Эрүүл мэндийн яамнаас иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах санаачилгыг өнгөрсөн онд гаргасан. Иргэн өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалаар жилд нэг удаа 100 хувь үнэ төлбөргүй эрүүл мэндээ хянуулна гэдэг бусад улс оронд ч байхгүй боломж. Нэг талаар энэ нь иргэдийн хайнга байдлыг өөгшүүлж буй мэт боловч нөгөө талдаа цөөхөн хүн амтай Монгол Улсад нэг хүний амь нас ч үнэ цэнтэйг харуулж байна. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ. Тэднээс 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж. Тиймээс энэ жилээс тодорхой зохицуулалтуудыг хийхээр болжээ.
35 ХҮРТЭЛХ НАСНЫХНЫГ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮЗНЭ
Иргэд мэдээлэл дулимгаас эрт илрүүлэгт хамрагдах хугацаа нь өнгөрсөн зэрэг шалтгаан нөхцөл их буйг албаныхан хэлж байгаа. Мөн 35 хүртэлх насныхны эрт илрүүлгийн идэвх муу байгаа учир харьяалал харгалзахгүй үзэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, ЭМЯ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, хувийн зарим эмнэлгээс өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгал төлсөн л бол 35-аас доош насныхан төрсөн он, сар, өдөр харгалзахгүй эрт илрүүлэгт хамрагдах боломжтой гэсэн юм.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн хугацаанд үргэлжлүүлнэ. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаагийн улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол, мэдээлэл ЭМЯ-нд гаргах нь ихэсчээ.
ЭМЯ-аас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байна. Урилгаа авсны дараа харъяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилгыг ч мөн хүргүүлж байна. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдах аж.
Холбоотой мэдээ