Эрчим хүчгүй байж, хөнгөн галт тэрэг яаж явуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2023.02.17-нд нийтлэгдсэн

Эрчим хүчгүй байж, хөнгөн галт тэрэг яаж явуулах вэ?

Эрчим хүчгүй байж, хөнгөн галт тэрэг яаж явуулах вэ?

Нийтийн тээврийн салбарт LRT буюу хөнгөн галт тэрэг нэвтрүүлэхэд эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болгосон байх шаардлагатай. Гэвч энэ асуудлыг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мартав уу, эсвэл сэтгэл хөдлөлд автав уу, БНХАУ-ын Чунчин хотод ажиллах үеэрээ хөнгөн галт тэрэг худалдан авах асуудлыг ярилцсан нь олны анхаарлыг татав.

Нийслэлийнхнийг хөлдөөчихөлгүй, хавартай золгож буйдаа эрчим хүчний салбарынхан одоо л амьсгаа авахтайгаа болж байна. Учир нь, оргил ачааллын үед үүссэн эрчим хүчний дутагдлыг ОХУ-аас нөхөж, аргалсан. Одоо энэ салбарынхан эрх баригчдаас V цахилгаан станцыг яаралтай барих шаардлага байгааг сануулж буй. Угаасаа ч шинэ цахилгаан станц барихгүйгээр жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг дааж явах бололцоогүй болсноо хаа, хаанаа хүлээн зөвшөөрч байгаа ч өнөөх л хөрөнгө мөнгөгүйн гачлан тооцсоор өнөөдөртэй золгосон.

Гэсэн ч нийслэлийнхний шүдний өвчин болсон түгжрэлийг шийдье гэвэл хөнгөн галт тэргийг худалдан авахаасаа өмнө шинэ цахилгаан станцтай болох асуудал чухал байгаа гэж хэлж болно.

Нөгөө талдаа нийтийн тээврийн салбарт хөнгөн галт тэрэг нэвтрүүлэхэд дэд бүтэц чухал.  Одоогоор энэхүү дэд бүтэц цаасан дээр л бууснаас цаашгүй төслийн шатанд л буй.

Тэрхүү төслөөр Долоон буудлаас Чингисийн өргөн чөлөөгөөр уруудаж, Энхтайваны гүүр даваад Буянт-Ухаа хүртэл 30 км орчим хөнгөн галт тэрэг буюу LRT явахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц байгуулах асуудал түүхийгээрээ байгаа юм.

Ийм байтал Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хөнгөн галт тэрэг худалдаж авах тухай яриаг өмнөд хөршид өрнүүлсэн нь сонгуулийн шоу байхвий гэдэг хардлага ч дагуулж буй. Учир нь, эрх баригчдын хувьд ажил хийх хугацаа маш богино үлдсэн. Ердөө нэг жилийн хугацаа үлдсэн гэж хэлж болно. Энэ хугацаанд яаж ч чардайгаад V цахилгаан станцыг барьж чадахгүй, харин зориг гаргаад зүтгэвэл ТЭЗҮ-ийг боловсруулж болно.

Түүнтэй адил LRT төсөл хэрэгжүүлэх цаг хугацаа ч үнэндээ үлдээгүй.

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өмнө нь энэхүү төслийн талаар “Манай хотод явах хөнгөн галт тэргийг 5-10 жилийн настай битгий байгаасай гэж бодож байна. Яагаад гэвэл бидний үр хүүхдүүд амьдарна. Тийм учраас дор хаяж 70-100 жил явах чанартай хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх бодолтой ажиллаж байна. Шийдлээ гаргачихвал 24 сарын хугацаанд барих боломжтой юм билээ” гэдэг тооцооллыг хэлж байсан ч цаг хугацааны хувьд амжихааргүй болсон нь эндээс харагдана.

Ер нь үе, үеийн хотын удирдлагууд нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор үлгэр шиг зүйлүүд их ярьдаг. Тухайлбал, 2008 онд л Улаанбаатар хотод метро барих асуудал хөндөгдсөн. Энэ үлгэр Ардчилсан нам Засаг барьсан он жилүүдэд эргэн “амилсан” ч иргэд дэмжээгүй. Гэхдээ одоогийн хотын удирдлагад метротой болох мөрөөдөл байгаа ч түүнээс урьтаж,   LRT төслийг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн удаатай ч эрчим хүчний эх үүсвэргүйгээс бас л үлгэр болох нь тодорхой болж байна.

Энэ үлгэрийн өмнө Шадар сайд С.Амарсайхан Улаанбаатар хотыг удирдаж байхдаа түгжрэлийг шийдэхийн тулд агаарын дүүжин тээвэр хөгжүүлэх амлалт өгч, нэгж байгуулсан ч УИХ-ын сонгуульд өрсөлдсөнөөр энэ ажил зогссон.

Уг нь бол  ТЭЗҮ нь боловсруулагдаж, Засгийн газрын хуралдаанаар дэмжлэг авсан энэхүү төсөлд туссанаар 2021 оны зургадугаар сараас дүүжин тээвэр ашиглалтад орох байв. Ингэхдээ Баянхошуу, Ханын материал, 3,4  дүгээр хороолол чиглэлд дүүжин тээвэр ашиглах дэд бүтэц ашиглалтад орохоор төлөвлөгдсөн  юм. Гэвч өнөөдөр бас л хэрэгжээгүй нэгэн төсөл болж, хэл ам дагуулж буй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж