Архангай аймгийн Засаг даргаар Б.Цэрэннадмид томилогдож, өчигдрөөс /2023.02.15/ ажлаа хүлээн авчээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамжаа гаргаснаар тэрбээр ажлаа хүлээн авсан юм байна.
Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан М.Батжаргал нь Ашигт малтмалын тухай хууль зөрчиж, тусгай зөвшөөрлийг нэр бүхий компанид олгон, дураараа авирласан үндэслэлээр өнгөрсөн оны аравдугаар сард аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь огцруулсан. Улмаар тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, В.Мөнхбатыг Архангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайд захирамжаа гаргаснаар арваннэгдүгээр сард ажлаа хүлээн авч байсан ч бас л чөлөөлөгджээ.
Архангай аймгийн Засаг даргаар томилогдсон Б.Цэрэннадмид нь аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч төдийгүй өмнө нь аймгийнхаа Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан аж.
Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ сарын 9-нд хуралдаж, Б.Цэрэннадмидыг нийт төлөөлөгчдийн 51.28 хувийн саналаар дэмжин, Архангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн, Ерөнхий сайдад уламжилсан байжээ.
Г.ХОРОЛ