Монголын хавдар төр болов 

Хуучирсан мэдээ: 2023.02.17-нд нийтлэгдсэн

Монголын хавдар төр болов 

Монголын хавдар төр болов 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “БНСУ-д эмчилгээ хийлгэхээр тухайн эмнэлэгтэйгээ тохирчихсон тохиолдолд визийн хөнгөлөлт эдлүүлнэ” гэж мэдэгдлээ. Монгол Солонгосын найрамдалт харилцааг хөгжүүлэх үүднээс харилцан визгүй зорчдох болох асуудлыг Ерөнхий сайдын түвшинд ярьж буйг ч тэрбээр нуусангүй. Монголоос БНСУ-д Хөдөлмөр эрхэлж буй 53 мянган иргэн байна. Түүний 18 мянга орчим иргэн зөрчилтэй аж. Арван жилийн өмнө Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалт 36 байсан бол өдгөө 26 болон буурчээ. Сайн үзүүлэлт мэт боловч эрүүл мэндийн салбарт ямаршуухан анхаарал хандуулж буйг маань энэ тоо хэлээд өгөх шиг. Монголоос хүний нутагт, харийн газарт биедээ хүйтэн мэс хүргүүлэхээр явж буй иргэдийн нарийвчилсан тоо алга. Гэхдээ хэдэн арван тэрбумаар тооцогдох мөнгийг орон гэрээ, өмч хөрөнгөө зараад, хүрэхгүй бол хандив гуйгаад ч болтугай гадны эмнэлэгт зарцуулж байна.

Эрт илрүүлгээр хүүхдээс хорт хавдрын 62 тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 насны хүүхдүүд 17, 6-17 насны хүүхдүүдэд 45 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн мэдээ сэрт хийлгэж байна.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэнээс 699 мянган иргэний шинжилгээний хариу бүрэн гарч, дүгнэлтийг иргэнд хүргэсэн гэдгийг дурдаад “Хортой болон хоргүй хавдрын 2796 сэжигтэй тохиолдол илрүүлсэн” гэдгийг дурджээ.

Аймшигтай тоо биш гэж үү? Монгол Улс хорт хадврын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Харин бидний оршихуйн эсрэг харанга дэлдэж буй энэ өвчлөлийг эмчлүүлэхэд визний хөнгөлөлт эдлүүлэхийг эрх баригчид хүсэх болжээ. Хэдийгээр энэ нь иргэддээ анхаарлаа хандуулж буй сайн хэрэг мэт боловч үнэндээ өнөө, маргаашаа л аргацаасан үйлдэл болохоос холыг ирээдүйг харсан бодлого биш. Монголд эрүүл саруул амьдрах боломж улам бүр хумигдсаар байна. Виз нь гарвал хэдэн мянгаараа гадаад руу гарах сонирхолтой залуус оочер хүлээн өнөө маргаашаа аргацааж буй бол эмчлүүлэх зорилгоор хэд нь мөнгө хайгаад явааг бүү мэд.

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын дүнгээр 6, түүнээс дээш сарын хугацаагаар гадаадад оршин суугаа 122.3 мянган иргэн тоологджээ. Монголын 30 хүн тутмын 1 удаан хугацаагаар гадаадад цагаачилсан гэсэн үг.Энэ нь арван жилийн өмнөхөөс 14.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Гадаадад оршин суугаа иргэдийн насны бүтцийг харвал 0-14 насны хүн ам 12.7 хувь, 15-44 насныхан 72.3 хувь, 45-64 насныхан 14.4 хувь байна. Өөрөөр хэлбэл, гадаадад удаан хугацаагаар суугаа хүн амын 10 хүн тутмын 9 нь хөдөлмөрийн насны хүн гэсэн үг.

Гадаадад оршин суугаа иргэдийн тоог Монголд байхдаа хаана нутагтайг харвал 74.5 хувь нь Улаанбаатараас, 4.2 хувь нь Дархан-Уул, 3.4 хувь нь Орхон аймгаас гадаад улсад оршин суухаар явжээ. Хотынхон гадаад руу, хөдөөнийхөн хот руу “цагаачилж” байна.

Явсан зорилгыг оршин суугаа улсаар авч үзвэл Энэтхэг, ОХУ, БНХАУ, Япон, Австрали, Герман, Ирланд руу хамгийн олон хүн суралцахаар (нийт сурахаар явагчдын 35.1 хувь) явдаг аж. Казахстан, Польш, Их Британи, Америк руу хамгийн олон хүн суурьшихаар (нийт суурьшихаар явагчдын 54.8 хувь), БНСУ, БНЧУ, Унгар руу хамгийн их хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар (нийт хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явагчдын 71.3 хувь), БНСУ, БНЧУ, Швед, Турк, Швейцар, Польш руу хамгийн их хүн хувиараа хөдөлмөрлөхөөр (нийт хувиараа хөдөлмөрлөхөөр явагчдын 62.2 хувь) явсан байна.

ИРГЭДЭЭ ЭХ ОРНООСОО ЯВАХЫГ ДЭМЖДЭГ ТӨР

М.Энхболд УИХ-ын даргын хувиар Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Траяан Лауренцю Христэаг хүлээн авч уулзахдаа хамгийн түрүүнд хүссэн зүйл нь тодорхой хэмжээнд визийн хөнгөлөлт үзүүлэх, энэ асуудлаар харилцан ойлголцох ажил хийгдэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.

Харин Байгаль орчны сайд байхдаа Д.Оюунхорол БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сунаас Тус улс руу эрүүл мэндийн шалтгаанаар зорчиж буй хүмүүст визийн хөнгөлөлт үзүүлэхэд анхаарал хандуулахыг уламжилжээ.

БНСУ-д албан ёсны айлчлал хийж байхдаа Ерөнхий сайд С.Баяр “Иргэд хилийн чанадад олноороо ажиллаж амьдрахыг хүсч байгаа энэ давалгааг зогсоохын тулд тэдний эх орондоо амьдрах нөхцөлийг нь дээшлүүлэх явдал” гэдгийг чухалчилсан ч монголчуудад визийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэхээсээ татгалзаагүй юм.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Солонгост хийсэн айлчлалаар тэнд буй монголчуудтай уулзахдаа “Одоо аав, ээж хоёр нь хоёул Монгол Улсын иргэн байвал төрсөн хүүхдийг нь шууд бүртгэж авдаг болно. Монголын хүүхдийн төрсний гэрчилгээ олгоно гэж байгаа. Тэгээд аав, ээжтэйгээ хамт Монгол руу ирэх хүсэлт гаргавал Монгол Улсын иргэний гадаад паспорт олгоно” гэсэн нь түүнээс өмнө бид гадаадад төрсөн Монгол хүүхдэд гаднын иргэн шиг ханддаг байсныг гэрчилнэ.

Тэднээс хойш сонгогдсон төрийн өндөрлөгүүд ч аливаа хэлэлцээ, айлчлал, уулзалт хийхдээ ямар нэгэн байдлаар визийн хөнгөлөлт хүсдэг нь олны нүднээ ил асуудал. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болох тухайн санаачлагатай ажиллаж буйг Д.Амарбаясгалан дарга онцлов.

Өнгөц харвал иргэдээ бодож буй мэт эл явдал үнэндээ өөрсдийн арчаагүй, тусгаар улсын төрийн түшээдийн хувьд дэндүү хариуцлагагүйгээ хүлээн зөвшөөрсөн явдал мэт. Ингэж л тэд гадагш явах урсгалыг дэмждэг.

Монголд арван жилийн өмнө эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт 36 байгаад 26 болсон нь эмч нар ямаршуухан чадвартай байгааг харуулж болох ч үнэндээ бид яг л хуучин менежментээрээ явааг харуулна. Бид дэндүү цөөхүүлээ. Гадаадын өндөр стандарттай, чанартай эмчилгээтэй эмнэлгийн салбарын Монголдоо байгуулж болохгүй байгаагийн шалтгаан нь хүн амын тоо, эмч нарын цалинг дийлэхгүйд байгаа талаар салбарын учир мэдэх хүмүүс учирладаг. Өнөө хэр нь шинээр эмнэлэг барих, эмч нараа мэргэжил дээшлүүлж, дагнасан чиглэлээр гадаадад сургах талаар огтхон ч анхаарч ирсэнгүй. Үүнээс болоод ганц нэгхэн гадаадад сурсан эмч нар нь өвдөх эсвэл үгүй болоход тухайн өвчнийг оношлож чадахгүй хүртлээ асуудалтай болжээ. Тиймээс бидний хамгийн тулгамдсан асуудал нь эрүүл мэндийн салбарт огт өөр бодлого барих. Эрүүл мэндийн салбарыг илүү оновчтой, мэргэжлийн хүнээр удирдуулж, өнөө маргаашаа аргацаасан биш холыг харсан бодлого үгүйлэгдэж байна. Монголд шорон, засаг захиргааны байгууллага, хууль хүчний байгууллагуудын шилэн барилгууд сүндэрлэн боссоор байдаг атлаа ганц түлэнхийн эмнэлгээ барих гэж арваад жил зарцуулдаг нь төр засгаас ямар бодлого барьж буйг ядах юмгүй харуулаад өгнө. Эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн хорт хавдар нь төр өөрөө болчихлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж