Барууны орнуудын хориг арга хэмжээ ОХУ-ын автомашин үйлдвэрлэлийн салбарт хүндээр тусч буй. Учир нь автомашины салбар нь гадаадын үйлдвэрлэгчид болон импортын эд ангиудаас ихээхэн хамааралтай байдаг. Үйлдвэрлэл буурч, хэрэглэгчид хямд, хуучин машин сонгох болсон тул оросууд шинэ автомашин худалдаж авах нь хоёр дахин буурчээ.
Хүмүүсийн шинэ автомашинд зарцуулах мөнгөн дүн өнгөрсөн онд 52 хувиар буурч, 20.4 тэрбум ам.доллар болсон. Харин зарагдсан шинэ автомашины тоо ширхэг 58.8 хувиар буурчээ. Энэ нь 1991 онд ЗХУ задран унаснаас хойших хамгийн доод хэмжээндээ хүрч буй явдал юм. Харин хуучин автомашины борлуулалт 14 хувиар өссөнийг "Автостат аналитик" агентлаг мэдээлжээ.
Хуучин автомашины үнэ өсөхийн хэрээр шинэ автомашины зах зээлийн бүтэц ч өөрчлөгджээ. Шинэ автомашины зах зээлд Лада машин болон хятад машин зонхилж байгаа бол дээд зэрэглэлийн брэндүүд зах зээлээс бараг гарч байна. Үйлдвэрлэл буурч, нөөц багассан тул гүйлт багатай, гадаадад үйлдвэрлэсэн хуучин автомашин авахыг хэрэглэгчид илүүд үзэж байна. Шинэ автомашины дундаж үнэ өнгөрсөн онд 17 хувиар өсч 2.33 сая рубль, хуучин машиных 32 хувиар өсч 890 мянган рубль болжээ. Хуучин автомашины импортын хэмжээгээр Япон улс тэргүүлж байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ