Сурвалжлага: "Барс" зах баас, шээсэндээ баригджээ

Хуучирсан мэдээ: 2023.02.17-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: "Барс" зах баас, шээсэндээ баригджээ

Сурвалжлага: "Барс" зах баас, шээсэндээ баригджээ

Нийслэлийн Баянгол дүүрэг дэх “Барс” худалдааны төв руу халтиргаатай замаар алхсаар хашааны үүдээр ороход эхүүн үнэр хамар сэртхийлгэнэ. Өвлийн туршид хөлдөж, хурсан шээснээс урь оронгуут уур савсан буй нүд халтирам бохир байдал биднийг угтлаа. Зам дээр машинууд зайгүй холхилдож, завсар сиймхийгээр нь явган хүмүүс сүлжилдэн алхана. Цагаан сар хаяанд ирж иргэд бэлтгэлээ базааж яваа нь энэ юм. Бид энэ удаад Улаанбаатар хотын хүнсний 80 хувийг хангадаг “Барс” худалдааны төв ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага  хангасан эсэхийг сурвалжиллаа. Ингээд худалдаа эрхлэгчдээс ойр орчны цэвэрлэгээг хэрхэн хийдэг талаар асуув. 

БАРИЛГЫН МАТЕРИАЛ БУС ХҮНСНИЙ БАРАА ЗАРЖ БАЙЖ ОРЧНОО ЦЭВЭР БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ

Худалдаачин Б.Өлзийцэцэг "Барс" захад 1997 оноос хойш наймаа хийжээ. Тэрбээр "Лангуу түрээсэлж, худалдаа эрхэлдэг иргэд өөрсдийн ойр хавийн талбайг бүгд цэвэрлэх ёстой байдаг. Миний хувьд өдөр болгон л цэвэрлэгээгээ тогтмол хийдэг. Барилгын материал бус хүнсний бараа зарж байж орчноо цэвэр байлгах хэрэгтэй гэж бусаддаа ч шаардлага тавьдаг. Хажуу талынхаа лангууны хүнд хэлсээр байгаад одоо харин байнга цэвэрлэдэг болчихсон. Дотор лангуу түрээсэлдэг хүмүүс барилгын гадна хэсгийг цэвэрлэх ёстой. Гэвч ихэнх нь гадна талаа цэвэрлэдэггүй. Жимсний хайрцгаа хүртэл гадаа гаргаж ирээд хаячихдаг. Хогийн цэг уг нь их ойрхон байдаг юм. Үнэхээр өөрсдөө цэвэрлэгээ хийж чадахгүй байвал хүнд мөнгө өгөөд цэвэрлүүлчихвэл болно шүү дээ. Нэг хэсэг нь цэвэрлээд нөгөө хэсэг нь цэвэрлэхгүй бол хог нэмэгдэж гараад л байна уу гэхээс багасахгүй. Бид нар энэ хүртэл газраа цэвэрлэх ёстой байдаг" гэлээ.

 

Тэр ийн өгүүлээд ачааны тэрэг тавьсан 50 метр орчим газрыг заан үзүүллээ. Худалдаа эрхлэгчид бүгд өөрийн багаж хэрэгслээрээ цэвэрлэгээ хийдэг юм байна. Цааш явж, булангийн лангууны худалдагчаас гадна орчноо яагаад цэвэрлэдэггүй тухай нь тодруулахад “Бид гадна талбайгаа өглөө оройдоо байнга цэвэрлэж байдаг. Гэвч иргэд их бохир. Машинаасаа бууж хүнсээ аваад, буцахдаа хашаа руу бие засчихаад яваад өгдөг. Зарим нь хогоо шууд газар хаядаг. Ийм байхад бид байнга цэвэрлээд ч нэмэр байхгүй шүү дээ. Олон хүнтэй үед цэвэрлэх ч боломж гарахгүй болохоор орой ажлаа тарахынхаа өмнө нийтдээ цэвэрлээд явцгаадаг” гэв.

"Барс" захын ойр хавьд орон гэргүй хүмүүс их байдаг. Тэд нар энд тэндхийн буланд очиж бие засч, бөөлжиж, орчныг бохирдуулдаг гэдгийг ч хэлж байсан юм. 

ДЭЭШЭЭ ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ГАРГАСАН Ч ШИЙДЭГДДЭГГҮЙ

“Энэ "Барс" зах маш бохир.  Ингээд л хогондоо хөглөрч байдаг. Одоо дулаан орохоор энэ хавиар өнгөрөхийн аргагүй үнэр танартай болдог. Дээшээ өргөдөл гомдол гаргасан ч шийдэгддэггүй. Зөвхөн мөнгө л орж байвал боллоо гэж үздэг.  Энэ шээс бааснаас 10 метрийн зайтай  элсэн чихэр, будаа задгай зарагдаж байдаг” гэж иргэн Б. Даваажав  ярилаа.

Ойр орчимд нь мандарины хальс болон чихрийн цаас хөглөрсөн гадаах лангуунаас хэрхэн цэвэрлэгээгээ хийдэг талаар лавлахад “Орой цэвэрлэдэг. Өдөржингөө хүмүүс холхидог учир заваан болох нь аргагүй шүү дээ. Өдөр ямар тоос шороо бужигнуулаад цэвэрлээд байлтай нь биш” гэлээ. Мөн өдрийн цагаар өөрийн хариуцсан талбайн томоохон хогоо түүгээд авах боломжтой эсэхийг лавлахад “Тийм зав гардаггүй” гэж хариулав.

ГҮҮРНИЙ ОЙР ХАВЬ МАНАЙ ЗАМ ТАЛБАЙД ХАМААРАЛГҮЙ

"Барс" захын хамгийн бохир хэсэг болох улаан модон гүүрний доор хашаа дагуух газар хүний өтгөн шингэн холилдон, элдэв янзын хог овоорон хөлдсөн харагдлаа. 

“Гүүрний ойр хавь манай зам талбайд хамааралгүй төмөр замын хариуцах газар байдаг. Гэсэн хэдий ч манай цэвэрлэгээний ажилчид тэр хэсгийг асуудалгүй байнга л цэвэрлэдэг. Манайхаас өглөө 06:00-07:00 цагийн хооронд, оройдоо 21:00-22:00  цагийн үед цэвэрлэгээг тогтмол хийдэг. Гаднах талбайг цэвэрлэх гурван хүн байдаг. Би өөрөө гадаа зогсоод хяналт тавьж үзсэн. Хүмүүс явж байгаад л шууд хашаа руу шээдэг, шаардлага тавихаар өөдөөс хэрэлддэг. Зарим нь тэсэхээ болилоо гэж хүртэл хэлдэг. Тор, контейнер тавиад ч нэмэргүй тийшээ нь шээчихдэг” гэж "Барс" захын ахлах байцаагч Б. Бат-Эрдэнэ хэллээ. 

"Барс" зах нь эрэгтэй 12 хүн, эмэгтэй 16 хүн орох багтаамжтай бие засах газартай. 

Нэрээ нууцалсан нэгэн худалдаачингаас цэвэрлэгээний талаар асуувал “Бид дотор үйл ажиллагаа явуулдаг ч гадаа талбайгаа цэвэрлэдэг. Цэвэрлэх ёстой зам талбайг хуваарилсан байдаг. Орой тарахын өмнө цэвэрлэгээ хийдэг. Саяхан долоо хоногийн өмнө цэвэрлэсэн” гэж хариуллаа. Цэвэрлэгээний багажийг лавлахад нэг мөс бутлагч харуулав. Хог бохирын асуудалд иргэд ч өөрсдөө ухамсаргүй хандаж байгааг худалдаа эрхлэгчид хэлж байлаа. 

Э.Хулан, Д.Нямхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж