төлөөллүүд л тогтоох ёстой гэх ардчиллын тухай санаа бий болсон байна.

Харамсалтай нь энэ нь шударга ёсны ерөнхий дүрэм журмыг тогтоох болон нийгмийн тодорхой зорилгод чиглэсэн үйл ажиллагааны дүрэм журмыг тогтоох эрх мэдлүүдийг нэг гарт төвлөрүүлэх болжээ. Яваандаа шударга ёсны ерөнхий дүрэм журам болон захиргааны дүрэм журам хоёрын зааг ялгаа улам бүр бүдгэрэх болсноор төрийн эрх мэдлийн хязгаарлалтууд үгүй болж эхэлсэн байна. 17-р зууны төгсгөл үед парламентын баталсан хуулиуд нийтлэг эрх зүйн зарчимд нийцэх шаардлагатай эсэх тухай маргаан гарсаар байсан байна. Ф.А Хаекийн үзэж байгаагаар өнөө үед сонгогдсон төлөөллүүдийн гаргасан шийдвэр нь хүний амьдралын бүхий л хүрээ хязгаарт нөлөөлөх болсон байна.

Хууль гажуудсаны үр дагавар: Хоёр төрлийн хууль өөр хоорондоо хутгалдах болсон нь төр данхайж эрх мэдэл, дур зорго нь хэмжээ хязгааргүй тэлэх нөхцөл байдал руу хөтөлсөн. Юун түрүүнд, парламентийн чуулганы бүх тогтоол нь ‘ “хууль” гэсэн нэрийн дор нэгтгэгдэж захиргааны дүрэм журмуудад шударга ёсны дүрэм журмуудын буюу жинхэнэ хуулийн хуурамч статус олгогдсон байна. Удаад нь, дээрх шалтгааны улмаас парламент захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг журамласан дүрэм журмуудыг тогтоох эрхтэй төдийгүй хүмүүсийн харилцааны ерөнхий хэв маягийг зохицуулсан шударга ёсны ерөнхий дүрэм журмуудыг ч тогтоох эрх үүрэгтэй гэх ойлголт үүссэн байна. Ингээд төрийн агентлагуудын тусламжтайгаар нийгмийг дахин инженерчлэх боломжтой гэх төөрөгдөл нийгэмд гаарсан.

Хууль тогтоогчид өөрсдийн субьектив үнэлэмж эсхүл утопи үзэл суртлынхаа дагуу нийгмийг дахин инженерчлэхээр шийдвэл энэ үйл ажиллагаа нь тодорхой хүрээ хязгаарт хүрээд зогсоно гэж найдах аргагүй. Элдэв зорилгод чиглэгдсэн хууль журам, тогтоол, тушаал нь ч тодорхой хүрээгээр хязгаарлагдахгүй. Парламентын улс үндэстний нөөц баялагийг захиран зарцуулах энэхүү дур зоргод ямар нэг хязгаарлалт үгүй болох нь эцэстээ тэд улсын хэргийг хөтлөхдөө хувийнхаа аж ахуйн үйл ажиллагаанд хандаж байгаа мэтээр аяглахад хүргэсэн аж. Төрийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахын тулд хувь, хувьсгалын гэлтгүй бүхий л өмчийн мэдээллийг бүртгэж байх шаардлага бий болсон. Энэ нь эцэстээ ямар ч төрлийн өмч төрийн хяналтанд байх ёстой гэх ойлголтыг бий болгосон ба өмчийг төр бүхэлд нь хянах уу эсхүл хэсэгчилсэн байдлаар хянах уу гэдэг дээр л хүмүүсийн дунд маргаан өрнөх болжээ. Ф.А Хаек парламент нь төрийг хянах хэрэгсэл бус харин ч төр данхайх эх сурвалж болж байгаа тухай “Хязгааргүй дээд эрх мэдэл бүхий (бүрэн эрхт) төлөөллийн чуулган нь Засгийн газрын эрх мэдлийг хязгааргүй тэлэх үйл ажиллагааг эрчимжүүлсэн.”[8] гэсэн байдаг.  

Хэт төвлөрсөн эрх мэдэл нь хүн хоорондын харилцааг илүү урьдчилан таамаглахуйц байлгаж нийгмийн дэг журам тогтвортой байх нөхцлийг бүрдүүлэх нь ховор аж. Шударга ёс, зүй зохис гэдгийг хүмүүст урт хугацааны явцын туршид нээн илрүүлэхээ больсон төдийгүй үүнийг парламент тодорхойлох болсон байна. Парламентын баталсан хуулиуд нь тодорхой сонирхлын бүлгүүдийн эрх ашигт үйлчилж, нийгмийн зарим нэг бүлэг, хувь хүмүүсийг ялгаварлан гадуурхсан шинжтэй болж онц ач холбогдолтой шийдвэрүүд нь төрийн захиргааны байгууллагын ердийн үзэмжээр шийдэгддэг болжээ. Энэ арга хэмжээнүүдийг шударга ёсны шалгуураар шүүн цэгнэх боломжгүй болсон бөгөөд учир нь “шударга” гэх тодорхойлолтыг парламент өөрөө тогтоох болсон. Ф.А Хаек хуулийн үзэл баримтлал гуйвж, үндсэн утга санаагаа гээж байгааг “Хуулийг сонгогдсон төлөөллүүдийн гарт найдаж орхисон нь чононд мах хадгалуулсантай ижил хэрэг бөгөөд энэ нь яваандаа хууль гэх үзэл баримтлал нь үндсэн утгаараа оршихоо байж төрийн дур зоргыг хязгаарлах явдлыг үгүй хийсэн[9]  гэж дүгнэсэн байдаг.

АРДЧИЛАЛ БА ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС

Ардчилсан зарчмын дагуу хязгааргүй эрх мэдэлтэй засгийн газрууд байгуулагдах болсон явдал нь Ф.А Хаекийг ардчилалд эргэлзүүлэх болсон. Тэрээр ардчиллын тухай багагүй шүүмжилсэн өнгө аястай дүн шинжилгээг хийсэн байдаг. Ардчилсан болон либерал зарчмууд нь төр засгийн үйл ажиллагаа олонхийн шийдвэрийн дагуу явагдах ёстой гэдэг дээр ижил байр суурьтай. Гэвч либерал уламжлал нь олонхын засаглал нь олонхын дарангуйлал болж хувирахаас сэргийлж олонхын саналаа өгөх эрхэд хатуу хязгаарлалт тогтоохыг эрмэлздэг.

Гэвч ардчиллыг тодорхой хэмжээнд хязгаарлах ёстой гэсэн санаачлага нь хардлага сэрдлэгийн сэдэв болдог нь нууц биш. Улс төрийн хөдөлгөөнүүд насанд хүрээгүй хүүхдүүдэд болон гадаад улсын иргэд тэр ч бүү хэл сэтгэцийн өвчтэй хүмүүст ч саналаа өгөх эрх олгох тухай санаачлага дэвшүүлэх нь цөөнгүй.[10] Мөн санал асуулгаар бүхнийг шийдвэрлэх мэтийн ардчилсан үйл явцыг өргөтгөх гэсэн оролдлогууд ч их. Энэ нь ямагт зөв үр дагавар бий болгоно гэж найдах аргагүйгээс гадна олонхын хувьд өөрсдийн шийдвэр гаргах эрх мэдэлд тодорхой хязгаар байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх баталгаагүй. Ер нь ямагт олонхын зөв эсхүл олонхоор асуудлыг шийдэх нь хамгийн ухаалаг гэж үзэх нь учир дутагдалтай. Ихэвчлэн олонхын шийдвэр нь хувь хүмүүсийн гаргах шийдвэрээс илүү хуумгай байх нь элбэг. Учир нь олонх гаргасан шийдвэрийнхээ үр дагаварыг няхуур тунгаах эсхүл шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, баримтыг харгалзаж үзэх нь ховор.[11]

Ардчиллын завхрал: Ф.А Хаекийнхаар ардчилсан инститүүцийг хүлээн зөвшөөрөхийн тулд түүний үр нөлөөг сайтар үнэлэн цэгнэх ёстой аж. Ф.А Хаек ардчиллыг ихэнх хүмүүсийн ойлгодог шиг эцсийн зорилго гэдгээр хардаггүй байсныг түүний “Ардчилал нь хувь хүмүүсийн эрх чөлөө болон дотоодын энх тайван, амар амгалан байдлыг сахиулах зорилготой утилитари арга хэрэгсэл юм” гэсэн үгнээс харж болно.[12]

Хязгаарлагдаагүй ардчилал нь дотоодын энх тайван болон хувь хүний эрх чөлөөг хамгаалах үндсэн зорилгоосоо гажуудаж, олон янзын сонирхлын зөрчил бүхий нийгмийн бүлэглэлүүдийн гарт ашиглагдах хэрэгсэл болсон нь бүхний өмнө ил тод болсон аж. Парламентын татвар ноогдуулах, дахин хуваарилах эрх мэдэл нэмэгдэх тусам улс төрчдийн зохион байгуулалттай лобби бүлэглэлүүдийн шахалтанд өртөх магадлал тэр хэрээрээ нэмэгддэг аж. Эдгээр лобби бүлэглэлүүдийн сонгуульд саналаа өгөх эрх нь өөрсдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалсан улс төрчид болон бодлогыг дэмжих, зүтгүүлэх бололцоог олгодог. Иймд улс төрийн намуудын элдвийн бодлого, мөрийн хөтөлбөрүүд нь илүү их давуу тал, дархан эрх амлах байдлаар аль болох олон сонирхлын бүлгүүдийг өөрсдийнхөө төлөө санал өгөх явдалд зориулагддаг байна. Улс төрчид энэ бүхнээс зайлсхийх аргагүй болохыг Ф.А Хаек онцолж “Хуульчлагдсан авлига нь улс төрчдийн буруу биш юм. Хэрэв ямар нэг сайн сайхан зүйл бүтээх боломжийг олгосон албан тушаалтай болохыг л хүсч байгаа бол улс төрч үүнээс зайлсхийх аргагүй‘ гэсэн байдаг.[13]

Олон янзын сонирхлын бүлгүүдийн нийлбэр буюу олонхын хүсэл зоргыг бусдад тулгах гэсэн эдгээр шахалтууд нь улс төрчдийг чөлөөт нээлттэй нийгмийн зарчмуудыг ойшооход хүргэдэг.

Ф.А Хаекийн “Амжилттай улс төрчийн амжилтанд хүрдэг шалтгаан нь тухайн цаг үедээ зонхилсон үзэл санааны хүрээнд үйл ажиллагаа явуулж бусдын хүлээн зөвшөөрснийг л ярьж хэлдэгтэй нь холбоотой юм. Үзэл санааны талбарт улс төрчийг манлайлагч байх ёстой гэж ярих нь утга учиргүй хэрэг. Ардчиллын хүрээнд түүний гүйцэтгэх ёстой ажил үүрэг нь алс холын ирээдүйд олонхын үзэл санаа болж буй шинэ үзэл санааны төлөө зүтгэх явдал огт биш”[14] гэсэн үгнээс ардчилал нь улс төрчдийн үйл ажиллагаа завхрах нэг эх сурвалж болдог тухай харж болно.

Ардчилал нь олон янзын хүчний нөлөөнд автаж шударга ёсны жинхэнэ бодит зарчмыг алдагдуулж, тэр ч бүү хэл хувь хүмүүсийн хувийн орон зай гэх мэт тохиромжгүй хүрээ лүү нэвтрэх эрсдэлтэй гэж Ф.А Хаек дүгнэж байв . Парламент нь ард түмний томилолт, мандаттай учир ямар ч бодлого шийдвэр гаргах эрхтэй гэсэн итгэл үнэмшил нь туйлын их хор хөнөөлтэй аж. Хэрэв парламент нь хязгааргүй шахуу эрх мэдэл эдэлсээр байвал төдий л удалгүй дарангуй байгууллага болж хувирах нь зайлшгүй.[15] Иймд парламентын эрх мэдлийг зайлшгүй хязгаарлах ёстойг Ф.А Хаек “Хэмжээгүй эрхт парламент болон эрх чөлөөт ард иргэд гэсэн ойлголтууд нэг дор зэрэгцэн орших боломжгүй. Иргэдийг эрх чөлөөтэй байлгахын тулд төрийн эрх мэдэл нь иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой урт хугацааны зарчмуудаар хязгаарлагдах ёстой.” гэжээ.[16]

Үндсэн хууль ба хууль дээдлэх ёс: Төр засгийн үйл ажиллагааг Үндсэн хуулиар зохицуулж өгсөн нь төрийн эрх мэдэл, дур зоргыг хязгаарласан гэдэг нь маргахын аргагүй үнэн. Үндсэн хуульт ёс нь хууль тогтоох байгууллагаас батлаж буй хуулиудыг (легислаци) илүү дээд түвшний хуулийн хүрээнд захирагдуулж, эрх мэдлийн хуваарилалтын зарчмын дагуу төрийн үйл ажиллагаа явагдах болсон нь хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа Үндсэн хуулинд нийцэж буйг хянадаг хяналтын тогтолцоог бий болгосон.

Гэсэн ч Ф.А Хаект энэ нь хангалтгүй санагдаж байв. Бие даасан эрх мэдлийн тогтолцоог өөр хооронд нь салгаж хуваарилсан ч гэсэн эрх мэдлийг шаардлагатай хэмжээнд хязгаарлаагүй нь эрх мэдлийг торгоон барих Үндсэн хуулийн нөлөөг сааруулсан аж. Тэрээр Үндсэн хуулийн зорилго нь эрх мэдлийн хуваарилалт бус харин эрх мэдлийг хязгаарлах гэж үзэж байсан нь “Хязгаарлагдмал бус төр нь хамгийн том аюул. Хэнд ч  хэмжээ хязгааргүй эрх мэдлийг зөвөөр хэрэгжүүлэх чадавх байхгүй” [17]гэснээс нь харагдана.

Төрийн эрх мэдлийг шударга ёсны зарчмын хүрээнд хязгаарлах нь ердийн Үндсэн хуульт ёс гэдгээс ч илүү чухал аж. Тэрээр хууль дээдлэх ёс нь төрийн албадлагын эрх мэдэл нь шударга ёсны ерөнхий дүрэм журмын хүрээнээс гадуур хэрэгждэггүй, мөн дүрэм журмууд нь хэн бүхэнд ил тод ойлгомжтой, хүн бүрт ялгаваргүй тэгш үйлчилдэг, хууль хүний дор оршдоггүй, элдэв янзын улс төрийн идеологи болон амбицаас ангид бие даасан хараат бус шүүхийн байгууллагатай, мөн хувь хүмүүсийн хувийн өмч болон хувийн орон зай баталгаажсан байх тухай ойлголт гэдгийг цохон тэмдэглэж байв.[18]

Түүнийхээр шударга ёсны ерөнхий дүрэм журмыг тогтоох эрх мэдэл болон төрийн үйл ажиллагааг залж чиглүүлэхэд шаардлагатай эрх мэдлүүд нь аль алин нь парламент хэмээх нэг байгууллагын гарт төвлөрсөн учир эрх мэдлийн хуваарилалт бодит утгаараа биелэлээ олж чадаагүй аж. Үр дүнд нь төрийн эрх мэдэл бодит байдал дээр хэзээ ч хуулинд захирагддаггүй нөхцөл байдал бий болсон. Учир нь төр өөрөө хууль гэж юу болохыг тодорхойлдог учир эрх баригчид өөрсддөө ашигтай хууль баталж, хууль ёсыг завхруулсаар ирсэн аж.

ДҮГНЭЛТ

Ф.А Хаекийн хууль дээдлэх ёсны тухай үзэл баримтлалтай товчхон танилцвал түүний үзэл баримтлалын цаана илэрхийлэгдэж байгаа гол санаа нь алив төр засгийн үйл ажиллагаа нь урьдаас урьдчилж тогтоосон тодорхой дүрэм журмуудад захирагддаг байх тухай буюу Үндсэн хуулиар төрийн үйл ажиллагааг тодорхой хүрээнд хязгаарласан байхыг хэлж байгаа нь ойлгомжтой байна. Харин өнөө үед хууль дээдлэх ёсны тухай үзэл баримтлал гэдгээр аливаа ардчилсан сонгуулиар сонгогдсон засгийн газар нь тодорхой бодлого, зорилтоо хэрэгжүүлэхдээ зайлшгүй хуульчилж, хууль ёсны шинжтэй болгох шаардлагатай гэсэн ойлголт зонхилж байна ч гэж үзэж болох талтай. Энэ хоёр үзэл баримтлал нь өөр хоорондоо нийцэхгүй байгаа нь илэрхий. Цаашлаад хууль дээдлэх ёс гэдэг нь нийгмийн харилцаа бүхнийг хуулиар зохицуулах тухай ойлголт гэх буруу ойлголт ч олон нийтэд түгчихсэн байдаг нь нууц биш. Мэдээж төр засаг бүхэн өөрсдийн хууль ёсны легитим шинжээ Үндсэн хууль батлах байдлаар баталгаажуулах гэж оролддог ч гэсэн Үндсэн хууль бүхэн төрийн үйл ажиллагааг шаардлагатай түвшинд нь хязгаарласан шинжтэй байж чаддаг гэж ойлгох боломжгүй. Бодит практик, түүхэн баримтуудаас харахад Үндсэн хууль нь төрийн үйл ажиллагааг зохих түвшинд хязгаарласаар ирсэн гэж үзэх аргагүй. Тухайлбал, нацист Германы дэглэм Ваймарын Германы ардчилсан Үндсэн хуулийг цуцлахгүйгээр өөртөө хязгааргүй эрх мэдэл олгож байсан нь бодит үйл явдал. Өнөө цагт ч гэсэн Үндсэн хуулийг зөрчихгүйгээр хууль дээдлэх ёсыг гажуудуулж эсхүл Үндсэн хуулийг тайлбарлах эрх бүхий хууль ёсны инститүүцүүдэд улс төрийн нөлөө орсноор Үндсэн хуулийг гажуудуулж тайлбарлах гэсэн оролдлогыг эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн засгийн газрууд хийсээр байгаа нь бодит байдал. Иймд Үндсэн хуульд нийцсэн боловч хууль дээдлэх ёсны үзэл баримтлалд нийцэхгүй хууль тогтоомжууд батлагдах нь бүрэн боломжтой гэдгийг Ф.А Хаекийн хууль дээдлэх ёсны үзэл баримтлалын тухай судалгаа бидэнд илтгэж байгаа юм.

Мөн түүхээс харахад хууль дээдлэх ёсны үзэл баримтлал нь цаг хугацаа, нөхцөл байдал, нийгмийн сэтгэлгээний хувьсал өөрчлөлтөөс шалтгаалж өөрчлөгдсөөр ирсэн гэдэг нь тодорхой харагдаж байна. Мөн эрх зүйн онол нь тодорхой цаг үед зонхилж байгаа улс төрийн философийн сургаалиудтай харилцан уялдаатай хувьсаж өөрчлөгддөг ч байж болох талтай нь ойлгогдоно. Хэдийгээр манай улсын эрдэмтэн судлаачдын дунд эрх зүйн онолын зонхилох (mainstream theory) онолын үзэл баримтлалууд хангалттай судлагдсан боловч цэвэр эрх зүйн онолын хүрээнээс гадуурхи улс төрийн философи, эрх зүйн сэтгэлгээний түүх, эдийн засгийн ухаан болон эрх зүйн хоорондын харилцан уялдаа гэх мэтийн судалгаанууд эрх зүйн онолтой харилцан уялдаатайгаар хангалттай түвшинд судлагдаагүй учраас эдгээр сэдвээр цаашид судалгаа хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг дурдах нь зөв байх. Ф.А Хаек мэтийн судлаачдын хувьд эрх зүйн судалгааг дээрх судалгааны бие даасан чиглэлүүдтэй уялдуулж хийдэг байснаараа хуульч судлаачдын ойлголт мэдлэгийг ахиулахад онцгой ач холбогдолтой байж болзошгүй. Эдгээр сэдвээр судалгаа хийх нь манай улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэртэй төдийгүй цаашлаад ардчилсан, хүмүүнлэг, хууль дээдэлсэн төрийн тогтолцоог хадгалж хамгаалахад зүйрлэшгүй их хувь нэмэртэй бизээ.

Б.ОТГОНПҮРЭВ


АШИГЛАСАН ЭХ СУРВАЛЖ;

  1. The Freeman: The Decline of the Rule of Law, 1953
  2. Legislation and Liberty, 1998
  3. ‘The Confusion of Language in Political Thought’ 1968
  4. The Road to Serfdom, Planning and the Rule of Law 2007
  5. The Constitution of Liberty, The Definitive Edition, 2011
  6. Law, Legislation, and Liberty, Volume 19, 2022

[1]  The Freeman: April 20, 1953 (part I), May 4, 1953 (part II) сэтгүүлд хэвлэгдсэн The Decline of the Rule of Law эссенээс Ф.А Хаекийн нийтлэг эрх зүйн уламжлалд хууль дээдлэх ёс нь хэрхэн ойлгогдсоор ирсэн тухай түүхийн судалгаа, товч түүхийг уншиж болно.

[2] Ф.А Хаекийн Law, Legislation and Liberty 3 ботийг эмхэтгэсэн 1998 оны хэвлэл. Уг номын удиртгал бүлэгт Хаек энэ тухай тайлбарласан.

[3] Ф.А Хаекийн эссенээс түүвэр New Studies номын ‘The Confusion of Language in Political

Thought’ эссенээс энэ талаар тайлбарласан.

[4] Ф.А Хаек Жан Жак Руссогийн нийтийн буюу коллектив хүсэл зоргын тухай санаанд маш шүүмжлэлтэй хандаж байв. Энэ санааг тэрээр төрийн үйл ажиллагаа нь хууль сахиулах чиг үүргээсээ гажуудахад хүргэх нэг хүчин зүйл нь болсон гэж үзсэн. Энэ тухай мөн л Ф.А Хаекийн эсээний түүвэр New Studies номын ‘The Confusion of Language in Political Thought’ эссенд энэ тухай бичигдсэн.

[5] The Road to Serfdom номын Planning and the Rule of Law бүлэгт үүнийг тайлбарласан байдаг.

[6] Ф.А Хаекийн The Constitution of Liberty номын Rules and Order бүлгийг харна уу.

[7] Ф.А Хаек “Хууль нь шударга ёсны ерөнхий дүрэм журам гэдэг утгаараа бол захиргааны арга хэмжээний явцад хэрэгжих бололцоогүй. Жинхэнэ хууль нь тодорхой үйлдэл хийхийг зааварлах бус ерөнхий хэв маягаар аяглахыг шаарддаг” гэж энэ тухай тайлбарласан. Мөн Ф.А Хаекийн The Constitution of Liberty номын 11-р бүлэг буюу Rules and Order-ыг харна уу.

[8] Ф.А Хаекийн Law, Legislation and Liberty 3 ботийг эмхэтгэсэн хэвлэлийн The miscarriage of the democratic ideal бүлгээс харна уу.

[9] Ф.А Хаекийн Law, Legislation and Liberty 3 ботийг эмхэтгэсэн хэвлэлийн The division of Democratic Ideal бүлгээс харна уу.

[10] “Засгийн газрын өргөл хандиваас хүртдэг хүмүүс сонгуульд санал өгдөггүй болвол улс төрийн ардчилал илүү сайн хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж маргах хүмүүс олон” гэж Ф.А Хаек энэ тухай тодотгосон байдаг. Ф.А Хаекийн The Constitution of Liberty номын Majority Rule бүлгээс харна уу.

[11] Ардчиллын тухай Ф.А Хаекийн үзэл баримтлал нь мөн л The Constitution of Liberty номын Majority Rule бүлэгт маш дэлгэрэнгүй бичигдсэн байдаг.

[12] The Road to Serfdom номын Planning and the Rule of Law бүлгийг харна уу.

[13] Ф.А Хаекийн Law, Legislation and Liberty 3 ботийг эмхэтгэсэн хэвлэлийн The miscarriage of the democratic ideal бүлгээс харна уу.

[14] Ф.А Хаекийн The Constitution of Liberty номын Majority Rule бүлгийг харна уу.

[15] Ф.А Хаекийн Law, Legislation and Liberty 3 ботийг эмхэтгэсэн хэвлэлийн The containment of Power and Dethronement of Politics бүлэгт парламентын эрх мэдлийг хязгаарлах тухай дэлгэрэнгүй өгүүлсэн.

[16] Ф.А Хаекийн Law, Legislation and Liberty 3 ботийг эмхэтгэсэн хэвлэлийн The miscarriage of the democratic ideal бүлгээс харна уу.

[17] Мөн л Ф.А Хаекийн Law, Legislation and Liberty 3 ботийг эмхэтгэсэн хэвлэлийн The miscarriage of the democratic ideal бүлгээс харна уу.

[18] Ф.А Хаекийн хууль дээдлэх ёсны үзэл баримтлалын тухай дэлгэрэнгүй судлахыг хүсвэл Ф.А Хаекийн The Constitution of Liberty номын The Safeguards of Individual Liberty бүлэг болон The Road to Serfdom номын Planning and the Rule of Law бүлэгт дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж