Дотогшлох долларын ЧИМЭЭ!

Хуучирсан мэдээ: 2023.02.19-нд нийтлэгдсэн

Дотогшлох долларын ЧИМЭЭ!

Дотогшлох долларын ЧИМЭЭ!

Хоёр жил хөл хориотой шинэлсэн монголчууд хар туулай жилийг өргөн дэлгэр угтаж байна. Зурхайчдын зурлагад усан туулай жилд хотол олноороо элбэг дэлбэг, өег цатгалан, ажил үйлс нь бүтсэн нэн сайхан жил болох гэнэ. Эдийн засгийн зурлагад ч таатай тоонууд харагдаж байна.

Үндэсний статистикийн хороо өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын нийгэм эдийн засгийн талаарх ээлжит тайлангаа танилцуулсан юм. Тайланд Монголын эдийн засаг 2022 онд 4.8 хувийн өсөлттэй гарсныг онцолжээ.

Азийн хөгжлийн банкны шинжээчид Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2022 онд 2.3 хувь буюу нам төвшинд байна, 2023 онд 5.6 хувьтай гарна гэж таамаглаж байсан юм.

Тэгвэл Засгийн газраас зарласан, бодлогын үр дүнд эдийн засгийн өсөлт таамаглаж байснаас 2.5 хувиар илүү өсөлттэй гарсан, энэ 2023 онд өндөр өсөлт авчрах шинэ сэргэлт чимээлж байна. Тоо худлаа хэлдэггүй гэдэг, дотогшлох долларын урсгал эрчимжих болтугай, хурай.

Нэг.

Монголчууд тоо бодох, тоо унших дургүй. Гэтэл тоо болгон үг хэлдэг,  улс орны хөгжил, эдийн засгийн уналт өсөлт, ард иргэдийн амьдрал уншигдаж, яригдаж байдаг.

Нүүрс бол монголчуудыг тэжээдэг гол салбар. Улсын төсвийн дийлэнх уул уурхай, тэр дундаа нүүрснээс олдог орлогоос бүрддэг. Гэтэл улсад орж ирэх нүүрсний орлогоос цагаан захтнууд замаас нь хулгайлчихдаг байсан нь илчлэгдэв. “Эрдэнэс Тавантолгой” ялсан намын саалийн үнээ, томилогдсон даргын хэтэвч байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарласан, тэнд БЭТ томилолоо, биржээр нүүрсээ зарлаа.
Ингэснээр нүүрсний олборлолт өнгөрсөн нэгдүгээр сард 4.9 дахин өсчээ. Борлуулалт нь 1.5 их наяд давсан байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани анх байгуулагдсан цагаасаа эхлээд ам нөхцөлөөр нүүрсээ зарж ирсэн нь хулгайчдад сайхан далим болж ирснийг улсаараа улсаа тонуулж байж ойлгож байх шиг.

Ам нөхцөл гэдэг нь Хятадын тал уурхай дээрээс ирээд нүүрсээ ачаад явдаг, урьдчилаад мөнгийг нь аваад иддэг маягаар 12 жил явж иржээ.

Хэрэвзээ хилийн үнээр нүүрсээ зарсан бол дөрвөг тэрбумын нэмэлт орлого олох байсныг БЭТ Ж.Ганбат мэдээлсэн юм.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хамгийн сайн нүүрсээ сорчлоод хамгийн хямдаар зарж байсан гэсэн үг.

Тэгвэл Засгийн газрын тогтоолоор энэ сарын 1-нээс нүүрсээ биржээр зарж эхэлсэн агаад нэг тонн нүүрсний үнийг 66.1 ам.доллараар өсгөж, 178.6-179.1 ам.долларт хүргэжээ. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний ам үнэ 113 ам.доллар байсан юм.

Тэрчлэн Хятад улс цар тахлын хоригоо зөөллөж, хилээ нээснээр Монгол Улсын нүүрсний экспортод эерэг нөлөөлөл үүссэн.

Монгол Улс өнгөрсөн 2022 онд нийтдээ 24 сая гаруй тонн нүүрс экспортолсон бол 2023 онд 36.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Эдгээр тоонууд энэ жил нүүрснээс орох орлого хэд дахин нэмэгдэхийг “зөгнөж” буй юм.

Хоёр.

Статистикчид газрын тос 24.6 дахин, зэсийн баяжмал 13.9 хувиар өсч, мөнгөний баяжмалын олборлолт 44.5 хувиар нэмэгдсэн мэдээг хүргэлээ.
Хятад Улс хилийн хоригоо цуцалснаар дэлхийн зах зээлд зэсийн үнэ сэргэж эхэллээ. Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 9000 ам.доллар руу дөхөж явна.

Энэ монголчуудын хувьд тун сайн мэдээ. Учир нь, Монгол Улс зэсийн том тоглогч болоход тун ойрхон ирсэн. Оюутолгойн орд дэлхийд тавд эрэмбэлэгддэг, Хятадын хажууханд оршдог, зуун жилийн нөөцтэй орд юм. Гүний уурхай ирэх сард ашиглалтад ороход бэлэн болжээ.

Л.Оюун-Эрдэнийн засаг өнгөрсөн 2021 онд “Рио-Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суусны үр дүнд Монголд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн төдийгүй гүний уурхайн төсөоп шаардлагатай 1.4 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагчид бүрэн хариуцахаар болсон юм.
Оюутолгой гүний уурхай ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засагт орж өгөөжийг дор хаяж гурав дахин өснө гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн зэсийн олборлолт өнөөдрийнхөөс гурав дахин өсч, жилдээ хагас сая тонн зэс олборлосноор борлуулалтын хэмжээ нь таван тэрбум ам.долларт хүрнэ, үүний 34 хувь нь Монголд ногдол ашиг болж ирнэ.

Ийнхүү хар туулай жилд  зурайчдын зурснаар Монголын эдийн засаг өег цатгалан болох шинжтэй.
Статистикийн тоонууд дотогшлох долларын амсар нээгдсэнийг өгүүлж байна. Эдийн засаг тэлнэ гэдэг иргэдийн амьдрал сайжирч, ашиг орлого нэмэгдэнэ гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж