Даршилсан ногоог махан бүтээгдэхүүнтэй хольж идэх хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2023.02.17-нд нийтлэгдсэн

Даршилсан ногоог махан бүтээгдэхүүнтэй хольж идэх хэрэггүй

Даршилсан ногоог махан бүтээгдэхүүнтэй хольж идэх хэрэггүй

Цагаан сарын баярын үеийн зохистой хооллолт болон нойр булчирхайн өвчлөлийн талаар Сүхбаатар дүүргийн Дотрын эмч Ш.Жанболатаас тодруулав.


-Цагаан сарын баярын үеийн зохисгүй хооллолт нь нойр булчирхай болоод ходоод гэдэсний өвчлөлийг сэдрээдэг үү?

-Цагаан сарын баярын үеэр янз бүрийн хоол хольж, хэтрүүлж идсэн тохиолдолд нойр булчирхай болон элэг цөсний хууч өвчнийг сэдрээх боломжтой. Хэтэрхий өөх, тостой хоол нь цөсний өвчлөл үүсэх нөхцөл болдог.

Цагаан сарын баяраар махан болон тостой хоол хүнс их иддэг. Үүнийгээ шингээх гэж дарсан исгэлэн төрлийн ногоо, жимс их хэрэглэдэг. Гэвч эдгээр даршилсан ногоонууд элэг, цөсөнд халтай юу?

-Даршилсан хүнс, ууталсан жимс зэрэг нь нойр булчирхайн өвчлөлийг сэдрээх бүтээгдэхүүн юм. Учир нь эдгээр хүнсэнд төрөл бүрийн бодис агуулагдаж байдаг тул нойр булчирхай, цөсийг цочроох магадлалтай. Тиймээс аль болох даршилсан ногоог махан бүтээгдэхүүнтэй хольж идэх хэрэггүй. Махан хоолыг өөрөөр нь буюу хольцгүй идэх нь сайн. Цагаан сарын баярын үеэр хүмүүс хэтрүүлж идэх тохиолдол байдаг учраас айл бүрээр зочлохдоо ойр ойрхон бага хэмжээтэй идэх нь чухал.

Ямар төрлийн хүнс идэх нь нойр булчирхай болон ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн байдаг вэ?

-Ислэг ихтэй хоол унд идэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Ерөнхийдөө аливаа хоол хүнсийг тохируулж идэх хэрэгтэй. Ингэж чадсанаар дотор эрхтний үйл ажиллагаа хэвийн явагдана.

-Цагаан сарын үеэр нойр булчирхайн өвчлөлтэй хүн юу идэхээс татгалзах хэрэгтэй вэ?

-Нойр булчирхайн өвчлөлтэй хүн хэт өөх тостой хоол идэж болохгүй. Зарим хүн халуун зүйл уусны дараагаар хүйтэн шингэн уух тохиолдол байдаг. Энэ тохиолдолд ходоод гэдэс рүү дамжигдаж орсон зүйл царцаж эхэлснээр ходоод болон цөсний үйл ажиллагааг хямраах аюултай.

Энэхүү баяраар сүүтэй цай их хэмжээгээр уух тохиолдол бий. Сүүтэй цайг хэтрүүлж уусан нөхцөлд өтгөн хатдаг уу?

-Сүүн бүтээгдэхүүнд кальци ихээр агуулагдаж байдаг тул шимэгдэх үйл явц нь удаан. Тиймээс сүүн бүтээгдэхүүнийг махан төрлийн хоол хүнстэй хольж идэх хэрэггүй. Учир нь хоол шингэлт буурч, нойр булчирхай  уураг, нүүрс усыг задлах гэж их хэмжээний фермент ялгаруулснаар элэг, нойр булчирхайн өвчлөл үүсгэх шалтгаан болдог. Мөн сүүн болон махан бүтээгдэхүүнийг даршилсан хүнстэй давхцуулж идэхээс татгалзаарай.

Зарим хүн нойр булчирхай, ходоод, цөсний аль нь өвдөж байгааг ялгадаггүй тохиолдол байдаг шүү дээ. Тухайлбал, эдгээр эрхтэн өвчилсөн байгаа нь хэрхэн мэдрэгддэг вэ. Ялгааг нь хэлэхгүй юу?

-Нойр булчирхай өвчилсөн тохиолдолд хүний зүүн хавирганы нумаар бүсэлж өвдөхтэй зэрэгцэн дотор муухайрч, гэдэс дүүрэх шинж тэмдэг илэрдэг бол элэг цөсний өвчилсөн шинж нь баруун хавирганы нумаар хатгуулдаг.

Нойр булчирхай өвчилсөн тохиолдолд бусад эд эрхтнээ хамардаг уу?

-Нойр булчирхайн архаг үрэвсэл сэдэрч, хэт идэвхжиж эхэлснээр бусад эд, эрхтнээ гэмтээх магадлалтай. Ялангуяа ходоод, гэдсийг өвчлүүлдэг. Нойр булчирхайн өвчлөл хэт үрэвсэж эхэлсэн тохиолдолд их хэмжээний хордлого үүсч, биеэр ус гүйжих үйл явц явагддаг тул бөөр гэмтдэг.

Цагаан сарын баяр 3-7 хоног үргэлжилдэг. Энэ хугацаанд удаан хоносон хоол хүнсийг идэх нь хүний биед сөргөөр нөлөөлдөг байх?

-Хоносон хоол гадаад орчны бактеритай урвалд орчихсон байдаг. Тиймээс хоносон хоол идэхээр олон төрлийн бактери хүний биед орж, задрах процесс нь удаан явагдаж эхэлнэ. Нэг ёсондоо ходоодны үйл ажиллагааг удаашруулдаг гэсэн үг. Ходоодонд орсон хоол хүнсний задрал удаан явагдсанаар нойр булчирхайд хэт их ачаалал үүсдэг.

Нойр булчирхайн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэрхэн зөв хооллох вэ?

-Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүний гуравны нэг нь нойр булчирхай, ходоодны шарх, элэг, цөсний өвчлөлттэй байдаг. Эдгээр өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд согтууруулах ундаа бага хэрэглэж, зөв хооллох буюу бага багаар ойр ойрхон идэх. Хэтрүүлж идэж ходоод болон дотор эрхтнүүддээ ачаалал өгөхөөс татгалзаарай. Лаазалсан, даршилсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь чухал. Архи  согтууруулах ундааг хэтрүүлснээр нойр булчирхайн өвчлөл үүсгэх аюултай.                                                                                                          

Г.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж