Авлигатай тэмцэх газар /АТГ/ өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн тэргүүтэй УИХ дахь МАН-ын бүлгийн таван гишүүнийг нүүрсний хэрэгт хамааралтай хэмээн зарлаж, шалгахаа мэдэгдсэн ч түүнийг энэ хэргээс мулталжээ.
Тодруулбал, АТГ –ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ сарын 10-нд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн рүү хандан илгээсэн албан бичигтээ “Иргэнээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр танд эрүүгийн хэрэг нээн шалгасан ч мөрдөн байцаалтын шатанд үгүйсгэгдсэн тул яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болно” гэсэн байна.
Энэ нь олон хүнд хардлага дагуулж, “АТГ хэнийг нь нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж, хэнийг нь сугалж, хамааралгүй болгох вэ гэдэг ажлыг эхлүүллээ. Ийм байдлаар асуудалд хандвал нүүрсний хулгайн хэрэгт жинхэнэ шалгуулах ёстой хүмүүс нь шалгуулахгүй мултарч, эцэстээ захын хар овоохой гэгчээр Ардчилсан намынхан л зөвхөн энэ хэрэгт хамааралтай болж хувирах вий” гэдэг болгоомжлолыг дагуулж эхлээд байна.
Ердөө хоёр сарын өмнө Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мөн л иргэний матаасаар АТГ-т шалгуулах болсноо мэдэгдсэн. Ингэхдээ тэрбээр “О.Цэрэнтогтох гэж залуу сошиал дээр гарсан мэдээллийг цуглуулж байгаад намайг АТГ-т өглөө гэсэн. Надад бол хууль бусаар хийсэн зүйл байхгүй. Тэр хүн бол өнгөц, цаана нь бохир улстөрч байгаа. Өөр шигээ намайг бодож байгаа байхгүй юу. Нэг гишүүн нүүрсний хэрэгт холбогдчихоод намайг нөлөөлж тэр нэрсэд оруулсан гэж хардаад байгаа. Тэр улстөрч бол цол хэргэм, албан тушаалын төлөө аль ч намын хүнтэй наалдаж ирсэн бохир улстөрч, төрөөс төрсөн тэрбумтан. Өөр шигээ бодож сэтгэж байхгүй юу” гэсэн нь нэрийг нь хэлээгүй ч нидэр дээрээ УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнд хаягласан үг гэж олон нийт ойлгосон. Харин өнөөх “но”-той, ноцтойгоороо дуудуулж байсан хүн нь энхийн цагаан тагтаа болж, удахгүй ардын баатар цол авч мэдэхээр л боллоо шүү.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ