ХААН Банк харилцагчдадаа хүргэх банкны үйлчилгээгээ жилээс жилд сайжруулан, харилцагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, түүний дотор гомдлын менежментийн тогтолцоог сайжруулах, харилцагч төвтэй банкны үйлчилгээ үзүүлэхээр алхам тутамдаа зорьж ажилладаг. Харилцагч төвтэй байх үндсэн зорилтын хүрээнд бид Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Чанарын менежмент-Байгууллагад гомдол шийдвэрлэх удирдамж ISO 10002:2018 олон улсын стандартын гэрчилгээгээ өнөөдөр гардан авлаа.
“Чанарын менежментийн тогтолцоо шаардлага”, “Чанарын менежмент – Байгууллагад гомдол шийдвэрлэх удирдамж” олон улсын стандартуудыг зэрэг нэвтрүүлснээр ХААН Банк нь үйл ажиллагаандаа нэгдсэн цогц менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх боломжтойгоос гадна харилцагчид хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг тогтмол сайжруулж, олон улсын түвшинд нийцүүлэн ажиллах юм. Мөн түүнчлэн, бид харилцагчдын дуу хоолойг сонсож, санал хүсэлт, гомдлыг шуурхай шийдвэрлэн харилцагчийн сэтгэл ханамжийг өндөр байлгахад тогтмол анхаарч, бүтээгдэхүүн үйлчилгээндээ хяналт тавихад чухал ач холбогдолтой.
Энэхүү олон улсын ISO стандартуудыг хангахын тулд сүүлийн хоёр жилийн турш ХААН Банк бүхий л үйл ажиллагаандаа тогтмол сайжруулалт хийж, 2022 оноос тогтвортой хөгжлийн чиг үүрэг бүхий функцийг бий болгож, нийгэмд үйлчлэх, нийгмийн хариуцлагаа ухамсарлах олон чиглэлд төсөл хөтөлбөрүүдийг төлөвлөн, хэрэгжүүлэн ирсний нэг нь ISO 9001, 10002 менежментийн тогтолцоо юм. Олон улсын сургалт, баталгаажуулалтын МонСертф ХХК-аас ХААН Банкны харилцагчийн үйлчилгээний үйл ажиллагаанд аудит хийж, тохирлын үнэлгээ, хяналт шинжилгээгээр ISO 9001:2015, ISO 10002:2018 олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан тул ийнхүү баталгаажуулалтын гэрчилгээ олгоод буй.
ХААН Банк Цамхагт болсон тус арга хэмжээний үеэр ISO 9001 & ISO 10002 менежментийн тогтолцооны дотоод аудиторын сургалтад хамрагдан, мэргэжлийн шалгалтаа амжилттай өгсөн ХААН Банкны 29 ажилтан гэрчилгээгээ мөн гардан авсан юм.
ХААН Банк “Харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэнэ” гэж эрхэм зорилгодоо тусгасны дагуу цаашид ч үйлчилгээний чанар, харилцагчийн сэтгэл ханамжийг өндөр байлгахад онцгой анхааран ажиллах болно.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Холбоотой мэдээ