Манай хуулийнхан маньяк болжээ!

Хуучирсан мэдээ: 2023.02.17-нд нийтлэгдсэн

Манай хуулийнхан маньяк болжээ!

Манай хуулийнхан маньяк болжээ!

Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар байгуулахын төлөө хичээн зүтгэх болно.  / Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангаргийн үгнээс/

Өмгөөлөгч Б.Мэргэн нэгэн пост оруулсан нь олон нийтээс багагүй лайк, шейр цуглуулжээ. Тэрбээр гэрчийн гадаад пасспортыг хурааж авсан мөрдөгчтэй ярьсан тухайгаа товчхон сийрүүлсний дор олон хүн сэтгэгдлээ үлдээсэн байна.  Тэдний олонх нь ийм новшийн төртэй байгаадаа гутарч. Ингэхэд төр гэж хэнсэн, төрийн цагдаа гэж юусан билээ.  Бас нэгэн бүсгүй  Сүхбаатар аймагт ажлаар очиж, буудал ороход  нь аймгийн хоёр цагдаа хэнтэй ямар ажлаар явааг нь байцаасан тухай жиргэж. Ардчилсан Монгол Улсын  иргэд энэ мэтээр хууль, хүчнийхнээс айдас, хүйдэстэй амьдарч байна.  Эрх зүйт төр нь, эрх баригчдын амалсан шударга ёс нь, хуулийн засаглал нь  энэ тэгээд мөн  гэж үү?.

Нэг.

Шударга ёс эрх баригчид ба энгийн иргэн хоёрт нэг ижил, алагчлалгүй үйлчлэх хуулиас, хуулийнхнаас эхэлнэ. Хуулийнхан нь хувь хүнд биш хуульдаа захирагдаж ажиллахаас хуулийн засаглал тогтоно. Гэвч, сүүлийн үеийн дуулиант хэргүүдээс харахад хууль, хүчнийхэн хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй байна түүнд үйлчилдэг нь өөрчлөгдсөнгүй, засагдсангүй. Товчхондоо, Монгол хуулийн засаглал бэхжээгүй, бий болоогүй хэвээр байна гэсэн үг.

Монгол Улсын 40 их наядаар хохироосон /Т.Доржхандын тооцож гаргаснаар/нүүрсний гэх хэрэгт албан тушаалтнууд 13.8 тэрбумын хахууль авсан байж болзошгүйг АТГ-аас тогтоожээ.  Гэхдээ хэн, хэн хэдий хэмжээний авлига авсныг мөрдөн байцаалтын нууц гэх.

Гэтэл “Их Бит" ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Мөнхжингийн хувийн нууцыг /гадаад иргэншил авсан тухай/ олон нийтийн сүлжээн дэлгэсэн нь мөрдөн байцаалтын нууцтай хамаагүй болж таарав.  Даргын талын хүмүүсийн мэдээллийг нуухдаа хууль, хүчнийхэн заавал прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэх ёстой гэдэг. Гэтэл иргэнийхээ мэдээлийг ингээд ил цагаан цацдаг дабль стандарт манай хуулийн салбарт амь бөхтэй байсаар. Уг нь үүнийг халахаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амлаж байдаа.

О.Мөнхжин хэн байх нь чухал биш, хэрэвзээ, койн гаргасан бүхэн буруутай гэвэл “Ард”-ын Ч.Ганхуяг,  “MNFT” койныг гаргасан Соёлын сайд Ч.Номингийн нөхөр Г.Батдэлгэр нарыг адилхан баривчлах ёстой.  Хэрэвзээ нүүрсний хэрэгт улстөрчид буруутай бол Ардын нам, Ардчилсан нам гэлгүй адилхан шалгах хэрэгтэй.  Ингэж байж хуулийн засаглал бэхжинэ, эрх баригчдын амалдаг шударга ёс бий болно.

АТГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нүүрсний хэрэгт шууд ба шууд бусаар холбоотой 17 улстөрчийг зарласан. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд УИХ-ын нэр бүхий долоон гишүүн уг хэрэгт хамааралтай болохыг нэрлэсэн. Атал өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нүүрсний хэрэгт хамаагүй гэжээ. “Зүгээр байхад зүү шидвэл зөрүүлээд тэвнэ шиднэ” гэсэн түүний үгнээс айв уу. Аль эсвэл үнэхээр түүнийг гүтгэж, гүжирдэв үү. Ц.Сэргэлэн гэм буруугүй нь үнэн юм хэлсэн мэдэгдсэнээсээ буцалгүй Дорнодын цахилгаан станц, Хөгжлийн банктай холбоотой баримтуудаа гаргаж тавиад шүглээ үлээ. АТГ-ыг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэх, нэхэмжилсэн төлбөрөө авч, амалснаараа Монголын ядарсан зүдэрсэн ард түмэнд тарааж өгөх хэрэгтэй.

Хоёр.

Бусдыг залхаан цээрлүүлэх, олон нийтийн сүлжээнд нэр төрд нь халдах нь манай хууль, шүүхийнхний хувьд байдаг л зүйл. Хэрэв хууль, шүүхийнхэн хүсвэл гэм буруутай нь тогтоогдоогүй, нотлогдоогүй байхад мөрдөн байцаалт, гүйцэтгэх ажиллагааныхаа явцад олж авсан баримтаа дэлгэнэ, сошиалд яллуулна. Тэд хүсэхгүй бол хэний ч хэргийг хав дарж чадна. Хэнийг ч цагаатгаж, хэнийг суллаж мэднэ. Жишээ нь, гурван шатны шүүхээр гэмт хэрэгтэн мөн болохыг тогтоосон С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Улсын дээд шүүх суллахдаа хэргийг нь дахиж мөрдөөд ир гээд явуулсан.  Харамсалтай нь, тэдний хэргийг ахиад шалгаж байгаа прокурор, цагдаа байхгүй байна. Захиалагчийн төдийгүй алуурчдын хэрэг ерөнхийдөө замхрах тийшээгээ, гэмт хэрэгтнүүд олон нийтийн сүлжээнд лайв хийсэн шигээ сул чөлөөтэй явж байна. Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан улстөрчид нь Төрийн ордон хууль хэлэлцээд сууж байна. Гэтэл зарим хүнийг гэрчээр дуудаж, тайлбар авах нэрээр хуурч авчраад шоронд хорьчихдог.

Хүнийг баривчилна гэдэг  халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдаж буй тул хуульд заасан гарцаагүй үндэслэл байх ёстой. Гэмт хэрэгтэнд ч гишгэх газар үлдээдэг нь ардчилал юм. Гэтэл  жирийн иргэдээ айлган зовоож, төрийн нэрээр хүчирхийлэх  манай хуулийнхан маньяк болжээ, бие сэтгэлээр нь зовоож, тарчлааж, таашаал авдаг. М.Энхсайханыг, С.Баярыг, С.Баярцогтыг гэрчээр дуудаж авчраад яллагдагч болгоод хорьчихдог хувь хүний засаглал хуучин хэвэндээ л байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж